Р.Амаржаргал тоглохгүй, бас гал унтраахгүй

2017-05-1 Нийтлэл

Тэр Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, бэлтгэл ахмад. Монгол Улсын толгой эдийн засагчдын нэг. Тулхтай,  жудагтай, эр. Монголчууд ардчилсан нийгмийг цогцлоосноос хойш улс төрийн тавцанд гарч ирсэн цөөхөн нэр цэвэр улстөрчдийн нэг. Түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж магадгүй гэх таамаглалыг сэтгүүлч, улс төр судлаачид хэлж байсан ч намынх нь нөхдүүд тойргийн гадна үлдээв бололтой. АН-ын дарга С.Эрдэнэ, З.Энхболд нар тохиролцож, “Шонхор”-д ойр байсан МоАХ-ын  Х.Баттулгыг сонгуульд сойхооор болж гэнэ. Уг нь Р.Амаржаргал ирэх сонгуульд нэр дэвшсэн бол хүчтэй өрсөлдөгч байхаас гадна сонгуульд ялах магадлал нь АН-аас нэр дэвшихээр яригдаж буй бусад нөхдөөс хамгийн өндөр нь байв. Р.Амаржаргал ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож Шинэ Дэвшлийн Холбоо, Үндэсний Дэвшлийн Намыг үүсгэн байгуулж байсан.

Нэг хувь хүнд  жудагтай гэх олон жишээ бий. 1998 онд түүнийг Ерөнхий сайдаар томилохоор УИХ-ын гишүүдийн дунд санал хураахад өөрөө өөрийнхөө төлөө санал өгөхгүй хэмээн татгалзаж байсан. Санал хураалт нь 50:50 хувь болж тэнцэж, УИХ-аас дэмжлэг авч чадаагүй юм. Албан тушаалд очихгүй бол амиа хорлохоос наагуур болдог өнөө цагт улс төрд үлгэр болохуйц загвар.

2004 оны УИХ-ын сонгуульд МҮАН Б.Эрдэнэбатын Эх орон намтай эвсэх болсон учир өөрийнх нь түүнд намаас нь тойрог өгсөнгүй. Тэр  ч байтугай бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал болон Д.Одхүү, Я.Санжмятав нарыг “Намын шийдвэрийг үл хүндэтгэсэн” гэх шалтгаанаар намаас нь хөөж байв. Хөөгдөж туугдан намаас гарсан ч уригдаж, залагдан намдаа ирэх хувь байжээ. Сонгуулийн үр дүн хоржоонтой гарч, Эх орон-Ардчилал эвслээс 35 суудал авсан нь өрсөлдөгч МАХН-аас хоёр суудлаар цөөн байв. Ойролцоо санал авсан намууд бие даагч нарыг өөрсөддөө татах гэж чармайж байсныг түүхийн шарласан хуудас гэрчилнэ. Р.Амаржаргал тэгэхэд хэнд ч гомдоллоогүй юм. Улс төр дэх амьдрал егөөтэй. Тэр хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болох шахаж билээ. 2014 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Р.Амаржаргалыг  Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжиж байсан удаатай. Бүлгийн хуралдаанд оролцсон 27 гишүүн 100 хувь дэмжиж Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. Гэвч энэхүү хуралдаанд ороогүй “Алтангадас” фракцынхан тэрхүү тохиролцоог унагаж орхисон. Н.Алтанхуяг “Ардын намтай хамтрахгүй, Р.Амаржаргалыг сайд болгохгүй” хэмээн амандаа хүрсэн нь тэр юм гэнэ билээ.

Удаад нь Р.Амаржаргал  УИХ-ын гишүүний бүрэн эрхээс  өөрөө татгалзахаар өргөдөл өгсөн удаатай. Тэр АН-ын Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхээс гадна чадварлаг парламентийг бий болгож ячадаагүйн төлөө хариуцлага хүлээх ёстойг учирласан юм.  “…өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, тэдний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх. Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ” хэмээн тайлбарласан.

Гэвч түүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явагдах, нэг суудлаа алдах эрсдэл бодитойгоор нүүрлэсэн учир УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг тавьж явуулаагүй юм.  Харин Р.Амаржаргал өөрийнх нь асуудлыг хэлэлцсэн тэрхүү чуулганы хуралдаанаас хойш шаргал ордонд харагдах нь эрс цөөрсөн.

Тэр цаг үргэлж ганцаарчилсан тоглолт хийх бөгөөд тэр бүр ил гарах гэж зүтгэдэггүй өвөрмөц онцлогтой. Түүнийгээ “Гал гарчээ гэж бодъё. Тэр галыг очоод унтрааж байгаа нөхөр үр дүнд нь шууд баатар болдог. Гэхдээ бас нэг асуудал бий. Гал гаргуулаагүй байж болно шүү дээ. Гэтэл тэр хүнийг бол хэн ч мэдэхгүй. Хэзээ ч сонины тэргүүн нүүрэнд гарахгүй, баатар болохгүй. Би өөрийгөө гал гаргуулахгүйн төлөө ажилладаг хүн  гэж боддог юм ш дээ. Ерэн оноос хойш явж ирсэн өөрийн замнал, баримталж ирсэн зарчим, хийж явсан ажлуудаа нэгтгээд бодоход би ийм чиглэлийн л хүн” хэмээжээ.

АН-ыг тэргүүлж ирсэн хэсэг нөхөд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоос сонгуулийн өмнө тэд дотоод зөрчил, албан тушаалын төлөөх өрсөлдөөнөөс үүдэн бие биенээ хэмэлсээр сулруулсан. Өдгөө ч тус намын лидерүүд АН-ын нэр хүнд унасныг өөрөөс нь бус өөр бусдаас болсон хэмээн итгэсээр, ярьсаар явна. Фракци, бүлэглэлүүдийнх нь дотоод зөрчил тэднийг өнгөрсөн сонгуульд унагасан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэд өөр хоорондоо дайтаж магадгүй. АН-аас нэр дэвших хүсэлтэй, түүнийгээ ил, далд хэлсэн 10 орчим хүн байна. Тэр болгоны ард байх бүлэглэлүүдийн дунд чимээгүй дажин өрнөж байна. Ассан, омгогдсон “Би л биш бол бусад нь ч биш” хэмээн шаралхсан, хөөрсөн АН-ын лидерүүд дайны гал асаана. Р.Амаржаргал харин “тоглоомын дүрмээ хүндэтгэнэ” хэмээн тулааны талбараас чимээгүйхэн цааш одох л болов уу. Нэгэнт дүрэлзсэн галыг унтраах нь түүний ажил биш.

С.Болд

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.