С.Ганбаатар МАХН-ыг дэмжин ажиллана гэв

2017-05-1 Нам хөдөлгөөний амьдрал

Хэвлэлийн бага хурал

Эх орончдын нэгдсэн эвслээс өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү хуралд Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүн, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Хамаг монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүлэгч Т.Баярхүү, С.Ганбаатар нар байлцсан юм.

Шаардлагад дараах зүйлийг дурджээ.

Үндэсний бахархал Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хулгайн арга, хуйвалдааны замаар ард түмний мэдлээс булааж, Монгол Улс, үндэсний гэх компанийн нэрээр гул барьж, хууль зөрчин худалдан авсан. Харин УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тогтоол гаргаж, шударга ёсыг сэргээн тогтоосон. Гэтэл МАНАН бүлэглэл энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хуульчлагдсан хулгайч мэт хандаж, байгааг хараад “хаан” ард түмний чинь тэвчээр алдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч танаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй худалдан авсан гэх этгээдүүдийг нэн даруй хууль, хяналтын байгууллагаар алагчлалгүй шалгуулж, төр засаг ард түмнийг хуйвалдагсдын дарамтаас салгаж, Үндсэн хууль зөрчсөн М.Батзориг шүүгчийг бүрэн эрхийнхээ дагуу огцруулахыг шаардаж байгаагаа дурджээ.

Эл үеэр Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүлэгч С.Ганбаатар “Монголын төр барьцаалагдсан төр болчихлоо. ОУВС-аас гарсан шийдвэрийн хариуг харахад Монгол Улс Рио-Тинтогийн улс болж хувирсан байна. 13 жилийн хугацаа өнгөрч. Энэ янзаараа дуугүй байх юм бол үр хүүхэд маань элгээрээ хэвтэх байх даа. Та бүхэн гадаадын хөрөнгө оруулж байгаа компаниудын баялаг өсөж байгааг харж байна. Валютын урсгалыг монголдоо урсгах ёстой гэсэн зөвлөмжийг өгөх ёстой. Тэд ажлаа хийж чадаж байна. ОУВС ямар болсныг та бүхэн харлаа. Одоо дараагийн хууль тогтоомжоо Валютын сангаас асууж байгаад их хуралд оруулж ирэх болжээ. Ийм л гунигтай байдалтай байна. Оюутолгойгоор орж ирж байгаа мөнгийг Монгол авья гээгүй зүгээр дайруулаад, үнэрлээд үзье гэж байгаа юм. Бусад оронд ийм мэдээлэл өгсөн бол ард түмэн нь хэдийнэ босоод ирсэн. Бид үнэхээр дөжирсөн байна” хэмээн онцлов.

Дашрамд дуулгахад, тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намыг дэмжин ажиллана гэдгээ албан ёсоор зарлав.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.