УИХ-ын даргын айлчлал хэр үр дүнтэй байв

2017-04-5 Засгийн газар

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл асаалаа. Айлчлалын хүрээнд яригдсан хамгийн чухал асуудал бол 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн асуудал байсан юм. Энэ зээл туйлдаа хүртэл доройтсон эдийн засагт ямар сэргэлт авчрахыг доор сийрүүллээ.

Хилийн чанадаас ирсэн нааштай мэдээ

Тамирдсан эдийн засгийг эрүүлжүүлэх итгэл төрүүлэхүйц нааштай мэдээллүүд УИХ-ын хаврын чуулганыг угтан хөвөрч эхэллээ. Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэгш ойн жилтэй давхцсан УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр тус улс 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн нь Монгол Улсын гадаад нэр хүндийн илэрхийлэл боллоо гэж нийгэм дүгнэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын алдарсан итгэл сэргэж, манай улсыг үнэлэх үнэлэмж дээшилж буйн жишээ юм. Тиймдээ ч Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой” хэмээн онцолсон. Тус улс 1990 оноос хойш манай улсад 3.0 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлсэн байдаг. Үүний нэг тэрбум нь нэн хөнгөлөлттэй зээлд хамаардаг юм.

 Өмнөх зээлүүдээс 10 дахин бага хүүтэй

Төсөвт орж байгаа мөнгөн хөрөнгийнхөө 15-20 орчим хувийг зээлийн хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулж байгаа, зээлжих зэрэглэл нь өмнөх жилүүдэд хэдэн үзүүлэлтээр ухарсан манай улсын хувьд 850 сая ам.долларын зээл бол сайн мэдээ. Өмнө нь авч байсан зээлүүдээс ялгаатай нь энэ зээл бол арав дахин бага хүүтэй. Жилийн хүү нь 1-1.5 хувь, 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 7-8 жилд үндсэн зээлд хүү төлөхгүй байх нөхцөлтэй гэгдэж байна. Олон улсын аргачлалаар авч үзвэл хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас доош байвал арилжааны зээлд тооцогддог. Харин хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас дээш бол нэн хөнгөлөлттэй зээлд багтдаг бөгөөд 850 сая ам.доллар нь хөнгөлөлтийн хэмжээ нь 55 хувьд хүрсэн зээл ажээ.

Засгийн газар эхний ээлжинд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өрийн дарамтаас сэргийлэх зорилгод зарцуулахаар төлөвлөж буйг албаны хүмүүс мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагийн жин дарах хэсэг нь Япон Улсаас олгож буй 850 сая ам.долларын зээл юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай эдийн засагт эерэг үр дагавар гарч, цаашид урт хугацааны өсөлт гарах, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа тогтворгүй байдал алга болно гэж харж байна. Нөгөө талаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлахын зэрэгцээ хөгжлийн дунд болон урт хугацааны найдвартай төсөв мөнгө, санхүү эдийн засгийн суурь дэвсгэрийг тавьж байгаагаараа ач холбогдолтой болохыг албаны хүмүүс онцолж буй.

 Зээлийн зарцуулалтад тавих хяналт сайжирсан

Ийм зээлийн ачаар эдийн засгийн хямралаа даван туулж буй орнууд ч бий. Тухайлбал, өнгөрсөн жил ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан Шриланк улс дотоодын нийт бүтээгдэхүүний арван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт, зээл авсан нь хямралыг гэтлэх чухал алхам болжээ. Ийм итгэл найдвар ч манай Засгийн газарт байна. Гэхдээ зээлтэй хамт зайлшгүй тавигдах онцгой асуудал бол зарцуулалтад тавих хяналт. Айлчлалын үр дүнгийн талаар УИХ-ын дарга М.Энхболд дүгнэж хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ойлголцож, тохиролцсон явдал нь хандивлагч улс орнуудын зүгээс бидэнд өгч байгаа үнэлэмжийг нэлээд сайжруулж байна. Нэгээр тогтохгүй улс орнууд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байр суурь илэрхийлсэн байгаа. Нөгөөтэйгүүр, гуравдугаар сарын сүүлчээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөрийн 100 гаруй сая долларын төлбөр хийх бонд арилжаалах саналд 3.3 тэрбум ам.долларын бонд авах санал ирсэн. Үүнээс харахад хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, өмнө нь бидний алдсан итгэл харьцангуй наашилж, хөрөнгө оруулах итгэл үнэмшил бий болж байна гэж ойлгож, дүгнэж болох юм” хэмээжээ.

Өнгөрөгч дөрвөн жилд Хөгжлийн банкны санхүүжилт, зээл олголт, зарцуулалт УИХ-ын хяналтаас гадуур явж ирсэн. Харин энэ удаагийн УИХ намрын чуулганаараа Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, зээлийн олголт, зарцуулалтад хяналт сул явж ирсэн өмнөх алдааг залруулсан юм. Ингэснээр  зээлийн зарцуулалтад хяналт тавих эрх зүйн орчин сайжрах бөгөөд 850 сая ам.долларын зээлийг төсвийн сахилга батыг сайжруулах, эдийн засгаа эрүүлжүүлэхэд зориулж, өнгөрсөн муу жишээг давтахгүй байх боломж бүрдэх учиртай.

Нөгөө талаар “Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа” хэмээн хэдхэн хоногийн өмнө онцолсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдэл эдийн засагт ч, ард иргэдэд ч итгэл найдвар төрүүлж байна. Түүнчлэн “Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гөөр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 100 хувь төлж барагдуулсан нь ч гадна, дотнын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болон очсон юм.

Э.ОД

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.