Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима өнөөдөр (2017.07.18) сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөв.
Ноён Тадамори Оошима “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголд айлчлахыг хүсч, намайг урьж байсан юм” гээд өнгөрсөн хугацаанд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга нэг ч удаа Монголд айлчилж байгаагүй юм билээ. Энэ ч үүднээсээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Төлөөлөгчдийн танхимын даргын хувиар айлчлал хийж байгаа юм гэдгийг онцлов.
Тэрбээр “Монголд саяхан Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Ажил ихтэй энэ өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга болон албаны бусад хүмүүс биднийг халуун дотноор хүлээн авч байгаад гүн талархал илэрхийлье. Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзалт хийлээ. Мөн Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Манай хоёр орны хувьд ардчилал, эрх чөлөөг хөгжүүлж байгаа нийтлэг зорилготой билээ. Ийм ч учраас бидний хувьд Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш юм. Цаашид хоёр орны Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт гэх мэт бүхий л салбарт өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлд санал нэгдсэн” гэлээ.
Ноён Тадамори Оошима үргэлжлүүлэн хэлэхдээ, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд манай улс 850 сая ам.долларын тусламж, дэмжлэгийг Монгол Улсад үзүүлэхээр болсон. Түүнчлэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн. Мөн Хойд Солонгосын асуудлаар бид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Одоогийн нөхцөлд Монгол Улс энэ асуудалд маш санаа зовниж байгааг дуулгасан.
Түүнчлэн “Токио 2020” олимпод Монголын баг, тамирчид амжилттай оролцохыг бид хүсч байна. Мөн 2025 онд “Олон улсын Экспо”-г Осака хотод зохион байгуулахад Монгол Улс дэмжиж оролцохоо илэрхийллээ. Үүнээс гадна Монголын талаас Нүүрс-химийн цогцолбор байгуулах, шинэ нисэх онгоцны буудлын менежментын асуудлыг шийдэх, шинэ төмөр зам барих зэрэг саналуудыг дэвшүүлсэн. Эдгээр асуудлыг Засгийн газартаа уламжилна гэдгээ бид илэрхийллсэн. Бидний зүгээс ч хэд хэдэн санал дэвшүүлсэн. Эцэст нь хэлэхэд хэдий богино хугацаа ч гэлээ айлчлал амжилттай болж байгааг хэлмээр байна” гэлээ.
Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, “Японы хууль тогтоох байгууллагын дээд удирдлага гадаадад айлчлах нь тийм ч олон биш гэж сонссон. Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Монголд анх удаа айлчилж байна. Та яагаад чухалчлан Монголд айлчилж байна вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад ноён Тадамори Оошима “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийг бид зорьж ирсэн. Та бүхэн харж байна. Миний ард манай Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гурван гишүүн зогсож байна. Өөрөөр хэлбэл Төлөөлөгчдийн танхим хоёр орны харилцааг эрхэмлэн хөгжүүлэх зорилготой гэдгээ харуулах үүднээс залуу гишүүдийнхээ хамт Монголд айлчилж байгаа юм” хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
11 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.