Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.
Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм.
ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.
Ташрамд дурдахад, ОХУ-ын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог байна. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.