“Асаж яваа дээрээ ахиухан дүрэлз, унтарсан хойноо утаа май битгий тавиад бай” гэж нэрт зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай нэгэн цагт хэлсэн байдаг. Энэ их учиртай үг. Ялангуяа, төр засгийн өндөр албан тушаалд нэгэн цагт морилж байсан эрхмүүдэд нэн хамаатай үг санж. Урьд цагийн төрийн жинхэнэ хар хүн ховордсон, албан тушаалаа эзний ёсоор хүлээлгэн өгч чаддаггүй хармын сэтгэл тээсэн хар толгойтнуудад хаягламаар үг бус уу. Энэ цагт төрийн өндөр албан тушаалаас буугаад хийж бүтээснээрээ түмэндээ хүндлэгдэж, гавьяагаа эдэлдэг нь цөөхөн болж. Эргэж буцсан, элдэвлэж нэгнийгээ зуусан Төрийн тэргүүнүүд дэлхийн шившиг болж байна. Үе үеийн монгол төрийн тэргүүнүүд хоорондоо нохой шиг хэмлэлдэж, хөлөө гозолзуулаад шоронгийн хаалга татаж, өлсгөлөн хүртэл зарлан байж ялаас мултарсан хар түүхтэй. Гэтэл дахин нэг Ерөнхийлөгч асан хуулийн байгууллагын хяналтанд оржээ. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Наана, цаанаа нарийн учиг явдал бий.
Нэгэн цагт Монгол Улсын төрийн хойморт заларч суусан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийнх нь хэлснээр гутлаа тослоод, зангиагаа зүүгээд хуулийн өмнө очиход бэлэн болжээ. Монгол Улсын түүхэнд тэр дундаа ардчиллын шар хуудсанд дахин нэгэн төрийн тэргүүн “аавын гэрт” хоноглож явсан баримт үлдэх нигуртай болчихлоо. Учир гэвээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн байдаг. Улмаар прокурорын байгууллагаас уг бичиг баримтыг АТГ-т хүргүүлсэнээр тус газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгахаар холбогдох газраас төлөвлөж буй мэдээтэй. Ямартай ч учир явдал цааш хэрхэн хөврөхийг харж суух л үлдлээ…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.