САЙД Д.СУМЪЯАБАЗАР АМЧАМЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2018-02-13 Байгаль орчин

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүр зохион байгуулдаг Бизнес уулзалтын өнөөдөр зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон бусад албан тушаалтан оролцлоо.
 Уулзалтын үеэр сайд Д. Сумъяабазар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, тулгарч буй бэрхшээл, цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийв. Уулзалтад  АмЧамын гишүүн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын элчин сайдын яамд, худалдааны танхимын төлөөлөл хүрэлцэн ирэв.
Сайд Д. Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хувийн хэвшлийн салбарыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажилладагт нь АмЧам Монголд талархал илэрхийлээд: “АмЧамаас зохион байгуулж буй өнөөдрийн Бизнес уулзалт цаг үеэ олсон уулзалт болж байна. Монгол Улсын Засгийн газар, салбарын сайдын зүгээс би хариуцлагатай хөрөнгө оруулагчдад тогтвортой, нээлттэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна. Уул уурхайн бодлого, энэ салбарт төлөвлөгдөж буй ажлууд хүн, байгаль гэсэн суурь зарчмуудад тулгуурлан явах ёстой гэж би үздэг. Иймд уул уурхайн бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхаас гадна өндөр хариуцлагатай байх ёстой тул УУХҮЯ-наас энэ зарчмыг бодлогын баримт бичгүүддээ байнга тусгаж байгаа.  УУХҮЯ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг бодитоор дэмжсэн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд АмЧамын шинээр байгуулагдаж буй Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороотой хамтран ажиллах болно” гэв.
АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ Монгол улс 2018 оны 3-р сард Prospectors & Developers Association of Canada конвенцийн уулзалтад оролцох гэж буйд нь амжилт хүсээд: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, тур дундаа Уул уурхайн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа нь хуулийн давхцалыг арилгахаас гадна хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн ач холбогдолтой юм.
АмЧам Монгол нь дээрх салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороог шинээр байгуулж байгаа бөгөөд ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улмаар олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлэв.
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Тус байгууллага нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.