Ганцхан сарын настай Засгийн газар байгуулагдах гэж байсан ч сайд болохыг хүсч тэмүүлэгсэд их байдаг. Аргагүй ч юм. Идэж уух, хэтэвчээ зузаалахад нэмэртэй байдаг болохоор тэр байх. ЖДҮХС-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан нь баримтаар нотлогдсоор байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд давхар дээлтэй Засгийн газрын сайд нар ч зээл авсан нь илчлэгдсээр байна.
Саяхан янданд “спираль” тавих гээд бүтэлгүйтсэн УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн эзэмшдэг “Хархираан хөгжил” ХХК-ийн нэр дээрээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар энэ оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан байх юм. Хэдийгээр энэ зээлийг үгүйсгэх магадлалтай ч түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт тус компанийн нэр тодоос тод зурайж байгаа юм. Тэрбээр тендэрт ороод шалгарсан гэсэн сайхан үгээр өөрийгөө хамгаалах байх. Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн, төрийн сайд хүний компани тендэрт ялсан байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна. Утааг багасгах нэрийдлээр айл бүрийн янданд утаа шүүгч тавина хэмээн төсөвт 54 тэрбум төгрөг суулгах гэж бүтэлгүйтсэнээс нь харахад Н.Цэрэнбат сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэдгийг харуулж байгаа юм.
МАН-ын бүлгээс зээл авсан гишүүдээ зээлээ яаралтай төлж, ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсан. Тэгэхээр Н.Цэрэнбат сайд хэзээ зээлээ эргүүлэн төлж, ард түмнээсээ уучлалт гуйж сайдын суудлаасаа сайн дураараа буухыг харах л үлдлээ. Мөн тэрбээр сайд болсноосоо хойш хийж бүтээсэн гэхээсээ илүүтэй буруу зүйлд нэр холбогдох нь элбэг байна. Тухайлбал, үндэсний бахархалт шонхор шувуугаар бизнес хийж, мөнгө олж буй хүмүүстэй ч нэр холбогдож байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч хэлж байсан удаатай. Тэрбээр “Туул голын сав дагуу болон Богд хан уул орчимд Байгаль орчны яамны газрын дарга, удирдлагууд өөрсдөө хууль зөрчин газар олгодог, үүнийгээ таслан зогсож чаддаггүй. Хамгаалах бус, хаа хамаагүй зарцуулах, худалдаалах үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газар нууц тогтоол гаргаж 750 идлэг шонхорыг худалдаалсан байна. Тагнуул, хууль хяналтын байгууллгаас ийм мэдээлэл ирсэн. Н.Цэрэнбат сайдтай хариуцлага тооцох ёстой” хэмээн хатуухан шүүмжилж байсан нь саяхан.
Энэ бүхнээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газраас халагдах сайд нэгээр нэмэгдэж байгаа бололтой.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.