Гуравхан сарын дараа парламентын сонгууль болно. Том намуудаас эхлээд “бяцхан жараахайнууд” хүртэл хэл хөлд зэрэг орж, түмэн зүйлийн арга сүвэгчилж сууна. Харин энэ зуур хэдэн жил төр зайдалсан луухгарууд өөрөө дийлэхгүй бол эрх “бацаануудаа” зүтгүүлэхээр зүсэн бүрээр үзэж дарж байна. Попрохоос өөрөөр танигдаагүй эрээвэр хураавар хэдэн “гар” бултаараа нийлж, ирэх сунгааг амлан авч, тамлан зовоохоо мэдэгдлээ. Аан мөрөөдөл нь их томоо, том. Олон ч сайхан зүйлийг ам цагаан цаасан дээр дурайлгасан байна лээ. Гэхдээ төрийг удмаараа шахуу зайдалсан “ах” нараа дийлэх нь юу л бол. Тэд бүр улс төрийн 11-н нам, 109 төрийн бус байгууллага, 26-н мэргэжлийн байгууллагын холбоо, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэнийг хамж “ШИНЭ ЭВСЭЛ” гээчийг байгуулсан тодорхойлттой юм билээ. Үнэндээ гишүүд, дэмжигчдийн тоо нь үнэнд хэр нийцэж буй юм бол. Ямартай ч мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Тэд энэ удаад түүхэнд байгаагүйгээрээ бөөнөөрөө эвсэж, төрийн эрхэнд эзэн суух чин хүсэлтэй байна. Бүр гуравдагч хүчнээр төрийн эргэлт хийж, парламентад бүлэг байгуулах төдийхнөөр хязгаарлагдахгүй хэмээн том дуугарч байх юм. Ер нь улс төрийн 10-аад нам дагуулуудтайгаа ингэж сүргээрээ сонгуульдаж байсан түүх юусан билээ.
Тэгэхээр эвслийн тэргүүн эгнээнд Шударга иргэдийн эвсэл /ШИНЭ/нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Эх орон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч гээд эл цуваа эргээ хальжээ. Ёстой л үхрийн бөөр шиг өвдөл сөвдөл “хүн сүрэг” ирэх сунгааг онилж сууна. Харин тэдний хамаг бүдүүн дарга нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан гэнэ лээ. Тэгэхээр Ж.Батзандан гэж хэнсэн билээ. Түүний өөрийгөө тодотгохоор дөвийлгөдөг гол дүр нь МАНАН дэглэмийн эсрэг тэмцэгч, С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг “илрүүлэгч”, Оюутолгойг “аврагч”, Эрдэнэтийн 49 хувийг “хамгаалагч” юм. Гэхдээ эдгээр хүмүүнлэгийн ажил бол зөвхөн киноны кадр шиг урсан өнгөрсөн зүгээр л нэгэн дүр. Харин тэрхүү дүрийн цаана нуугдах Ж.Батзандангийн үнэн төрх?
Ямартай ч түүний улс төрийн гараа О.Магнай болон Иргэний нийгмийн хөдөлгөөний ордон гороолж эхэлсэн түүхээс улбаатай. Энэ үйл явдал 2008 оны парламентын сонгуулийн нэр дэвшсэн жилийнх нь таван хүний алтан амь шороонд булшлагдсан тэр өдрүүдээс эхлэлтэй гэхэд хилсдэхгүй биз. Ингэж л нэг еэвэнгийн хоёр тал шиг нөхдийг ард түмэн зүсэлсэн. Харин тэрхүү “хар өдөр”-өөс хойш эл хоёр нөхөр аавын хаалга татаж, нэлээд үйлээ үзсэнийг санаж байна. Гэхдээ улс төрийн нэгэн том намын хаяа түшиж, амь гарсан байдаг. Тэгэхдээ бүр нэг нь саарал ордны босго давж, нөгөөх нь намын удирдах албан тушаалд хүрснээр нэгэн аравныг үджээ. Энэ мэтчилэн түүний улс төрийн зам дардан байсангүй, бас зөв замаар ч үргэлж замнасангүй…
Түүнчлэн эл эвсэлд МҮАН нэлээд үүрэгтэй ажиллаж буйг улс төрийн хүрээнийхэн ажиглаж байгаа. Үнэндээ тус намын гол кадрууд нь М.Энхсайхан, Н.Батцэрэг, М.Сономпил нар байсан. Гэхдээ 2012-2016 оны сонгуульд тус намынхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хөлд босон суун байж, “Шударга ёс” эвсэл гээчийг байгуулан ганц, хоёр лидр гэгч нь парламентад суусан ч АН-ын бүлэгт хадаг сүү, мөнгөн аягатай угтуулан хаяагаа хадарсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтооно хэмээн амласан МАХН, МҮАН-ын гишүүд тухайн парламентад хамгийн шударга бус зүйлийг хийсэн. Төрийн ажилд дандаа гацаа тээг тавьж, ганцхан хүний дохиогоор улсын ажлыг хойш нь татдаг байв. Бие даагч гишүүдийн хувьд ч зүгээр суугаагүй. Хуулийн төслөөр шантааж хийж, худлаа үнэн мушгиж гуйвуулсаар тэд кнопоороо “биеэ үнэлдэг” байсныг хэн ч мэднэ. Ийнхүү энэ бүхний эцэст дахиад л улс төрд гуравдагч хүчний орон зай эзгүйрч гоё нэртэй “Шударга ёс” эвсэл бүтцээ задалж, сул гишүүдтэй болсон түүхтэй. Гэхдээ дээр нэр дурьдсан гурван эрхэм өнөөдөр МҮАН-д байхгүй. Зарим нь ч бүр аавын хаалга татаж, хууль хяналтын байгууллагаар гүйдэлтэй болсон. Харин намын боловсон хүчин нэлээд залуужсан харагдсан.
Ер нь тэгээд өнгөрөгч түүхийг сөхвөөс гуравдагч хүчний орон зайг бүрдүүлэх учиртай намууд нь төрийн ажилд тээг садаа болж, шантаажаар албан тушаалд очихыг харин ч нэг яруу тодоор харуулсан. Ийм улс төр, ичгүүргүй урвалтыг хангалттай үзсэн, Монголын ард түмэн. Тэгэхээр гуравдагч хүчинд гар бие зүтгэсэн нөхөд цагийн хувирлаар улс төрийн өөрт ашигтай хувилбараа хөөдөг гаж үзэгдэл өнгөрсөнд байсныг санаж, сөрөг хүчинтэй парламент хөрсөнд бууддагийг бодолцох хэрэгтэй л болов уу…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.