Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна гэв.
Тэрбээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье” хэмээн онцолж хэлсэн юм.
Мөн тэрбээр “УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. “Covid 19”-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон. Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин ирэх сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна” гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархаагүй гурван улс байна. Үүнээс Монгол Улс хүн амын дунд Covid-19 алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо. “Covid-19″ийн шинжилгээг Зооноз өвчин судлал, ХӨСҮТ, Дархан-Уул аймагт хийж байгаа бол цаашид ЭХЭМҮТ, Ховд аймаг зэрэг зургаан газарт хийх боломжтой. Нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна. Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах хүсэлтэй байна. Эдгээр зүйлийг бэлдсэн тохиолдол бид хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархахад бид эрсдэл багатай даван туулах боломжтой” хэмээн хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс