Сангуудыг нэгтгэх нэрийдлээр ЖДҮ “хумслагчид” замхрах вий дээ

2019-03-6 Нийтлэл

Сангийн сайд сүүлийн үед Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийж, долоог нь хаах талаар ярих болов. Мэдээж түмэн олонд тэр бүр тус дэм болоод байдаггүй зарим санг татан буулгаж, төсөвт зай болох нь хамгийн зөв шийдэл. Тэгээд ч эдгээр сангаас мэдээлэлтэй ойр нэгэн нь мөнгө хумслах, зориулалтын дагуу ашиглахгүй зэрэг олон зөрчил илэрсэн талаар холбогдох албаныхан тодруулсаар байна. Тухайлбал, хаагдаж байгаа сангуудаас үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ зардал гарч байжээ. Гарсан зардал нь албан тушаалтны томилолтын зардалд л нэмэр болдог байсан гэх. Үнэхээр албан тушаалтнуудад хууль бусаар хөрөнгө босгох боломж олгодог байсан энэхүү нэр бүхий долоон санг татан буулгах зөв гэдэг нь бүгдэд ойлгомжтой.

Харин салбарын сайдуудын ам уралдан ярьж буй гурван санг нэгтгэх асуудал олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тодруулбал, ЖДҮ болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах сан (МХС)-ыг нэгтгэх аж. Эдгээр сан нь хамгийн их зээл олгодог нь л доо.

Цагаан захтнуудаас эхлээд мөнгө угаадаг хэрэгсэл болгодог байсныг өнгөрсөнд бид мэдсэн, харсан. ЖДҮ-ийн сангаас эрх мэдэлтэй албан тушаалтнууд жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад ББСБ-аар оруулан жилийн 40 орчим хувийн хүүтэй иргэдэд зээл болгон мөнгө угаадаг байсан нь илчлэгдсэн гэхэд ч гэмгүй. Одоогийн байдлаар тус сангаас УИХ-ын нэр бүхий 20 гишүүн зээл нэрийдлээр хувь хүртчихээд хээв нэг төр зайдалж сууна. Харин гадны улс орнуудад энэ бол том асуудал болох байлаа. Хамгийн гол нь Монгол Улсын ерөнхий прокуророос баримтад түшиглэн зээл авсан гэгдэх нэр бүхий гишүүдийн асуудлыг парламентаар оруулаад байхад л шалгуулахгүй хоцорж чадаж байна. Тийм учраас л Засгийн газрын тусгай сангуудад бүтцийн өөрчлөлт хийх энэхүү үйл явц нь тус сангуудаас зээл нэртэй “хулгай хийсэн” цагаан захтнуудыг “ял” завшуулах магадалал өндөр харагдаж байгаа юм. Магадгүй бүтцийн өөрчлөлтийн хүрээнд сангуудыг нэгтгэх явцад өр цайрч мэдэх дүр зураг ажиглагдаж буйг учир мэдэх нэгэн нь хэлэх болов. Ингэж хэлж, хардах ч үндэслэл бий. Учир нь нэгтгэхээр хэлэлцэгдэж буй гурван сангийн зөрчил хамгийн их хэмжээтэй байгаа юм билээ. Ямар сайндаа л ЖДҮ-ийн сангаас зээл олгохгүй байгаа мэдээтэй. Харин эргэн төлөлтийг нь Сангийн яам хугацаа хэтэрсэн 100 тэрбум төгрөгийнхөө өрөнд суутган авч байгаа гэв. Тэгэхээр албан тушаалтнуудын балгийг төр дахиад л эмхэлж эхэллээ. Ингэсхийж түмний нүдийг хуурч байгаад улсын хөрөнгөөс “хумслагч” цагаан захтнууд хариуцлагын гадна үлдчих зураглал харагдаад байна.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.