“Голомт”-ын Д.Баясгалан саатуулагджээ

2019-01-22 Нийтлэл

 

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас дуудаж, байцаалт авсан байна. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн гэнэ. Ийнхүү эдгээр ажиллагааны дараа түүнийг саатуулсан мэдээтэй.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нарын хоорондох дөрвөн сая ам.долларын талаар сайн мэдэх цор ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан хэмээн холбогдох албаныхан үзэж буй бололтой.

Энэхүү хэрэг явдлын талаар тоймлон хүргэвэл Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд дарамтын улмаас дөрвөн сая ам.долларыг дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн гэж мэдэгдсэн. Д.Дорлигжав энэ талаар хоёр сая ам.доллар нь Т.Ганболд, “Голомт” банк, түүний дүү Д.Баатар гурвын хоорондын тооцоо байсан. Харин нөгөө хоёр сая ам.долларыг Т.Ганболдын компаниас андуурч шилжүүлсэн гэх гүйлгээ байсан гэж баримт үзүүлж тайлбарласан. Иймээс энэхүү дөрвөн сая ам.доллар чухам ямар учиртайг хэлэх хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан болж таарсан.

Гэвч тэрбээр энэ асуудлын талаар өнгөрсөн хугацаанд ам нээгээгүй. Түүний байр сууриа илэрхийлсэн ганц тохиолдол нь 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр буюу “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаатай хэвлэлийн бага хурал хийсэн байдаг.

Харин тэрбээр энэхүү хурлаар “Би өнөөдөр энд Бямбаа захирлын хүсэлтээр ирж байгаа. Тэр үед би “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан Дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа.

Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг БИ ХААНАЧ, ХЭЗЭЭ Ч ЗОХИХ ГАЗАР НЬ ХЭЛЭХЭД БЭЛЭН БАЙГАА” гэсэн байдаг.

Харин өдгөө энэхүү хэргийн зангилаа хаана хүрч тайлагдахыг ийнхүү дөрвөн жилийн дараа дахин хууль хяналтынхан сөхөж буй юм.

О.Уянга

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.