МҮХАҮТ, Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Скай Хайпермаркет ХХК буюу Имарт ЖДҮ-үүдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүлээд байна. Хөтөлбөр 5 үе шаттай хэрэгжих бөгөөд ЖДҮ эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, олон нийтэд танилцуулах, шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, байр талбай гаргах зэргээр дэмжлэг үзүүлэх юм. Өмнө нь Танхим, Имарт хамтран “Export to Korea” хөтөлбөрийг хэрэгжүүлж Монголд үйлдвэрлэсэн чацарганын шүүсийг Солонгосын Имарт сүлжээгээр худалдаалах болсон байна.
МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа:
-Санамж бичгийн зорилго нь ЖДҮ эрхлэгчид, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын франчайз, стандарт шаардлагад нийцүүлэн борлуулах боломжийг олгож байна. Түүнчлэн экспортыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ахиц гарна. Экспортыг, ЖДҮ-ийг дэмжинэ гэж хангалттай ярьдаг, харин энэ бол бодит алхам боллоо. Скай Хайпермаркет ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх олон улсын туршлагыг нэвтрүүлэх тал дээр амжилттай ажиллах байгаа. Танхимаас эхний ээлжид 100 гаруй үйлдвэрлэгчдийн мэдээллийг хүргүүлж хамтран ажиллаж байна.
Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа:
-“Монголд үйлдвэрлэв” төсөл бэлтгэн нийлүүлэгчийг хөгжүүлэх, дэмжих сургах, хамтран ажиллахад чиглэх юм. Энэ нь эцсийн үр дүндээ хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлэх зорилготой. Бэлтгэн нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж байж зорилгодоо хүрнэ. Танхим манай төслийг дэмжиж мэдээллээр ханган ажиллаж байна. 2018 онд Санамж бичгийн хүрээнд хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчидтэй бүсчилсэн байдлаар үйл ажиллагаа зохион байгуулж системтэйгээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа. Манай ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд түүнийгээ өөрсдөө борлуулах гэж хүчээ тарамддаг. Худалдаа ч биш, үйлдвэрлэл ч биш болох нь бий. Энэ байдал нь улс орны үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байна. “Монголд үйлдвэрлэв” төсөл бол үйлдвэрлэгч зөвхөн үйлдвэрлэлдээ, бүтээгдэхүүний чанартаа санаа тавьж бүтээмж өндөртэй байх боломжийг олгоно.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.