“Утааны эсрэг ээж, аавуудын ТББ”-ыг үүсгэн байгуулагч Б.Бундхоролыг урьж ярилцлаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг авч хэлэлцсэн. Улмаар утаа гамшгийн хэмжээнд хүрснийг төрийн гурван өндөрлөгөөс эхлээд холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрлөө. Иймээс цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцэхээр боллоо. Хэдийгээр утааг багасгаагүй ч нэг төрлийн дэвшилт юм болов уу. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа. Хуралд УИХ-ын холбогдох байнгын хороодын дарга нар, Засгийн газрын долоон сайд, мөн энэ чиглэлийн байгууллагын удирдлагууд, нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга оролцлоо. “Утааны эсрэг ээж, аавууд ТББ”-аас гурван хүн энэ хуралд оролцсон. Хурлаар Ерөнхий сайд утааны эсрэг буюу агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа танилцуулсан. Мөн нийслэлийн Засаг дарга ч энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийсэн. Ерөнхийлөгчийн зүгээс мэдээж агаарын бохирдол болон ойр орчмын бохирдлыг нэлэнхүйд нь шийдэх ёстой гэж үзэн УИХ, Засгийн газар, нийслэлийн ИТХ-д тус тусад нь санал боловсруулж, зөвлөмжийн төслийг боловсруулж оруулж ирсэн. Тэрхүү зөвлөмжөөс хоёр асуудлыг нь УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын зүгээс дэмжлэг аваагүй.
-Хотыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлж байна уу?
-Тийм ээ. Ерөнхийлөгч утааны асуудлыг хойш нь тавилгүйгээр дорвитой шийдвэртэй алхам хийхийг зөвлөмжид тусгасан байсан. Үүнд төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх. Мөн нийслэлийн хилийн хязгаарыг Төв аймгийн хилийн цэсээр өргөтгөх, Өвөрхангай аймгийн Хархорин сумыг нийслэлийн чиг баримжаатай жишиг хот болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар оруулж ирсэн. Ерөнхий сайд нүүлгэн шилжүүлэх асуудлыг түр азнахыг хүссэн. Үндэслэлээ нөөц бололцоо хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж байсан. Хоёр дахь асуудлыг нь сайн санахгүй байгаа учраас хойш тавья.
-Утаа гамшгийн хэмжээнд хүрснийг төр засгийн удирдлагууд хүлээн зөвшөөрлөө. Эхний ээлжид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болов?
-Эхний ээлжид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын санал нэгдэж байгаа зүйл нь утаа гамшгийн хэмжээнд хүрчихлээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал. Одоо УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаар боллоо. Улмаар үүнд тулгуурлан гамшгийн нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг нь нэн тэргүүний асуудал.
-Гамшгаас гарахын тулд нүүхээс өөр шийдэл бий юу?
-Нийслэлийн Засаг даргын гарсан шийдвэрээр нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлахыг ҮАБЗ-ийн хурлаар дэмжсэн. Үүнтэй ижил хөдөө орон нутаг руу шилжигчдийг төрөөс бодлогоор дэмжих эрх зүйн орчин чухал. Энэ чиглэл рүү илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгоё. Үүний хажуугаар хяналтын тогтолцоогоо сайжруулах нь ч чухал юм.
-Энэ бүхэн та нөхдийн, танай холбооныхны тэмцлийн үр дүн. Энэ холбооны зорилго ч энэ байсан гэж ойлгодог. Тэгэхээр та бүхнийг санасандаа хүрчихлээ гэж ойлгож болох уу?
-Санасандаа хүрсэн гэж ойлгож болохгүй. Бидний тэмцэл үр дүнгээ өгч байгаа гэдэгтэй санал нэг байна. Үнэхээр жагссанаар утааны асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирч чадлаа. Хоёрдугаарт, Засгийн газар болон холбогдох байгууллагууд нь энэ чиглэлээр тодорхой арга хэмжээн авч, ажил хийж байна. Өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан ч бидний 2200 өргөдөл өгч, шаардлага тавьсны үр дүн. Гэхдээ бидний хүссэн үр дүн бол биш.
-Ерөнхий сайд утааны эсрэг хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцуулахыг та бүхэн шаардсан биз дээ. Засгийн газрын тэргүүн энэ дагуу төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүний хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил та бүхний санаанд хүрээгүй гэсэн үг үү?
-Ерөнхий сайдын танилцуулж байгаа төлөвлөгөөгөөр богино хугацааны буюу 2017 онд хийх ажил, дунд хугацааны буюу 2020 он хүртэл хийх ажлууд, урт хугацааны буюу 2030 он хүртэл хийх ажлуудаа танилцуулсан. Бид 2030 он хүртэл дахиад 13 жил утаатай байхыг хүсэхгүй байна. Бидний хүсч байгаа зүйл нь эрс шинэчлэлийн үүднээс богино хугацаанд нийслэлийг цэвэр агаартай болгох. Үүний тулд юу хийж, хэрэгжүүлэх вэ гэдэг чухал. Түүнээс биш тэвчээр зааж, дахиад 12-13 жил хорт утаагаар амьсгалж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирмооргүй байна. Тийм чадал тэнхээ, бие хаа, санхүүгийн боломж ч алга. Иймээс эрс шинэчлэл хийх хэрэгтэй.
-Таны ярианаас Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байна гэж ойлголоо. Зөв үү?
-ҮАБЗ-ийн хуралд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн зөвлөмжийг зөв гэж бодож байгаа. Ингэж эрс шинэчлэл хийхгүй бол өнөөдрийн эдийн засагтаа тушигдаж, аргацаасан байдлаар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд яваад байж болохгүй.
Та хурлын үеэр Төрийн тэргүүнийг хатуухан “дэлсээд” авсан. Таны шүүмжлэлийг ч олон хүн хэлмээр байгаа бололтой харагдаж байсан?
-Ерөнхийлөгч өөрөө найман жил Төрийн тэргүүнээр ажиллалаа. Гэтэл яагаад буухынхаа өмнө энэ асуудлыг авч хэлэлцэх болов. Найман жилийн өмнө өнөөдрийн энэ хурлаа хийж, асуудлыг авч үзсэн бол ажил хэрэг арай өөрөөр бас амьдрал ч өөр байх байсан болов уу. Энэ талаар Төрийн тэргүүнд шүүмжлэлтэй хандаж, гомдолтой байгаагаа хэлсэн.
-Монгол гэнэт утаанд хучигдчихаагүй. Зуны улиралд мартагдаж, өвөл нь сэдэрдэг энэ сэдэвтэй эртнээс тэмцсэн нэртэй. Гэвч хөрөнгө гаргаж, салхинд хийсгэснээс өөр үр дүнгүй гэдгийг та бүхэн хэлэх байх. Тэмцэх арга барилдаа байв уу, эсвэл зөвхөн мөнгө завших төдийхнөөр утаатай зууралдаж байж уу гэдгийг ялгах хэрэгтэй бололтой?
-Манай төр засгийн удирдлагууд утаатай 2000 оноос хойш тэмцсэн байдаг. Тэр үеэс хэдэн төгрөг юунд зарцуулсныг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ 2011 оноос хойш гэхэд 200 тэрбум төгрөг зөвхөн утаанд зарцуулсан. Энэ мөнгөөр залуу гэр бүлд байрных нь урьдчилгаа болгон өгсөн бол 10.000 өрх орон сууцанд орчихоор хөрөнгө. 200 мянган айл гэр хороололд амьдардаг гэвэл 10 мянга нь орон сууцанд орох хэмжээний хөрөнгийг салхинд хийсгэсэн гэсэн үг. Гэтэл зуух тараах байдлаар асуудлыг аргацаасан. Үр дүн нь өнөөдөр ч алга. Харин ч утаа улам нэмэгдсэн байх жишээтэй. Хамгийн гол нь төр засаг маань иргэддээ үнэн зөв мэдээллийг өгөхөө больсон. Энэ нь өөрөө маш аюултай. Үнэн зөв мэдээлэлгүйгээс болж хүн ямар орчинд амьдарч, хэрхэн хордож байгаагаа анзаарахгүй үүнээс улбаалан хариу ямар арга хэмжээ авч, өөрийгөө хэрхэн хамгаалах уу гэдгээ мэдэхгүй яваад байгаа юм. Өнгөрсөн жилээс 15 станц ажиллаж байнгын мэдээлэл авдаг боллоо. Ингэснээр амьсгалж байгаа агаарын бохирдлыг мэдэж, хамгаалж, бас төр засагт шаардлага тавьж чадах хэмжээнд хүрлээ.
-Амиа алдсан есөн хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас хорвоогоос буцдаг гэх судалгааг та бүхний цахим хаягнаас харсан юм. Агаарын бохирдлоос болж өвчинд нэрвэгдэж, амиа алдагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Магадгүй чимээгүй тахал гэж нэрлэж болох хэмжээнд хүрсэн юм уу?
-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар өвлийн улирлын 1000 төрөлт тутмын 73 нь амьгүй хүүхэд төрж байна. Зөвхөн гэдсэндээ эндээд байгаа юм биш. Хүн болж мэндэлчихээд хатгаа тусч байна. Утааныхаа шинж байдлаас шалтгаалж нөгөөх нь эдгэхгүй явсаар амиа алдах тохиолдлууд ч бий. 2015 онд гэхэд 0-5 насны 430 гаруй хүүхэд хатгаагаар амиа алдсан байх жишээтэй. Хамгийн өртөмтгий нь уушгины хатгалгаа. Уушги нь бүрэн үйл ажиллагаанд ороогүй байдаг учраас 0-5 насны хүүхэд хамгийн их өртдөг. Мөн PM 2,5 нарийн ширхэгтэй тоосонцор хүний цус руу шууд ордог. Ингэснээр бидний хэлдгээр цус харвалт, зүрхний шигдээсээр хорвоогоос халих тохиолдол бий. Түүнчлэн хорт хавдар. Жишээ нь, өмнө нь уушгины хорт хавдар маш бага тохиолддог байсан бол өнөөдөр Монголд тохиолдож байгаа нийт хорт хавдрын гуравдугаарт эрэмбэлэгдэж байх жишээтэй. Энэ байдлаар дахиад дөрвөн жил явбал уушгины хорт хавдар нэгд эрэмбэлэгдэх вий. Энэ мэтчилэн судалгааны материалууд бий. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийт нас барж байгаа хүмүүсийн 20 хүртлэх хувь нь утаатай холбоотой ямар нэгэн байдлаар нас бардаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, утаа хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрчихсэн.
-Гэвч гамшгийн хэмжээнд хүрснийг нь дөнгөж өнөөдөр л эрх баригчид хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Уг нь таны хэлсэн энэ тоо баримт ч гэсэн тэдэнд хүргэгддэг болов уу?
-Жилд хүүхэд 500 орчим, том хүнтэйгээ нийлээд дунджилсан тоогоор 4700 гаруй хүн утаанаас болж нас барж байна. Энэ нь гамшигт хүрсний тодорхой жишээ. Төр засгийн хэмжээнд төрийн гурван өндөрлөг нь хүлээн зөвшөөрчихлөө.
-Асуудал хариуцсан албаныхан үүнийг хүлээн зөвшөөрдөг бил үү. Үүнд та маш тодорхой тайлбар хийх байх?
-Нэрийг нь хэлээд яахав. Яг энэ асуудлыг хариуцаж байгаа хүн нь буруу мэдээлэл өгөөд явдаг тохиолдол бий. Гамшгийн хэмжээ гэдэг нь 24 цагийн турш улаан шугам давахыг хэлнэ гэх байдлаар. Энэ чинь бидний л тогтоосон стандарт. Хүн үхээд байхад нөгөө стандартдаа хүрээгүй гээд байж болох уу. Үнэнийг хэлэхэд салхигүй тогтуун өдөр Баянхошуунд улаан буюу аюултай түвшнээс 24 цагийн турш давах үе олон. Тэгвэл тэр газарт яагаад гамшиг зарлахгүй байгаа юм. Тийм л хууль дүрэм барьж, стандартаа дагадаг юм бол. Гэсэн хэрнээ хурал дээр энэ бол гамшгийн хэмжээнд хүрээгүй. Улаанбаатарын дундаж бол харьцангуй гайгүй байгаа гэх байдлаар тайлбарладаг. Яг ч гайгүй биш зарим үед хэт өндөр байгаа ч дунджаараа тогтуун гэж хэлдэг юм.
-Хэдийгээр үзэгдэх орчин хязгаарлагдаж, утаа ихэсч байгаа мэт боловч хорны хэмжээ нь багассан гэдэг шүү дээ?
-Худлаа. Урд жилүүдэд утсаар ч юм уу, ямар нэг байдлаар утааны хэмжээг мэдэж, үнэн бодит мэдээллийг авч чаддаггүй байсан учраас тархи угаасан нь тэр. Харагдах байдал нь муудсаар байгаа ч хорвуу чанар нь саармагжсан гэх байдлаар мэдээлэлгүй дээр нь дөрөөлсөн л төөрөгдөл. Дэлхий дахинтай харьцуулсан харьцуулалтыг харахад манайх агаарын бохирлоор тэргүүлж байгаа. Сүүлийн 10 гаруй жил агаар, орчны бохирдлоор дэлхийн бусад орныг тэргүүлсэн. Үүнйг Ерөнхийлөгч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ч хэлж байна билээ. Ийм болчихоод байхад бид хоргүй талаас нь ярих нь утгагүй.
-Утаанаас болж хохирсон иргэд Засгийн газраас нөхөн олговор шаардах эрхтэйг та бүхэн хэлж байсан. Энэ асуудлаар хэр олон хүн хандаж байгаа вэ?
-Хамгийн гол нь үүгээр дамжуулж хариуцлагын тухай хөндөхийг зорьсон юм. Иймээс мөнгө юм уу, өөр зүйл рүү нь битгий энэ асуудлыг чиглүүлээсэй гэж хүсч байна. Шинэ хуульд “Төрийн албан хаагч өөрийн буруутай шийдвэр юм уу, эсвэл үр дүнгүй шийдвэр, эс үйлдэхүйгээрээ ямар нэгэн хохирол ард иргэддээ учруулсан бол тэрийг нь төр нөхөн төлж болно” гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу асуудлыг тавихдаа гол нь төр хариуцлагатай болно гэдэг үүднээс тавьсан юм. Мэдээж адгийн зарга 10 хоног гэгчээр шүүхийн асуудал 2-3 жил үргэлжлэх биз. Шүүхдэж байгаа зардал маань авах мөнгөнөөсөө ч давах болов уу. Өөрөөр хэлбэл, мөнгөндөө биш юм.
-Төрийг хариуцлагажуулахын тулд ийм алхам хийлээ гэж үү. Та нөхдийн ялах магадлал ер нь хэр гэж бодож байна?
-Төр хариуцлагагүй шийдвэр гаргах эсвэл хийх ёстой үйлдлээ хийхгүй бол иргэд хариуцлага нэхдэг юм шүү гэдгийг ойлгуулах гэсэн арга. Иймээс хуульчидтай уулзаж байгаа. Ялах магадлал хэр байна. Дотоодынхоо нөхцөл боломжийг судалж байна. Магадгүй шүүх бидний эсрэг шийдвэр гарах ч юм бил үү. Хэн мэдлээ. Тэр тохиолдолд гадны шүүх рүү ханддаг ч юм уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ гээд дараагийн байгууллагууд руу хандах гээд олон боломж бий. Эхлээд дотоодынхоо нөхцөл боломжийг мухарлах ёстой. Түүнээс биш хэн нэгнийг нэр зааж, аль нэг төр засгийг гутаан доромжлох санаа зорилго байхгүй.
-Энэ сарын 28-нд дараагийн жагсаалаа зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Жагсаал хийх зөвшөөрлөө авсан уу, хичнээн хүн оролцох бол?
-Жагсаал хийхээр бүртгүүлэх хүсэлтээ өгчихсөн. Гурав хоногийн дотор хариу ирүүлэх учиртай. Хариу өгөхгүй бол бүртгэсэнд тооцно. Хуулийн заалт нь ийм. Бид энэ сарын 28-ны жагсаалын бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Өмнө нь залуучууд, ээж, аавууд нэгдээд долоо хоногийн дотор шийдвэрээ гаргаж, жагссан. Энэ удаа сар гаруйн өмнөөс бэлтгээ базааж байгаа учраас хүн олон цуглах байх. Биднийг дэмжсэн хүмүүс ч их бий. УИХ-ын гишүүн С.Жавхлан болон нэр цуутай хүмүүс ч дэмжиж оролцохоо илэрхийлсэн.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.