Гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

2020-01-24 Засгийн газар

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдлаа. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах санал оруулжээ.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байгаа үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан. ЭМЯ тодорхой дөрвөн санал оруулж байна.

Нэгдүгээрт, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох,

Хоёрдугаарт, Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх,

Гуравдугаарт, БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах,

Дөрөв дэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах болсон. Тэр нь хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад хөрш орондоо мэдэгдэж, шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тийм учраас хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэжээ.

Ингээд Улсын Онцгой комиссоос ирэх даваа гаригаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Ингэхдээ сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр өмчийн хэлбэр үл харгалзахгүй ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт хамаарах бөгөөд МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй, хэвийн үргэлжлэх юм байна. Мөн урт хугацаагаар ерөнхий боловсролын сургуулийн хичээл завсарлах тул онлайн сургалт явуулах саналыг Улсын Онцгой комиссын гишүүд гаргасан байна. Энэхүү шийдвэрийг сургуулийн өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг дагаж мөрдөх юм байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.