ЗАСГИЙН ГАЗРЫГ ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС ГАРГАХЫГ ХҮСЭВ

2018-05-14 Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт энэ сарын 7-10-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт үргэлжилсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилолтынхоо хүрээнд энэ сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо. М.Ганзориг нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сайн малчин юм байна. Гурван хvvхэд нь сургуульд суралцдаг аж.

Тэднийх 2017-2018 онд 3000 гаруй толгой мал өвөлжүүлж, бог малаас 500 гаруй, бод малаас мөн тооны төл хүлээн авчээ. Малчдын зүгээс бэлчээрийн даац, усны хомсдол үүсэх эрсдэлтэйг онцолж, энэ асуудлыг анхааралдаа авахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж, мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж байлаа.

Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайд болон бусад албаны хүмүүс, мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд багтжээ.

МОНГОЛ УЛС ХҮНС ЭКСПОРТЛОХ ОРОН БОЛНО

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтийг Өвөрхангай аймгаас эхлүүлсэн юм. Нээлтийн үеэр Ерөнхий сайд ийн ярилаа. Тэрбээр “Миний тэргүүлж байгаа Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар Монгол Улс хүнс экспортлох орон болох юм. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн. Мал сүргээ болзошгүй өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг бүх нийтийг хамарсан үр дүнтэй ажил болгон орон даяар зохион байгуулж явуулах нь туйлаас чухал байгааг онцолж хэлмээр байна. Монгол Улсын малын тоо 66.2 саяд хүрчээ. Энэ жил 22 сая толгой төл хүлээн авах урьдчилсан төлөвтэй байна. Гэтэл бид өсөн нэмэгдэж байгаа мал сүргийнхээ үр шимийг хангалттай хэмжээнд хүртэж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр асуулт тавих ёстой. Ганц жишээ дурдахад 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 13 аймгийн 44 сум дүүрэгт малын гоц халдварт өвчин шүлхийн улмаас нийтдээ 15751 толгой малыг зайлшгүй шаардлагаар зориудын устгалд хамруулж, үүний нөхөн олговорт улсын төсвөөс арван тэрбум гаруй төгрөгийг зарсан байна. Тийм учраас бид төсвөө үр ашигтай зарцуулахын тулд малаа эрүүлжүүлэх явдал туйлын чухал байна. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ идээшиж дассан нутагтаа малын ямар нэгэн өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэн сайхан амьдрах боломжийг Засгийн газар, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд бүх нийтээрээ идэвх санаачилга гарган хамтарч ажилласны үр дүнд бий болгоно” гэв.

Ерөнхий сайд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсоод зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн юм.

Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд аймгийн нөхцөл байдал болон төлөвлөгөөт ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өвөрхангай аймагт өдгөө 115.6 мянга гаруй иргэн, 5.7 сая толгой малтай байна. Аймгийн хэмжээнд 1371.2 мянган мал төллөж,гарсан төлийн 91 хувь нь буюу 1035.6 мянган төл бойжиж байна.Нийт таван сумын 410 өрхийн 8189 үхэр, 21553 хонь, ямааг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж,261334 м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаа. Боловсролын салбарын хувьд 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 41 цэцэрлэгт 9076 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 83.3 хувьтай байна. Эрүүл мэндийн салбарт сувилагч дутагдалтай байгааг хэлж байв. Харин Ерөнхий сайдаас дараах тулгамдсан асуудлуудыг шийдэж өгөхийг хүссэн юм.

Хүүхдийн эмнэлгийг шинээр барих
Хужирт сумын цэвэрлэх байгууламжийг шинээр барих. Хужирт сум нь 6751 хүн ам, 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай. Рашаан сувилал, амралтын газруудын бохирын ус Хужирт гол руу урсан орж байна. Цэвэр бохир усны инженерийн байгууламж бүхий цэвэрлэх байгууламжийг шинээр барих,
Орхон голын Онгоцтойн гүүрийг шинээр барих-Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 105 метр урттай, модон гүүрийн шал бүрэн эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болоод байна.
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай 60 км авто замын шинэчлэлт хийх. Том оврын, хүнд даацын уул уурхайн машин, механизм зорчин эвдрэл ихээр гарч,үргэлжилсэн торон хагарал, овойлт суулт их хэмжээгээр үүсэн нь нөхөөс хийхэд үр дүн муутай байгаа тул шинээр авто зам барих шаардлага тулгарч байна.
Богд сумыг интернетийн шилэн кабельд холбох. Аймгийн төвөөс 210 км зайд орших Богд сум нь шилэн кабельд холбогдож, интернетийн үйлчилгээ авч чадахгүй байгаа цорын ганц сум юм.Гучин-Ус сумаас Богд сум хүртэлх 100 километр зайд шилэн кабель татах шаардлагатай.
Хархорин суманд 320 хүүхдийн сургууль барих. Хархорин сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн барилга 1982 онд ашиглалтад орж 2008 онд урсгал засвар хийгдсэн байна. 125 хүүхдийн хүчин чадалтай боловч стандартын бус байранд 420 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Шинээр баригдах 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын зураг, төсөв хийгдсэн.Эдгээр ажлуудыг хөрөнгө оруулалтаар дэмжиж өгөхийг хүсье гэв.

МОНГОЛ ТӨР МОНГОЛ ХҮН ЯДАРЧ ЗҮДЭРЧ БАЙГАА ГАЗАР ХАМТДАА БАЙХ ЁСТОЙ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудад хандаж тогтвортой улс төр, тогтвортой бодлогогүй, сахилга, хариуцлага алдагдсан, дураараа авирладаг байдал газар авсан, тооцоо судалгаагүйгээр их хэмжээний өр тавьж, үр дүнгүй зарцуулсан, хүнд суртал, дарамт их байснаас олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан зэрэг нь монголчууд бидний өмнө тулгарсан зовлон. Зовлонгийнхоо шалтгааныг олсон учир засч залруулах үүднээс шударга ёс тогтоож, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, хатуу шаардлага тавьж ажиллаж байгаагаа хэллээ.Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах, хоёрдугаарт эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх зорилго тавин ажиллаж байна. Би хэд хэдэн зүйл дээр та бүхэнд үүрэг өгье. Нэгдүгээрт 2018 оныг хариуцлагын жил болгож Засгийн газар зарласан. Төсөвт арга хэмжээ бусад ажлуудыг цаг хугацаанд хийх, хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ биелүүлж, аж ахуйн нэгжүүдийн, иргэдийн өргөдөл гомдлыг нэг цэгээс хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үзүүлэх хэрэгтэй.Төрийн үүрэг бол иргэддээ үйлчлэх, тэднийг хамгаалах. Монгол төр монгол хүн ядарч зүдэрч байгаа газар хамтдаа байх ёстой.Энэ жил төсөл арга хэмжээндээ Үнэлгээний хороонд байгуулж цаг хугацаанд нь бүх ажлуудаа хийж дуусгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.Ерөнхий сайдын хувьд Өвөрхангай аймагт дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь та нар төлөвлөлтөө сайн хийж, үр дүнд хүрэх хэрэгтэй’ гэдгийг онцлон захисан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал:

Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих,
Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих,
Хужирт суманд цахилгаан станц барих,
Богд суманд шилэн кабел тавихаар болов.
”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 тэрбум төгрөг дутуу байжээ. Үүнийг мөн шийдвэрлэж ирэх есдүгээр сарын 01 гэхэд сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах үүрэг өгөв.
Арвайхээр хотын биеийн тамир спортын газар нь 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдүүлэхээр болов.
2018 онд 13 сумын ахмадын төвд тус бүр 5 сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргуулан авч өгөхөөр шийдвэрлэв.
Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгөөр бэлдэж хангахаар болов.
Арвайхээр хотод 200 сая төгрөгийн өртгөөр оёдлын үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов.
Өвөрхангай аймагт цахилгаан станц барихаар болов.
Орхон голын гүүрийн зураг төслийг хийж, бүтээн байгуулахаар болов.
Хүүхдийн номын санг барихаар болов.
Хүүхэд, залуучуудын ордонг барихаар болов. Ахмадын өргөөг барихаар болов зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдын албан томилолт Баянхонгор аймагт энэ сарын 9-ны өдөр үргэлжилсэн юм. Тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлага, нутгийн хөгшид хоёр нутгийн зааг дээр угтан авлаа. Улмаар Өлзийт сумын 4-р багийн малчин Д.Бямбадоогийнд зочиллоо. Д.Бямбадоогийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтэд оролцлоо. Энэ үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘Хүн ардаа эрүүл саруул байлгаж, эрүүл хүнсээр хангая гэвэл мал сүргээ эрүүл байлгах хэрэгтэй. Мал эрүүл бол хүн ард нь эрүүл байна. Тиймээс Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа энэ ажилд Баянхонгорчуудыг сэтгэл зүрхээрээ дэмжин хамтран ажиллаарай’ хэмээн онцлов.
Мөн малд хийх вакцины дээжийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Батжаргалд, аймгийн Эрүүл мэндийн газар, Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд тус тус УАЗ пургон машины түлхүүр гардуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллахдаа дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Мах боловсруулах үйлдвэр барина
Дулааны цахилгаан станц барина.
‘Номуундалай” 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ. Нийт 9 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2019 оны төсөвт эхний хэсгийг суулгахаар боллоо.
Амбулатори барина.
50 ортой хүүхдийн эмнэлэг энэ онд барина.
Хүүхдийн ордон барих асуудлыг Засаг дарга төсөв дээрээ зохицуулалт хийх гэж чиглэл өглөө.
2018 онд 36 тэрбум төгрөгөөр 24 ажил хийгдэх аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутгийн томилолт Говь Алтай аймагт энэ сарын 10-ны өдөр үргэлжиллээ. Тэрбээр Дэлгэр сумын малчин Т.Алзахгүйнд зочилж малчдын аж амьдралтай танилцаж, мал аж ахуйн салбарын асуудлаар ярилцаж, малын эм болон бусад хэрэгслийг гардуулав. Албан томилолт аймгийн төвд “Мал эмнэлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны нээлтээр үргэлжилж, тус аймагт хүн эмнэлгийн автомашин, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгөв. Мөн аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн албан хаагч нар сахилга баттай, хүнд сурталгүй хуулийн хүрээнд ард иргэддээ үйлчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэж, хамаарах салбар яам, сайдад нь үүрэг өгч ажиллаж байгаа юм.

Говь-Алтай аймгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийджээ
Говь-алтай аймагт монгол сарлагын үүлдэр угсааг сайжруулахад 500 сая төгрөг ХХААХҮЯ-наас гаргуулахаар шийдлээ

Иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зургаан суманд худаг гаргаж өг хэмээн ХХААХҮЯ үүрэг болгов
Дэлгэр суманд ирэх оны төсөвт 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн санхүүжилтийг суулгаж, барихаар шийдэв

90 гаруй сая төгрөгийн өртөгтэй гурван хүн эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөв
2018 онд Цээл, Дарви сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов
Аймгийн иргэдийн хувьд автозамын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн үүний дагуу Говь-Алтай аймгийн автозамыг 2019 оны 10 дугаар сард Баянхонгор, Говь-алтай аймгийн замыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өг гэсэн үүрэг өгөв.
Дулааны цахилгаан станц барих шийдвэр гаргав. Нийт 10 аймагт баригдах юм. Нэг нь Говь-Алтай аймаг боллоо
Тайширын усан цахилгаан станц барьж, 2019 онд дуусгана гэсэн шийдвэр гаргав.
1788 айлын орон сууцны асуудлыг шийдлээ
Гурван сумыг эрчим хүчээр хангаж, 2019 он гэхэд шилэн кабелаар холбохоор болов
Говь-Алтай аймгийн Солонго хороололд 320 хүүхдийн цэцэрлэгийг 2019 оны төсөвт суулгаж барихаар болов .
Дэлгэр суманд цэцэрлэг барихаар шийдвэрлэв
Барилгын цэргийн ангийг Говь-Алтай аймагт байгуулах шийдвэрийг гаргаж холбогох албан тушаалтнуудад үүрэг өгөв.
Алтай суманд эмнэлгийн барилгыг судалж 2019 онд төсөвт суулгаж, бүтээн байгуулахаар шийдвэрлэв
960 хүүхдийн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдэв. Энэ мэт олон асуудлыг орон нутгийн иргэдийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Манай Улсын эдийн засаг сайжирч энэ онд эдийн засгийн өсөлт 5,2 хувьтай гарсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн дээрх ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд хэлэв.

Алслагдсан нутагт ажиллан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдэж, санал бодлыг нь сонсож байгаад иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэн, шударга, эрч хүчтэй ажиллахыг захилаа. Мөн эдийн засгаа өсгөн, иргэдээ ядуурлаас гаргаж, амьдралыг нь сайжруулна гэсэн итгэл, хүлээлт маш их байгааг хэлж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.