АТГ-аас битүүмжилсэн “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүгийн 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий 185 эд хөрөнгийн мэдээллийг нууцаас гаргаж байгаа талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй юм. Дээрх асуудлын улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банкинд 40 сая ам.долларын өр төлсөн. Уг хохирлыг эгүүлэн төлүүлэх зорилгоор Ш.Батхүүгийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Жаст групп” компанийн эзэмшлийн бүх шатахуун түгээх станц хэвийн ажиллаж байгаа. Гэвч Ш.Батхүү мөнгөгүй гэсэн шалтгаанаар хохирлыг барагдуулахгүй байгаа юм. Улмаар шүүхэд хандаж, цаг авах замаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар санаархаж байна хэмээн Засгийн газар хардаж байна. Тиймээс ЗГХЭГ-аас АТГ-т албан бичиг хүргүүлж, битүүмжилсэн эд хөрөнгийн мэдээллийн ил тод болгож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хохирлыг барагдуулах ажлын баг томилж байгаа. Ажлын баг Эрүүгийн цагдаагийн газар, прокурор, шүүхэд хандах болно” хэмээв.
Мөн Монгол Улсад Хөгжлийн банк, ХХААХҮЯ-ны харъяа сангаас их хэмжээний зээл аваад түүнийгээ төлдөггүй иргэн, аж ахуйн нэгж олон байгааг дурдаад, “Авсан зээлийнээ 10-15 хувийг авлигад өгч, улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг бүлэг хүмүүс бий. УИХ-аас 2015 онд баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 8794 иргэн, 25 мянган аж ахуйн нэгж 33.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг ил болгосон. Мөн зарим арилжааны банкуудын хөрөнгө өссөн байна. Энэ бүхнийг Мөнгө угаах, тероризмтой тэмцэх байгууллагаас эхлээд олон улсын байгууллагууд мөнгө угаах гэмт хэрэг хэмээн үзэх хандлагатай болж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.