Монгол Улсыг үеийн үед хоосон хонуулж, гэдэс алдуулахгүй тэжээсээр ирсэн Эрдэнэт үйлдвэрийг эрх мэдэлтнүүд тал талаас нь ил далд хэмэлж, мэрсээр өдийг хүрсэн. Тиймдээ ч тус үйлдвэрийг тойрсон хэл ам олон жилийн турш үргэлжилж, өнөөдөр ч нийгмийн халуун сэдэв байсаар. Ер нь л энэ асуудалд төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд шилээ даран холбогдсоор ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу.
Өнөөдрийн байдлаар гэхэд л, Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая ам.долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгаж эхлээд байна. Энэхүү олон жилийн “ужиг” хэрэгт холбоотой олон хүний нэр дуулдаж байгаа ч хууль хяналтынхан эхнээс нь асуудлын учгийг хөвөж, тэдний заримыг баривчилж эхэллээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн Хар хочит Отгоо нарыг баривчилж Хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Тэгэхээр “Азаргын голт чонот” гэгч ямар компани болох талаар цухасхан дурдахад, 5097517 регистрийн дугаартай “Азаргын гол чонот” компани Булган аймгийн Тэшиг сумын нутаг Азаргын голд MV-013927, XV-012443, XV-013926, XV-013490 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан нөгөө алдарт газар шүү дээ. Уг тусгай зөвшөөрлүүдийн талбай нь манай улсын ЗХУ-тай хиллэдэг хилийн зурваст, хилийн дөрөвдүгээр заставтай хаяа хатган, 527 дугаар баганаас ганц, хоёрхон км-ийн зайд оршдог юм билээ. Гэвч тус компани энэхүү онцгой бүсэд чухам л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн нутгийн болон холбогдох албан газруудын хараалыг нэг барсан даа. Учир нь тус компани 2007 оноос эхлэн энэ онцгой байршилтай алтны шороон ордод олборлолт хийж эхэлсэн байдаг.
Ингэхдээ Азаргын голын урсацыг боож хаах, голдрилыг нь өөрчлөх, голын усанд алтаа угаах, ой модыг сүйтгэх зэргээр байгаль эхэд онц хэрцгийгээр хандсан гэж нутгийнхан ярьдаг. Хүрээлэн буй орчинд хүнлэг бусаар хандахаас гадна хайгуулын тусгай зөвшөөрлөөр олборлолт хийсэн нь хуулийн ноцтой зөрчил болсныг салбарынхан дуу алдан ярьсаар л. Тэгээд 2012 онд уг компанийн эзэмшиж байсан дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг. Гэвч өдгөө ч эл асуудалтай холбоотой хэл ам тус компанид хаяглагдсаар л байдаг билээ.
Харин Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг эргэн сөхөхөд, одоо эл асуудлын жинхэнэ үнэн мөнийг олоход сайн, муу аль ч өнцгөөсөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлэх үг, хийх үйлдэл туйлын чухал биш гэж үү. Тэрбээр хаана, ямар юмаа хийгээд яваа бол. Юутай ч зарим эх сурвалжийн хэлснээр тэрбээр хилийн дээс алхсан гэх чимээ дуулдаж буй юм. Түүнчлэн өнгөрөгч баасан гаригт бас л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэгэн цагт шатарлаж явсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит ихт” компанийн Эрдэнэтийн хашаанд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг зэс олборлох үйлдвэр болон “ХААН банк таур”-т байрладаг оффист нь ч нэгжлэг явуулсан мэдээтэй. Энэхүү мэдээллийг албан эх сурвалжууд үгүйсгээгүй бөгөөд хэрэг бүртгэлт дөнгөж эхэлж буй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Тэгэхээр эл хэргийн учгийг хөөхөд яах аргагүй нэг л хүн дутуу байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.