Байгалийн баялгийн сангийн хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарьтай баялгийн засаглалын талаар ярилцлаа.
– Баялгийн засаглалын талаар болон манай улсад баялгийн засаглал ямар түвшинд байгаа талаар товч тайлбар өгнө үү?
– Монгол Улс бол байгалийн баялаг ихтэй. Түүнийгээ хөгжил дэвшил болгож чадаж байна уу, хөгжил дэвшил болгох үйл явц буюу засаглалыг бид зөв хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуудал чухал. Өөрөөр хэлбэл, баялагтай улс орон иргэддээ ээлтэй байдлаар баялгийг ашиглах шийдвэрийг гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх үйл явцыг л засаглал гээд байгаа юм. Хэрвээ баялаг нь ард иргэддээ хүртээмжгүй, үр өгөөжгүй байвал тухайн улсад засаглалын асуудлууд байна л гэсэн үг.
Засаглалын гол үндэс бол бодлого, хууль дүрэм журам юм. Үүний дараа мэдээж тэдгээрийн хэрэгжилтийн тухай яригдана. Сайн бодлого гарах үндэс суурь нь дүрэм журам л байдаг. Дүрэм журмыг гаргах, хэрэгжүүлэх инстутицийн тухай асуудал нь байгууллага, хувь хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Дээрээс нь иргэд мэдээлэлтэй байх нь чухал. Мэдээлэлгүй бол аливаа бодлого хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Мөн хуульдаа ч анхаарах ёстой.
Улс төрийн намууд хоорондоо уг асуудлаар зөвшилцөж чадахгүй бол сонгуулийн циклээр л явах болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, ялсан нам нь гарч ирээд өмнөх намынхаа хийсэн ажлыг үгүйсгэдэггүй байх, хуулийг өөрчлөхгүй байх ёстой. Ямар ч нөхцөл байдалд сангаа хамгаалдаг, богино хугацааны хямралаас хамаарч хоослохгүй байх баталгааг хоёр нам нь гаргах хэрэгтэй. Хараахан ийм байдал үүсээгүй байгаа нь харамсалтай. Хууль дүрмээ гаргачихад сонгууль болохоор өөрчилдөг хандлагаасаа салахгүй бол засаглал сайжрахгүй.
Дэлхий даяар засаглалтай холбоотой сорилтууд их байгаа. Цөөхөн хэдэн орнууд, тухайлбал, Норвеги, Чили, Их Британи зэрэг улсууд баялгийн засаглалаараа гайгүй үр дүнд хүрсэн гэж үздэг.
– Баялгийн сангийн талаар олон жил төр, хувийн хэвшил, судлаачид нэлээн удаан ярилцаж, хэлэлцсэн. Юунаас болоод өнөөдрийг хүртэл энэ тогтолцоо тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна гэж Та үзэж байна?
– Манай Улсад бодлого, шийдвэр гаргахдаа удаан, туушдаа биш байдал харагддаг. Мөн уул уурхайн асуудал бол өөрөө олон зөрчил дагуулсан маргаантай. Нэг шийдлээр бус олон талын үзэл санаагаар шийдэлд хүрэх нь бий. Үүн дээр манай нөхцөлд зөвшилцөлд хүрдэг механизм дутмаг байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, эрх баригч намууд хоорондоо, төр засаг нь дотроо болон иргэдийн хооронд зөвшилцдөг зарчим дутмаг л гэж хардаг даа.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг дээд зэргээр хангах, тухайлбал төр засаг, компаниудын хооронд байгуулдаг үндсэн гэрээнүүд, компанийн жинхэнэ эздийн мэдээллийг ил болгоход онцгой анхаарах, уул уурхайн салбар дахь төрийн өмчийн компаниудын зорилго, үйл ажиллагаа, удирдлагын шийдвэрүүд тодорхой биш хаалттай байна.
Удирдлагын шийдвэрүүд улс төрөөс шууд хамааралтай байгааг цэгцлэх, олон нийтийн компани болгоход онцгой анхаарах, уул уурхайн салбарын зохицуулалтгүй, далд явагдаж байгаа үйл ажиллагааны нэг болох түүхий эдийн худалдаа, экспортын асуудал, үүнд ялангуяа төрийн өмчит компаниудын бүтээгдэхүүнийг ямар компани худалдан авдаг, зуучилдаг, тэднийг хэрхэн сонгон шалгаруулдаг болохыг ил болгох зэргийг оновчтой зөв болгох чухал. Гол нь бодлого байгаад ч хэрэгжилт муу бол урагшаа явахгүй.
– Баялгийн сангаа зөв бүрдүүлж сайн хөгжсөн улс орнуудаас Норвегийг их жишээлж ярьдаг. Энэ мэтчилэн сангаа зөв бүрдүүлэн хөгжиж байгаа орнуудын бодит жишээнээс дурдахгүй юу?
– Норвегийн сан, Абу Дабигийн сан, Чилийн 2 ч сан байгаа. Сингапур улс байна, хэдийн байгалийн баялаг дээр тулгуурлаагүй ч гэсэн сантай.
Хамгийн их амжилттай нь Норвегийн Баялгийн Сан бөгөөд энэ оны байдлаар нийт 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй болсон ба улсын хэмжээнд нэг хүнд ноогдох ДНБ нь дунджаар 59 мянган ам.долларт хүрч дэлхийн хамгийн баян иргэдтэй улс болж чадсан. Тус сан 1990 онд шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд газрын тосны олборлолт, төлбөрийн тэнцлийн илүүдэл болон валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг. Сангийн хөрөнгийг Засгийн газар шууд захиран зарцуулах эрхгүй, мэргэжлийн баг удирдаж, зөвхөн олон улсын зах зээл хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, Норвегийн сан нь мэдээлэл технологийн “Facebook” “Apple” “Microsoft” компанийн хувьцааг эзэмшдэг бөгөөд цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн “AirBus”, уул уурхайн “RioTinto” гэх мэт зуу гаруй үндэстэн дамнасан корпорацид хөрөнгө оруулж, үр ашгаа хүртдэг.
Түүнчлэн, сангийн нөөцөөс олсон орлогыг хойч үедээ хүртээх зорилготой урт хугацааны хадгаламж үүсгэн, хөрөнгө хуримтлуулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад гол анхаарлаа хандуулан ажилладаг. Норвегийн баялгийн сангийн жишээн дээр тулгуурлан дэлхийн хэд хэдэн орон өөрсдийн сантай болсон бөгөөд хамгийн ойрын жишээ нь Казахстан Улс.
Норвеги улсын жишгээс харахад 1996 оноос хойш хэд хэдэн Засгийн газар солигдсон бөгөөд Сангийн яамыг хэн удирдахаас хамаарахгүйгээр баялгийн сангийн дүрэм журам, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин манай улсын хувьд 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрд баялгийн сан шинээр бий болгодог байх жишээтэй.
Норвегийн байгалийн баялаг олборлолт түүнийгээ дагаад хөгжсөн гол нууц нь гаднын хөрөнгө оруулагчдад олборлолт, хайгуул хийх эрх өгсөн ч баялгийн нь эзэмшигч нь Норвеги Улс хэвээр үлдсэн байдаг.
– Баялгийн сангийн хөрөнгө, удирдлагын асуудал олон нийтэд нээлттэй, улс төрчдөөс хараат бус байх орчныг хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?
– Манайд ирээдүй сангийн тухай хууль гарсан. Үүнийг дагалдаад хөрөнгийг хэрхэн удирдах зохицуулалт, дүрэм, журам нь гарах ёстой. Одоохондоо хараахан гараагүй. Сан маань үндсэндээ цаасан дээр л байна. Ер нь олон улсын туршлагаас харахад хөрөнгө оруулалтын бодлого, дүрэм, журамд хэн нь хэрхэн хяналт тавих, түүнийгээ шийдээд амжилттай явсан түүх олон бий. Гэхдээ зөв удирдахгүй бол эрсдэл дагуулж, асуудал болох жишээ ч бий.
– Дэлхийд баялагтай улс орнуудыг гаргасан байдаг. Ямар үзүүлэлтээр нь жагсаадаг юм бол? Өнөөдрийн байдлаар манай улс хэдэд нь байгаа вэ?
– Олон улсын валютын сангаас баялаг ихтэй улс орнуудыг тусгайлан гаргасан ангилал байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорт, төсвийн орлогын тодорхой хувийг оруулдаг бол баялагтай улс гэдэг. Улс орнуудын баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индексээр манай улс 2017 онд “хангалттай” буюу 100-гаас 64 оноо авсан. Судалгаанд хамрагдсан 89 орноос 15, Евразийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагссан ч төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн тайлан болон үндэсний баялгийн сангийн засаглал тааруугаас болж манай улсын онооноос хойш татсан. Монгол Улс индексийн ерөнхий оноогоор хангалттай гэсэн дүнтэй ч эдийн засаг нь уул уурхайн салбараас хараат, түүхий эдийн үнээс хэт хамааралтай хэвээр.
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллээ нийтэлдэггүй нь ил тод байдлыг хангахгүй байна гэж судлаачид дүгнэсэн. Мөн парламентын хяналт сул байгаа нь засаглалд сөрөг нөлөөтэйг тайланд дурдсан юм. Харин баялгаа засаг захиргааны түвшин хооронд хуваарилж байгаа үзүүлэлтээр Бразил Улсын дараа эрэмбэлэгдсэн.
– Манайд эрдэс баялаг олборлодог компанийн эзэд, гэрээ, хувь эзэмшлээ нуудаг, тэр нь ч нууц байдаг. Гадаад орнуудад хэр нээлттэй байдаг вэ?
– Сүүлийн үед олон улсад бизнесийн орчныг маш нээлттэй, цэвэр байлгая гэсэн хөдөлгөөн өрнөж байгаа. Тухайлбал, офшорын эсрэг олон улс орон арга хэмжээ авч эхэллээ. Компанийн жинхэнэ эзэмшигчийн жагсаалтыг бүртгээд, олон нийтэд ил болгодог тогтолцоо руу орлоо. Их Британи улс энэ арга хэмжээг хэрэгжүүлээд эхэллээ, ХБНГУ ч энэ тогтолцоог хэрэгжүүлэхээ зарласан. Ялангуяа уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд нээлттэй байх шаардлага олон улсын хүрээнд тавигдаж байна. Тэгэхээр бид ч гэсэн энэ чиглэлд анхаарч, хөгжих ёстой. Мөн гэрээний ил тод байдлыг маш олон улс нээлттэй болгож байгаа. Хэрвээ нээлттэй биш байвал тухайн гэрээ хүчингүй байна гэсэн хуулийн заалтуудыг ч оруулж байна. Харамсалтай нь манайд энэ асуудал олон жил яригдаж байгаа хэр нь шийдлээ олж чадахгүй л байна.
Байгалийн баялаг бол бүх ард түмний өмч гээд Үндсэн хуульдаа заасан. Тэгэхээр энэ салбараа дээд зэргээр нээлттэй байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэн баялгийг ашиглаж байна, компанийн эздийн нэрс нь тодорхой байдаг, тухайн компани ямар нөхцөлөөр орд газрыг ашиглаж байгаа, хөрөнгө оруулалт, тогтвортой байдлын гэрээгээ хэрхэн байгуулсан гэх мэт бүх үйл ажиллагааг нь олон нийтэд нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Түүнчлэн нийгэм, байгаль орчны сөрөг үр дагавар, эерэг талыг нь ч мэдээлж, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай.
– Монгол хүний гурван хүний нэг нь ядуу гэсэн статистик гарсан байдаг. Манайхны дунд ч алт зэсээ экспортод гаргадаг баялаг ихтэй орон хэр нь яагаад цөөхөн хүн ардаа сайхан амьдруулж болохгүй байгаа вэ гэж их ярьдаг. Судлаачийн хувьд үүний гол гогцоо нь юунд байна гэж хардаг вэ?
– Энэ бол түвэгтэй асуудал. Зөвхөн ганцхан хүчин зүйлээс болохгүй. Маш олон шийдвэр, бодлого, хэрэгжилтээс хамаардаг. Эхний ээлжид байгалийн баялгаа хэрхэн ашиглах вэ? энэ талаар стратеги боловсруулж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой түвшинд хүрэх чухал, мөн ард иргэдтэйгээ зөвшилцөх, цаашлаад баялгаа зөв ашиглах компаниудын сонгон шалгаруулалтыг хийх, лицензээ зөв олгох, гэрээгээ байгуулах гээд олон хүчин зүйл бий. Мөн эдийн засгийн өгөөж талаас нь татварын бодлого нь оновчтой байна уу, орон нутгийн үр нөлөөг хэрхэн шийдэж байгаа, төрийн өмчит компанийг зөв удирдаж байна уу гэсэн цогц асуудлууд, эцэст нь олсон орлогоо зөв зарцуулж чадаж байна уу, зөв зүйлд нь хөрөнгө оруулж байна уу, төсвөө хариуцлагатай зарцуулж байна уу гээд энэ бүх зүйлсээс Монгол Улсын хөгжил хамаарна.
Баялагтай байна гэдэг давуу тал юм. Түүнийгээ хэрхэн удирдах вэ тогтолцоогоо сайжруулах, нээлттэй ил тод байдлыг дээд зэргээр хангах, авлигатай тэмцэх, иргэдтэйгээ хэлэлцэн зөвшилцдөг тогтолцоогоо сайжруулах шаардлагатай. Засаглалаа сайжруулах юм бол хөгжих магадлал өндөр гэдгийг гадаадын орнуудын жишээ ч, манай сүүлийн 20-оод жилийн түүх ч харуулж байна.
Манай улсын хувьд ядуурал 30 орчим хувьтай, дэлхийд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 116-д эрэмбэлэгддэг, тэгш бус байдал буурахгүй байгаа. Бид баялагтай мөртөө яагаад хурдан хөгжиж чадахгүй байна вэ? гэдэг асуулт юуны түрүүнд тавигддаг. Эндээс л баялгийн засаглал яах ч аргагүй үндсэн асуудал болоод байгаа юм. Баялгийн засаглал бол зөвхөн монголын асуудал биш юм.
Сүүлийн 20 гаруй жил бид баялагтай орнуудад очиж, туршлагатай нь танилцсан. Сурч, судалсан мэдсэнээ эх орондоо ирээд зөв суурьшуулах асуудал хангалтгүй байна. Хуримтлуулсан туршлага мэдлэгээ хэрэгжүүлж чадахгүй тархиндаа, компьютерт үлдээгээд өнгөрч байгаа нь шүүмжлэх л асуудал.
– Ярилцсанд баярлалаа.
Д.Эрдэнэсувд
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.