Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх өдөр

2017-03-24 Мэдээ мэдээлэл

Улсын хэмжээнд жилд 4000  гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна.

Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч, 200.000 орчим хүүхэд эндэж буй нь судалгаагаар тогтоогджээ. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан бөгөөд ирэх 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байгаа юм.

Монгол Улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог байна. Сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоожээ. Үүнээс 2393 тохиолдол буюу 59.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн аж. Өнгөрөгч 2016 оны байдлаар, нийт 4669 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж эмчилгээнд орсноос 550 нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд байсан аж.

Улсын хэмжээнд бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч, 2014-2015 оны хооронд хийсэн судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос 3 дахин их байгаа нь тогтоогджээ. Энэ нь гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс ч олон хүн амьдарч байна гэсэн үг юм.

Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт орох тоо нэмэгдэж байгаа, тэр дундаа 70-аас дээш хувиар группт орох нь улам бүр өссөөр байна. 2016 онд нийт 2380 өвчтөн группт орсноос 2166 (91%) нь 70 хувиас их, 214 (9%) нь 50-69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг судалгаагаар харуулжээ.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.