УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын хэн нь шударга вэ. 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсоор яваа Спикер үү, эсвэл аман дээрээ хариуцлагын талаар номлох гүйцэтгэх засаглалын тэргүүн үү. Магадгүй үүрээ өөрийн гараар бусниулж буй У.Хүрэлсүх өнөөдрийн түвшинд илүү шударга харагдаж байж мэдэх юм. Түүний үйлдэл бүхэн өнгөлөн далдалт сайтай байдгийнх болов уу. Удирдах зөвлөлийн хурал дээр намын даргын сэнтийнээс УИХ-ын дарга М.Энхболдыг, бүлгийн дарга Д.Хаянхярвааг, хотын дарга Су.Батболдыг ажлаа өгөхийг шаардсанаар түүний эх оронч дүр илүүтэй тодорно. Эрхэм даргын сүүлийн үеийн сценари нь ард түмний нүдээр бол яг л Треза эх шиг гэгээн тунгалаг. Гэвч бодит байдал дээр буюу ялгаатай нь Треза эх энэрэнгүй бол У.Хүрэлсүх эсрэгээрээ. Хамгийн сүүлд гэхэд л, бүлгийн хурал дээр өөрийнх нь өөдөөс том дуугарвал 2020 оны сонгуулийн тойрогтой нь ярина хэмээн сүрдүүлсэн тэрбээр бүлгийн даргаа замаасаа зайлуулчихлаа. Хотын даргыг ч энэ маягаар хөөх төлөвлөгөө боловсруулчихсан. Ямартаа энэ хагас сайн өдөр буюу маргааш С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчид Тэрэлж явахаар тов тогтоов. Албан мэдээллээр бол ирэх оны төсвийг хэлэлцэх гэнэ. Төрийн ажлыг хөдөө хээр очиж, тэр бүү хэл амралт зугаалгын газарт ая тухтай ярина гэхээр чихэнд наалдац муутай. Шулуухан хэлэхэд, хотын даргыг хэрхэн огцруулахаа найрын ширээний ард хэлэлцэн, хэдэн хүнийг урвуулан авах гэсэн төлөвлөгөө мэт. Өнөөх нэг хуруу нэг тэрбум гэдэг шиг.
Өөрийнх нь төлөө хуруугаа худалдсан гишүүдтэй хариуцлага тооцно гэдэг Ухнаагийн хүүгийн хувьд амаргүй. Тиймээс хөшигний наана Треза аавын дүрийг бүтээх гэж зүдэрч байгаа нь тэр. Уг нь хэлж ярьдаг шигээ шударга ёсыг сахиулж, хариуцлага, сахилга батыг тогтоох байсан бол тусгай сангуудаас зээл авсан гишүүдийн хар толгойд сэлэмээ тулгасан бол олон нийт алга таших байлаа. Харамсалтай нь тэр тэднийг хаацайлахын тулд шүдэнз зурж, гэрээ галдав. Ичсэн хүн хүн ална гэгчээр Женкогийн утсан хүүхэлдэй болж байгаагаа ч анзаарах сөхөө алга.
АН-ынхан, тэр дундаа Женко, Зика нарын заавраар хашааны гаднаас чулуу нүүлгэж байсан нь илчлэгдэж шившгээ тарьж байна. Шатахууны үнийг барьж дийлэхгүй нь гэж наашаа харж уйлан, цааш харж инээнгээ ордны гадна автомашинтай жагсаал цуглаан хийлгэж шоудав. Шатахууны үнийн хөөрөгдлийг буулгаж өгөхийг хүссэн өнөөх залуус үнэн хэрэгтээ Төрийн тэргүүн болоод Ерөнхий сайдын утсан хүүхэлдэй нар байсан нь нэгэнт ил боллоо. Уг нь шатахууны үнийн эсрэг гээд эхлэлийг нь тавьчихвал бухимдсан түмэн босоод ирнэ гэж тооцоолж. Гэвч жагсаалын сүр өвлийн эхэн сарын олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүдтэй давхцаж, жагсагчид амрахаар алга болов. Улмаар ЖДҮДС-гийн зээлийн дуулианд мартагдах шахаж байтал гэртээ суусан жагсагчдын төлөөллийг Ерөнхий сайд хүлээн авч уулзав. Жагсаал зохион байгуулагчид ч цахим орчинд баяртайгаар, зураг хөрөгтэйгөө жиргэж “Бид Ерөнхий сайдтай уулзлаа. Ажил амжилттай. Шатахууны үнэ удахгүй бууна. 60 тэрбумын Энхболдыг л нэн даруй огцруулах хэрэгтэй юм байна” хэмээн олны доог тохуу болсон. Монголын Трезза аавын үнэн төрх энэ.
Тэгвэл М.Энхболд шударга нэгэн үү. Намаа хоёронтоо бутаргаж, ялалт биш ялагдал авчирч байсан У.Хүрэлсүхээс ялгаатай нь өнөөдрийн олонхийг бүрдүүлсэн гавьяатай. Ядаж л сонгуулиар нөгөө талд тал засаж, журмын нөхдийнхөө эсрэг ажиллаагүй. Гэхдээ энэ бол шударга нэгэн гэх үнэлэмж бас биш. Тэрбээр 60 тэрбумын гэх хар сүүдэртэй. Ухнаагийн хүү шиг эрх мэдлээрээ далайлгаж, Засгийн газрын сайд нарыг ажлаа өг гэж шаардаагүй ч ижил гэм нүгэлтэй нэр холбогдсон хүрээллээ цэвэрлээд эхэлсэн. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өмнөө суулгаж байгаад албан тушаалаа өгөхийг шаардаж, улс төрийн захиалгаар жагсаал хийсэн “Нэхүүл”-ийнхнээр дамжуулан нэр нь сэвтсэн УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, тэр парламентад суугаа нөхөдтэй хариуцлага тооцохыг санууллаа.
М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын МАН-д оруулсан гавьяаг жингийн туухай дээр жигнэж үзвэл М.Энхболдынх нь арай илүү жин дарна. Тэрнийхээ горыг ч өнөөдөр амсаж явна.
У.Хүрэлсүх бол яах вэ хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэрээр ялагдсан үед нь ялгүй зугтчихаад, ялсан үед нь хамаг гавьяаг нь үүрэх гэсэн “АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭН” болж харагдаж байна, өнөөдөр…
Бүр цаашилбал, хэдэн дүү нараараа туг тахиж өөрийгөө дөвийлгөж байгаа нь өөрийнхөө унах нүхийг чамбайхан бэлтгэж байгааг илтгэнэ. Ер нь тэгээд МАН-ын толгойд У.Хүрэлсүх гарлаа л бол ууган намд хуй салхи дэгддэг нь жам юм даа…
М.Онон
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.