Ардаар овоглсон У.Хүрэлсүхийн танхимын сайд нарыг тойрсон асуудал дуусахгүй нь бололтой. Тодруулбал, түүний танхимд багтаж байсан ЗТХ-ийн экс сайд тус яаманд гарсан хүн амины хэргээс болж албан тушаалаа өгсөн бол ЖДҮДС-гаас зээл авсан асуудлаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мөн л албаа хүлээлгэж өгөөд байгаа. Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг тойрсон бас нэг асуудал олны анхаарлын төвд орж ирлээ.
Энэ нь хэдхэн хоногийн өмнө хэвлэлээр Ц.Цогзолмаа сайдын гэр бүлийн хүн нь “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон. Мөн охин нь БОАЖЯ-ны газрын даргаар томилогдоод удаагүй байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн Засгийн газрын гишүүний нөхөр, хүүхэд өндөр албан тушаалд томилогдох нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ. Магадгүй гэр бүлийнхээ хүмүүсийг томоохон албан тушаалд очиход Ц.Цогзолмаа сайдын нөлөө байсан юм биш биз гэх хардлага нийгэмд бухимдал үүсгэсэн. Харин үүнд эрхэм сайд “Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа. Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг” хэмээн хариулсан юм. Тэгвэл 2018 оны долоодугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс нэгэн албан бичгийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд хаяглаж байсан нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Тус албан бичигт юу өгүүлснийг сийрүүлбэл,
“БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн 03/4587 тоот албан бичигтэй танилцлаа. УИХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамын 9-дүгээр зүйлийн “б”, 14 дүгээр зүйлд тус тус зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Томилох эрх бүхий этгээдээс ирүүүлсэн хүсэлт, захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулж, дүгнэлт гаргадаг эрх зүйн зохицуулалттай.
Гэтэл тус яамны 03/4587 тоот албан бичгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ирүүлсэн, мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалын “Ажлын байрны тодорхойлолт”-д тавигдсан ажилласан жилийн шалгуур яамны газрын дарга гэхэд хэт бага байх тул Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалд нэр дэвшигчид дүгнэлт гаргах боломжгүй байна. Ирүүлсэн материалуудыг буцаан хүргүүлэв. Дарга Б.Цогоо” гэсэн хариуг өгчээ.
Харамсалтай нь, БОАЖ-ын сайд хийгээд энэ асуудлыг хариуцах ёстой удирдах албан тушаалтнууд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн энэхүү албан тоотыг үл тоон Ц.Цогзолмаа сайдын охиныг өнөөдрийг хүртэл дээрх албан тушаалд байлгасаар байгаа аж. Уг нь Монголын төрийн алба, зэрэг дэв болгон өөрийн гэсэн шалгууртай. Энэ шалгуурын дэг заагийг тогтоох гэж хууль журам басхүү хяналт тавих хэрэгжүүлэх гэж Төрийн албаны зөвлөл байдаг. Мөн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх төрийн албаны энэ мэт хууль бус үйлдэлтэй тэмцэнэ гэдгээ чуулганы индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдэж байсан. Харамсалтай нь, түүний танхимын сайд нар хуулийг иймэрхүү байдлаар хэрэгжүүлж байна. Товчхондоо, УИХ-ын сонгуулийн дөрвөн жилд аз нь дийлж гарч ирсэн хэдэн нөхөр төрийн албыг ийнхүү самарч, хуулийн шалгуур хангаагүй хүмүүсийг удирдах албан тушаалд тавьсаар байгаа нь нийгэмд бухимдал төрүүлэх цаашлаад төрд итгэх итгэлийг үгүй хийсээр байгаа юм. .
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.