Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өчигдөр /2017.09.25/ хэлэлцүүллээ.
Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлжээ.
Тус яамны 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгав. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болголоо. Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болох юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэж хэллээ.
Эх сурвалж: АТГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.