Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.
Засгийн газрын товч мэдээ
– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг байнгын ажлын байртай, тогтмол орлоготой болгох туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх болов.
– Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны төсвийн орлогын доод хязгаар болон зарлагын дээд хязгаарыг батлав. Төсвийн хязгаарт нийцүүлэн ирэх оны төсвийн төсөл боловсруулахыг ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Төсвийн зардлын боломжит дээд хязгаарыг орлогынхоо хэмжээтэй уялдуулан тооцох юм.
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлнэ. Төсөл батлагдвал бизнесийн орчин сайжирч, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардал буурна. Мөн татварын тэгш, шударга байдал дээшлэн, бааз суурь өргөжнө гэж Засгийн газар үзэж байна. Татвараас зайлсхийдэг, зугтах нь багасч, шударгаар төлдөг болох эерэг нөхцөл бүрдэх юм.
– Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоолоо. 1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй өнөөг хүрээд байсан юм. Шинэчилснээр газар эдийн засгийн эргэлтэд орж, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ ч зах зээлийн өнөөгийн нөхцөлдөө тохирох боломж бүрдэж байна.
– Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталлаа. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм.
– “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдвал Бүгд Найрамдах Польш Улсад амьдарч байгаа иргэд хоёр оронд нийгмийн даатгалд давхар даатгуулахгүй болж, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр, оршуулгын тэтгэмж авах зэрэг эрх үүсэх юм. Манай улсын 940 орчим иргэн БНПУ-д ажиллаж амьдарч байна.
– Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй Тогтвортой тээвэр-БОЭТТ” олон улсын чуулга уулзалтыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулна.
– Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, “Биокомбинат” УҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд ажиллууулахаар болов. Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын харьяанд шилжүүллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.