Туул минь урсаад л. Сэтгэл дундуур уйлан хайлан зураад байна. Богд уулынхаа хормойгоор дорнын сарныг дуулмаар чиг намуухан нүүнэ. Болортон шижиртэх боргио нь шуугдан байх шиг. Голоо дагаад үүлс нь бас нүүнэ. Бүсгүйн хөмсөг шиг дугуйрч ирээд зурайна. Зурайсан хөмсөг шиг долгион дагуу моддын навчис хөвнө. Хөвж яваа навчны хүрээ тойроод Туулын ус атираатна. Анис анис хийгээд нарны цацраг голын усанд хугарч ойно. Ойсон цацраг агаар мандалд замхарна. Нугалаа татуулан мэлийсэн усанд сөөм жараахай үсчинэ. Үсэрсэн хойно нь үүдэн хойморын зайтай эргүүлэг тогтоно. Дотроосоо эдгэрсээр ус бүтэн болно. Туул урсаад л байна.
Бургас нь цөөрөөд л. Ус нь дундраад л. Эргээ элээсэн мөлгөр чулуу нь гөлийгөөд л байна. Гоо сайхан бут, сөөг нь Туулаа дагаад өлийнө. Тэнгэр бас тээр дээр дүнсийгээд л. Тэгсэн атлаа намрын уйтайг яанам.
Хатираа сайтай морины цуцаа нь үгүй явдал мэт тохой дагаад дүүхэлзэнэ. Гуу жалгаа бараадаад ганихарч ирээд жирэлзэнэ. Жирвэс жирвэс гээд дээд зовхис шиг таталсхийнэ. Ирвэс ирвэс хөдлөөд их гол лугшина. Түр түр гэж гол намуухан чулуугаа түүнэ. Түүсэн чулуу нь эргээ хээлэн бидэрлэнэ. Үүнийг чагнах жараахай төд удалгүй улам гүнд нь шургана. Түг түг гэж Туул сайраа элээнэ. Ус нутаг, улс амьтныг ундаалах л гэж урсаа үгүй нь үл мэдэгдэм анир алдана, Туул. Туул урсаад л байна.
Бургас нь цөөрөөд л. Ус нь дундраад л. Эргээ элээсэн мөлгөр чулуу нь гөлийгөөд л байна. Гоо сайхан бут, сөөг нь Туулаа дагаад өлийнө. Тэнгэр бас тээр дээр дүнсийгээд л. Тэгсэн атлаа намрын уйтайг яанам. Хөхөө донгодох ууланд манан суугаад нулимстай. Нулимсны ганцхан дусал өвсний толгойд бөнжигнөнө. Бүүр түүрхэн санаа алдмаар. Буга согоо хотолж ирээд ундаалдаг сайхан Туул эзгүйрчээ. Ангир шувуу ганганаж ирээд зусдаг байснаа больчихож. Намар орой болтол буцаагүй л байдагсан. Туул нэг л гундуухан, бас гандуухан. Навч хөвсөн намуухан гол гэлээ ч мандалдаа хөвөх хог буртаг бүхнийг торохгүй урсгаж мэдэх их усан одоо тэнд алга.
Уг нь өдийд гарсан ч, орсон ч Туул голын хөвөөгөөр зугаалмаар болдогсон. Гэтэл Туул минь үзэмж гоо, өнгө зүсээ гээж орхиод өр зүрхэндээ л дотогш автах мэт болжээ…
Нандин үгсээ шивнэх хосын болзоо Туулын хөвөөнд “дууль” болон мөнхөрчээ. Мөнхөрсөн голын эрэг дагаад том, том барилга “хууль” мэт сүндэрлэх нь аймаар. Уулзах л гэж залуус хоорондоо товлодог Туулын бургас давжаарсан байна. Олны нүднээс тэдний явдлыг нуух өтгөн шугуй нь сэмэрсэн торго шиг намрын салхинд ороолгуулна. Уг нь өдийд гарсан ч, орсон ч Туул голын хөвөөгөөр зугаалмаар болдогсон. Гэтэл Туул минь үзэмж гоо, өнгө зүсээ гээж орхиод өр зүрхэндээ л дотогш автах мэт болжээ. Уй гунигийн нулимсаа залгих мэт газарт шингэн уусна. Очих бүрийд гуниг нимгэлэх бус уйтгар зузаалах аж. Зүтгэн зүтгэн тэмүүлсээр Туулд усаа юүлэх Сэлбэ, Улиастай нь яагаа вэ. Дугтран дугтран шуугих Дунд гол минь хаачив даа. Гол ус төрлөө эрээд газар ижий болов уу. Буурал түүхийн жимээс үзэхэд Тэмүүжиний их цэрэг гаталж баралгүй дэргэд нь хонох Хатан Туул. Дөрвөн уулын тэхий дундуур хотолзсон долгио татууланхан байлаа, Туул минь.
Арван тавны сарыг аргамжиж хүлдэг гоолиг мөнгөн Туул суман хурдаар урсдаг байсныг бодохоор л гол харламаар болно. Туул минь урсаад л. Урсах гэж дээ уйлаад л байна. Урьдын сайхан бүхнээ санан санан мэлтийгээд л. Мэлмэрсэн сартай, мэлтэлзсэн үеэ бодоод л. Тун чиг сайхан гол ус байсандаа гэж буурлууд санааширна. Залуу насаа Туултай зүйрлэн бодоцгооно, тэд. Тунгалаг Туул минь санаа алдмаар дурсамж дотор үерлэнэ. Үерлэн одсон он жилүүдээс Туул л харагдана. Ийм сайхан голыг ирээдүй хойч минь номноос үзэх бололтой. Уйтгар төрнө.
Арван тавны сарыг аргамжиж хүлдэг гоолиг мөнгөн Туул суман хурдаар урсдаг байсныг бодохоор л гол харламаар болно. Туул минь урсаад л. Урсах гэж дээ уйлаад л байна. Урьдын сайхан бүхнээ санан санан мэлтийгээд л. Мэлмэрсэн сартай, мэлтэлзсэн үеэ бодоод л. Тун чиг сайхан гол ус байсандаа гэж буурлууд санааширна. Залуу насаа Туултай зүйрлэн бодоцгооно, тэд. Тунгалаг Туул минь санаа алдмаар дурсамж дотор үерлэнэ. Үерлэн одсон он жилүүдээс Туул л харагдана. Ийм сайхан голыг ирээдүй хойч минь номноос үзэх бололтой. Уйтгар төрнө. Уулын жавар усанд бууриа сэлгэн бууна. Туулын хөндий улам хүйтэн болох шиг совин татна. Хүйтэн ус нь шүд таших мэт бодлыг төрүүлнэ. Энүүхэнд буй бөөн бургасанд шаазгай шувуу шаг шаг шагширна. Надад, чамд нэгийг хэлэх л гэсэн мэт шог шог шогширно. Дөрвөн уулын оройгоор намрын бороо цайраад л. Усан манан гүйсэн уулс Туулаа өрөвдөх шиг хөшгөө татаад намжирдана. Навчис голын усанд намс намс ойчно. Ойчих навчинд цочих мэт Туул минь сэрвэлзэнэ. Туул минь урсаад л байна. Урсах гэж дээ уйлаад л байх юм. Ай даа, ариун их усыг чинь бараадсан хүмүүн бидний заяа тавилан ч хаашаа бас л яаранхан нүүдэлнэм зэ.
Д.Энхтүвшин
14 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.