Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

2020-09-21 Ерөнхийлөгч

Баян-Өлгий аймагт өчигдөр ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тодруулбал, тус суманд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 200 метр гүүр бүхий 18.8 км урттай, аймгийн төвийг тойрсон хатуу хучилттай замын барилгын ажил, мөн үерийн хамгаалалтын байгууламжийн барилгын ажил өрнөж буй юм.

Авто замын ажлыг гурван компани хуваан гүйцэтгэж, ажлын явц 50 хувьтай байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Авто замыг 2022 онд хүлээлгэн өгнө.

Харин үерийн хамгаалалтын байгууламжийн гол хэсгийн ажлын явц 83 хувьтай байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016, 2018 онд үер бууж, их хэмжээний хохирол амсаж байсан. Иймээс тухайн суурьшлын нутаг дэвсгэрийг үерийн аюулаас хамгаалах үүднээс үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих зайлшгүй шаардлагатай болсон байна.

Иймээс 2018 онд ажлын зургийг хийлгэж, нийт 3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилгын ажлын гол хэсгийн ажлыг эхлүүлжээ. Тухайн хэсэг нь аймгийн урд хэсэгт оршдог үйлдвэрийн бүс, Бөхөн уулын бэлээс үерийн усыг цуглуулж, Ховд гол руу цутгах үүрэгтэй, ил, далд сувгууд бүхий байгууламж байх юм.

Мөн түүнчлэн 2020-2021 онд 12.3 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2.5 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.