Х.Баасанжаргал: Хүн бүрийн орлогын татварыг ижил нэг хувь болгох нь шударга шийдэл мөн үү?

2 цагийн өмнө Улс төр

 

УИХ-ын чуулганаар татвартай холбоотой холбогдох хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Хувь хүний орлогын албан татварыг 10 хувиас бууруулах шаардлагатай гэдэгтэй олон хүн санал нийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ бүх хүний орлогын татварыг ижил 1 хувь болгох нь үнэхээр шударга шийдэл мөн үү?

Татварын шударга тогтолцоо бол бүгд ижил татвартай байх тухай бус, хүн бүрийн бодит орлого, тухайн орлого хэдэн ам бүл, амьдралд зарцуулагдаж байгаагаар нь татварыг үнэлж, шатлалтай тогтоохыг хэлнэ.

Татварын бодлого нь зөвхөн орлогоор тэгшитгэн татварыг ижил тогтоох бус, татвар төлөгч олсон орлогоороо хэдэн ам бүл тэжээж байгаа, аж амьдарлын төлөөх иргэн хүний үүрэг, хариуцлагатай нь харгалзах байдлаар шинэчлэлийг хийх цаг нь болсон.

Жишээ нь сард 2 сая төгрөгийн орлоготой ганц бие хүн, мөн 2 сая төгрөгийн орлоготой боловч 4 ам бүл тэжээдэг хүн хоёрын амьдарлын чанар, төлбөрийн чадвар ижил биш. Орлого нь ижил боловч зарцуулалт нь өөр, мөн амьдарлын өмнө хүлээж буй үүрэг, хариуцлага нь ч ялгаатай юм.

Хүүхдээ өсгөх, өндөр настан асрах, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ халамжлах нь зөвхөн тухайн гэр бүлийн дотоод асуудал биш. Энэ бол улсын хүн ам зүйн бодлогод нөлөөлөх ач холбогдолтой, мөн нийгмийн ачааллыг үүрэлцэж буй явдал тул зайлшгүй үнэлэх ёстой зүй ёсны хөдөлмөр юм. Тиймээс татварыг бууруулахдаа бүх хүнд ижил хэмжээгээр бус, бодит нийгмийн ачаалал үүрч байгаа өрхөд илүү хөнгөлөлтийг чиглүүлэх хувилбарыг Татварын хуулийг хэлэлцэх үед санал гаргаж хэлэлцүүлнэ.

Саналын товч:
▪️ Нийтлэг ХХОАТ-ийн хувь – 5%
▪️ Гэр бүлийн 1 гишүүнээ асран хамгаалдаг бол – 4%
▪️ Гэр бүлийн 2 гишүүнээ асран хамгаалдаг бол – 3%
▪️ Гэр бүлийн 3 гишүүнээ асран хамгаалдаг бол – 2%
▪️ Гэр бүлийн 4 ба түүнээс дээш хүнийг асран хамгаалдаг бол – 1%

Асрахуйн эдийн засгийг татварын бодлогод тусгах анхны оролдлого тул иргэд та бүхэн санаа бодлоо харамгүй хуваалцаарай” гэлээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.