Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нарын гишүүд УИХ-ын даргад өнөөдөр өргөн мэдүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс хуулийн төслийн талаар тодруулсан юм.
Валютын зохицуулалтын тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэнэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бидний дөрвөн гишүүн өргөн барилаа. Энэ хуулийг боловсруулаад нэлээд удаж байна. Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 22 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Хууль зүйн яамнаас “Валютын зохицуулалтын тухай” хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч одоог хүртэл шинэчлэгдээгүй.
Хамгийн гол нь Монгол Улсын валютын зах зээл, валютын зохицуулалтыг төрийн бодлогын нэг болгох, хуулийн давхардлыг арилгах, системийн зохион байгуулалт гадаад, дотоод валютын гүйлгээ үл хөдлөх хөрөнгө гээд олон асуудлыг шинэчлэн найруулж, засч залруулах зайлшгүй шаардлагууд бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг тэлж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байна. Үүнтэй уялдуулаад Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар энэ салбарт үүссэн гажуудал арилна гэж үү?
Хуулийн төсөл батлагдсанаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, гадаад валютын зах, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх бодлого зохицуулалт, ханшийн хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, гадаад валютын захад оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага, зэрэг тулгамдсан өнөөгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжтой. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг нэгтгэх юм. Зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой гэж хэлж болно.
Хуулийн төслийг боловсруулаад удсан гэж байсан. Гэтэл чуулган хаахтай зэрэгцэн өргөн мэдүүлж байгаа нь ямар учиртай юм бэ?
Хуулийн төслийн талаар удаан хугацаанд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Маш нарийн зохион байгуулалттайгаар олон хууль дүрмүүдийг уншиж, гадаад дотоодын туршлагыг судалсан. Монгол Улсын валютын зах зээл, энэ салбарын зохицуулалтуудыг бүрэн хэмжээнд стандартын дагуу хийх, цаашдаа тогтвортой байх нөхцөлийг хуульд тусгахын тулд хэлэлцүүлэг, гадны туршлагуудыг нэлээд судлаж байж, хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр Монголын төв банк хяналтаа бүрэн тавих бололцоог бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх гэх мэт олон асуудлыг цогцоор нь тусгасан хуулийн төслийг бид өргөн барьж байна.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан валютын зохицуулалтын өөр нэг хууль бий. Тэгэхээр хамтад нь хэлэлцээд явах боломжтой гэсэн үг үү?
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан бас нэг хууль бий. Энэ хоёрыг хамтатгаад хэлэлцэх бүрэн боломж бий.
Төрийн тэргүүнээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ижил заалт бий юу?
Энэ хуульд стратегийн орд бүхий ач холбогдолтой газруудын дансны гүйлгээг Монгол Улс хяналтандаа байлгах, төв банк хянадаг байх заалтууд бий. Өөрөөр хэлбэл, давхардсан хэд хэдэн заалт бий. Хуулийн төслүүдийг хамтатгаад хэлэлцэх бүрэн бололцоотой.
Хаврын чуулган маргааш завсарлана. Хэлэлцэж амжих болов уу?
Энэ хуулийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байгаа. Тийм учраас амжина гэж бодож байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.