Шинэ хуулийн төслийн хүрээнд шударга татвар төлөгчийг дэмжих бодлого баримталж, хуулийн дагуу татвараа үнэн зөв тайлагнадаг, хугацаанд нь төлдөг хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжин, татвар төлөх зардлыг бууруулна. Мөн татвараас зайлсхийдэг, зугатаадаг, шударга бусаар өрсөлддөг татвар төлөгчидтэй хариуцлага тооцож, хуулийн дагуу хураах татвараа бүрэн хурааж ажиллана гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлдээ дурдлаа.
Татварын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгүүлж байгаа талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд болон байнгын хорооны хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын даргаар захирамжаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдээс ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж тасралтгүй ажилласаар байна. Татварын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61, ААН-ийн орлогын албан татварын хуулийн төслийн талаар 10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслөөр нийт зургаа, хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар 27, УИХ-ын бусад шийдвэртэй холбоотой асуудлаар холбогдуулан нийт 11 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгээд байна.
Харин Татварын багц хуулийн төслийг батлан хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, “Хуулийн төслийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем (ТУНС) нэвтрүүлж, хувь хүнд 11 оронтой дахин давтагдашгүй, татвар төлөгчийн дугаар олгоно. Ингэснээр ХХОАТ-ын цэнхэр дэвтрийг халж цахим системд шилжүүлэхээс гадна гадаадын иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх боломжтой болно. Мөн татварын алба шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сар бүр сургалт, зөвлөгөөг өгнө. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлнэ” гэлээ.
ААН-ийн жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно гэж шинэчилсэн найруулгад тусгажээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ “Сангийн яам татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг судалж үзсэний эцэст хуульдаа өөрчлөлт оруулсан” гэдгийг онцоллоо. Сангийн сайдын танилцуулснаар Татварын гурван хуульд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: НӨАТ-ын тухай, Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хууль Татварын хуультай уялдах байсан ч энэ хуулийн төсөл батлагдалгүй удлаа. Манай улсын эдийн засаг 2021 онд одоогийнхоос хоёр дахин сайжирна гэсэн тооцоолол бий. Тиймээс энэ хуулийн төсөл эдийн засгийг сайжрахад татварын орчноо хадгалж чадах уу гэдэг асуудал чухлаар тавигдана. Тухайлбал, НӨАТ-ын урамшуулал сугалааны хүрээнд улсын төсөв 2.2 их наядаар давлаа. Үүнтэй адил жижиг аж ахуй нэгжүүд татварын хялбаршуулсан тайлан өгдөг болох нь чухал. Мөн Хувь, хүний орлогын албан татварын тухай хуулиар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг НӨАТ-ын буцаан олголт шиг хялбар, хурдан өгдөг болгох ёстой. ТУНС үүнд чиглэж байгаа бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улс Төв Азид хамгийн хялбаршуулсан, энгийн, шударга татварын системтэй орон болно.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Татварын багц хуулийн төсөлд тусгасан зүйл, заалтууд өнөөгийн эдийн засгийн орчинд нийцэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж шударгаар татвараа төлдөг бол төрөөс олон боломж олгохоор заасан нь хэрэгжих боломжтой, сайн хуулийн төсөл болсныг харуулж байгаа юм.
Татварын багц хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүд:
Татварын ерөнхий хуулийн төсөлд
– Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана
– Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно
– Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ
– Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана
– Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй
– Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд
– Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна
– Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно
-Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно
– X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө
– Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ
– Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд
– Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө
– Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно
– Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно
– Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ
– Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно
– Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасна
– Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана
– Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.