УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Хаянхярваа нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг хэлэлцээд 54,8 хувийн саналаар татгалзлаа. Тодруулбал, тус саналыг 33 гишүүн дэмжиж, 40 нь дэмжээгүй юм.
Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барьсны дараа 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг. Энэ хуулийн хугацаа өнөөдрөөр дуусч, асуудлаа ч нэгдсэн чуулган хэлэлцэж амжлаа. УИХ-ын чуулганы үдээс хойш буюу 15.00 цагт эхэлсэн хуралдаанд нийт 73 гишүүн оролцсоноос 53 нь санал хэлсэн юм.
Тухайлбал:
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хэн нэгнийгээ гүтгэн доромжилж байгааг хараад үнэхээр харамсаж байна. Ард түмнийг амар тайван байлгамаар байна. УИХ шүүх байгууллага биш шүү гэдгийг би өмнө нь хэлж байсан. Улсын их хурал бол хууль тогтоох байгууллага. Бизнес, хувь хүний хоорондын харьцаа руу ороод ирэх юм бол бид ямар ч үнэ цэнэгүй болно гэдгийг ч хэлж байсан. Гэтэл энэ байдал руу УИХ орсон. Өөрсдийгөө нэг хардаа. Ард түмнээ нэг харцгаа. Яг юу болчихов. Би нэг л зүйлийг хэлмээр байна.Хэрэв бидэнд төрийг түших ухаан, бие биенийг хүндлэх хүндлэл байхгүй бол бүгдээрээ энэ төрөөс зайлцгаая. Тэгээд тэр яриад байгаа бүлэглэл, шударга ёсоо гэнэ үү түүнийгээ бид наргүйгээр хийг. Энэ танхимд хэн нэгнийгээ гүтгэн доромжилж, гутааж байгааг хараад үнэхээр нүд хорсож байна. Энэ цөөхөн монголчууд ингэж болж байгаа юм уу. Монголын ард түмнийг ингээсэй гэж биднийг сонгоогүй шүү. Хэрвээ энэ УИХ тарах юм бол би тарахын төлөө хамгийн түрүүнд явна. ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан зохион байгуулалттайгаар мөнгө авсан нь үнэн шүү дээ. Үүнийг хаацайлж болохгүй. Төрийн албыг завхруулсан нь үнэн. Төр бизнес рүү орж ирээд чөлөөт зах зээлийг боомилж байгаа нь үнэн. Шударга ёс, хариуцлага гэдэг чинь үнэ цэнэгүй сонсогдоод байна. Ерөнхий сайдын халаасанд огцрох өргөдөл нь бэлэн байгаа юу гэдэгт би итгэмээр байна. М.Энхболд гэдэг хүний халаасанд ард түмнийг амар, амгалан байдлыг хадгалж үлдэхийн тулд огцрох өргөдөл нь бэлэн байгаа болов уу гэдэгт ч итгэхийг хүсч байна. Ард түмний нурууг тайван балгаад өгөөч гэж хүсье.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Улс төр шинжлэх ухаан хоёр шүтэлцээтэй байх ёстой. Гэтэл улс төр нь шинжлэх ухаанаа огт хэрэглэхгүй байна. Цаашид улс төрд зөв хүн орж ирнэ гэдэг нь эргэлзээтэй болох нь. Тиймээс залуучуудыг бэлтгэх ёстой болж байна хэмээн онцлов.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Эх нь эцэж тугал турна гэдэг болоод байна. Шуудайнд хийсэн үхрийн эврүүдээ би маш олон удаа та нарт хэлсэн. Үнэн үг сонсож чаддаггүй. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг явав аа. Энэ заваан зүйлдээ бие даагч намайг хүртэл хутгалаа. Нэг амлалт өгч гарч ирсэн биз дээ та нар. Сонгогдох болохоороо үнсэлдэж үнгэлдээд сүйд болоод байдаг. Энд орж ирэхээрээ юм булаацалдаад байдаг. Монголын төр чинь юу болоод байна аа. Та нар ажлаа хийгээч ээ. Миний хувьд гуравдугаар ээлжийнхнийг хоолломооргүй байна. Түмэн олон маань төр тогтвортой байх ёстой шүү гэж хэлж байна. Манай тойргийг сэрсэн тойрог гэдэг юм. Үлдсэн хугацаанд та бүхний тойргоор явна. Өнөөдөр та нар ямар ирц өндөртэй хуралдаа сууж байна вэ. Хоорондоо эвлэрч энэ төрөө эмхлүүл. Та нарыг хөөж явуулахгүйгээр хариуцлагыг нь үүрүүлнэ. Ард түмэндээ яаж ажилладагаа харуул Ерөнхий сайд аа. Ажлын байр бий болгоод өгөөч ээ. Өрмийг нь хамаад идэлгүйгээр тэр зээлээ иргэддээ өгөөч. Монголын төрөөр битгий тоглоод байгаарай. Энэ насны юм чинь эргээд асар хүндээр бууна шүү. Тиймээс зөв байгаарай.
УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж би гарын үсэг зурсан. Энэ шаардлагуудыг зөв гэж бодож байна. УИХ, Засгийн газар гэдэг хоёр байгууллагын үйл ажиллагааны талаар сүүлийн үед байх ёстой байрандаа байхгүй. Морин тэргээр бол тэрэг нь урдаа гарчихлаа гэдэг шиг үйл явдлууд өрнөлөө. Энэ бүхний буруутан нь УИХ гэдэг ойлголтыг олон түмэнд өгөх үйл явц өрнөж байна. Засгийн газрыг УИХ томилсон. Засгийн газрын үүрэг бол хуулийг хэрэгжүүлж УИХ-ын өмнө хариуцлагаа хүлээлгэх үүрэгтэй. Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг шүү. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь УИХ-ын үйл ажиллагааг цааш явуулах эсэх үгүйг ярина гэж мэдэгдэл хийж байх жишээтэй. УИХ нь улс орны амьдралд бий болоод байгаа хамгийн анхаарал татаж байгаа асуудал болох валютын ханш, шатахууны асуудлыг ярихаар хариуцсан сайд нь орж ирдэггүй. Гэтэл хоёр долоон хоногийн дотор шатахууны үнэ 50-60 төгрөгөөр өслөө. Засгийн газар энэ хариуцдаг ажлаа УИХ-д яагаад тайлагнаж, танилцуулж болдоггүй юм бэ. Энэ мэт байдлаас болоод УИХ-ын нэр хүнд унахад Засгийн газар яах аргагүй холбоотой. УИХ муу байж болно. Гэхдээ харааж болохгүй. Тэр ЖДҮХС-гийн зээлийг би ямар аваачаад дансанд чинь хийчихсэн биш дээ. Шалгах ёстой байгууллагууд нь шалгана. Түүнээс биш би хууль хяналтын байгууллагуудыг шахаж дарамтлаад байдаг хүн биш.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Монголын төр ийм юм үзэх байсан юм байлгүй дээ, маш их харамсаж байна. ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шийдээд танилцуулах биз дээ. Ерөнхийлөгч, УИХ, Засаг гээд институци хоорондын асуудал болоод байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ыг тараах асуудлыг ярьсан. ЖДҮ-гийн асуудал далим боллоо. Хуулийн асуудал эцэслэгдээд ороод ирвэл яг номоор нь хандана шүү би, өмөөрөхгүй. Төрийг харахаар Их сургууль шиг харагдаад байгаа юм. Сургуулийн захирал нь Ерөнхийлөгч. Хамгийн аюултай нь хууль хяналтын байгууллагыг улс төрд оруулж байгаа асуудал руу эргэлт буцалтгүй орлоо доо.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Олон өдөр маргалдлаа. Эрх баригч намын хагаралдаан Монголын зовлон болж байна. Мундаг байсан учраас 65 суудал авсан гэж хэлж байна. Мундагт нь та нарыг сонгоогүй шүү. Хулгай хийхгүй байх гэж л сонгосон. Тухайн үеийн Ардчилсан намын удирдлагуудад итгэл алдарсандаа та нарыг сонгосон юм. Гэтэл бас л сонголтгүй боллоо доо. Хэрэв У.Хүрэлсүх огцорвол дараагийн Ерөнхий сайд нь хэн байх уу гэж бодлоо гэвч хайгаад олсонгүй. Аргагүй эрхэнд У.Хүрэлсүхийг авч үлдэхээс өөр сонголт алга. Энэ хүн МАНАН-ын эсрэг зоригтой дуугарч чадаж байна. Энэ хүнд би баярлаж байгаа. Бизнес эрхлэгчид бизнесээ булаалгахаа больсон гэж ярих болсон нь У.Хүрэлсүхийн үр дүн. Гэхдээ У.Хүрэлсүх төгс хүн биш ээ. Хувьсгалт шинэчлэлтийн үед намаа боддоггүй юм гэхэд эх орноо бодох ёстой. М.Энхболд, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хонгилыг бий болгосныг мэднэ. Монголыг мафийн бүлэглэлээс салгаж өгөөрэй та, Эдийн засгийн том реформ маргаашаас эхэлж байна шүү. Засгаа авч үлдчихээд маргааш тайвширч болохгүй шүү. Наадуул чинь маргааш вино барьчхаад тань дээр орно шүү, бүү итгээрэй. Та гадны улс орны эдийн засгийг судлаарай.
УИХ-ын гишүүн Д.Ганболд
Сантай холбоотын асуудлын хүрээнд нэг л зүйлийг ард түмэнд ойлгуулахыг хүсч байна. Энэ бүхнийг Сангийн яам хянах үүрэгтэй. Хоёр сарын өмнө хянаад ийм байлаа гэж ярих гэхээсээ илүүтэй өдөр тутамдаа хянаж байх ёстой байсан. Зарим гишүүд хэлж байгаагаар Сангийн сайд ажлаа хийгээгүйгээс олон гишүүдээ ЖДҮ-тэй холбож цаашлаад зохион байгуулалттай гэмт хэрэг рүү түлхэж байна гэж байна. Шударга байя гэвэл давхар дээлээсээ салаач ээ. Хэн ч энэ талаар ярихгүй байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн атлаа байгуулж чадаагүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
2016 онд МАН-д ард түмэн 65 суудал өгсөн ч өнөөдөр хоёр хуваагдчихаад хэрэлдээж сууж байна. Тулга тойрсон хэрүүл хийгээд л сууж байна. Цаашид яаж явах вэ. Тиймээс би хэрүүл яримааргүй байна. УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах долоон үндэслэл тавьсан. Үүнээс өөр ярих зүйл бий. Эв нэгдлийн асуудал. Шударга ёсыг тогтооно гэж ярьсан Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ улсынхаа хөгжлийг том зургаар хармаар байна. Бид олон том зорилтууд тавьсан. Энэ бүхэн өнөөдөр ажил хэрэг болж байна уу гэдгээ эргэн хармаар байна. Бид уг нь энэ бодлогын асуудлаа ярьж байх ёстой ч тэгж чадахгүй байна. Хоёрдугаарт, эв нэгдлийн асуудал. Асуудал байвал бид ярилцаад яагаад ярьж болдоггүй юм бэ. Эхний ээлжид бид ярилцах байсан ч эцэстээ хагарал хуваагдал боллоо. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй ээ. Намын дарга эв нэгдлийг хангаж чадахгүй байна. Тийм болохоор Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй гэж бодож байна.
Ийнхүү өнөөдрийн чуулган өндөрлөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим ажлаа үргэлжлүүлэн хийхээр болж байна.
Тэрбээр УИХ-ын чуулганы төгсгөлд “Ажил үйлсийн хувьд нэг жил гэдэг бол багагүй хугацаа. Гарын алганаас өргөс аваад хаясан юм шиг нэг өдөр бүх зүйлийг засаж залруулж чадахгүй. Надад цаг хугацаа хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт шударга ёсыг нийгэмд тогтоож бэхжүүлэх, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлд бүх боломжтой зүйлээ дайчилж байна. Саарч байсан эдийн засгаа хазаарлаж чадлаа. Одоо сэргээхэд анхаарч ажиллана. МАНАН гэх хууль бус пирамид шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө бүх зүйлийг хийнэ. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хэрэв би үлдвэл парламентад сууж байгаа нэлээн хэдэн хүнтэй хариуцлага тооцно. Ёс зүйн болоод хууль зүйн хариуцлага тооцно. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд буруутай гэж бодохгүй байна. Найз нөхөд, хүн чанараа бодоод зурсан байх. Гол нь эх орноо бодьё. Албан тушаалтныг битгий хайрла. Хоёр гурван даргыг албан тушаал дээр байлгах гэж битгий хүс. Нөхөр М.Энхболд дарга та өргөдлөө өг гэж намын даргын хувьд хэлж байна. Үүнийг би үлдсэн ч үлдээгүй ч шаардах болно. Та бол УИХ-ын дарга хийх ёс суртахууны чадамжгүй хүн. Битгийиэнэ олон нөхдийнхөө сэтгэл санааг зовоо. Та олон жил дарга хийж, төрийн тэргүүний сонгуульд өрсөлдлөө. Одоо болоо юм биш үү. Цаашдаа хууль хяналтын байгууллага бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой юм байна. Өнөөдөр төрдөө тангараг өргөсөн хуулийн байгууллагын олон мянган ажилтнууд хууль бус үйлдэл хийдэг болчихсон, эх орондоо өргөсөн тангарагаасаа урвасан хүмүүс байна гэж үзэхгүй байна. Хуулийн байгууллагыг улсын байгууллага болгодог хүмүүс нь улс төрчид. Хуулийн байгууллагынхныг дарамтална, шахна, шаардана, сүрдүүлнэ. Эцэст нь уусгаж авна. Ингээд хуулийн байгууллагынхан өнөөдөр улс төрийн ажил хийдэг болсон. Улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль, шүүхийн байгууллага улс төрийн ажил хийхээ больж ард олныхоо төлөө ажилладаг болох ёстой ” хэмээсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.