Ард түмний хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээдэг хүмүүс бол спорт, урлаг соёлынхон билээ. Тэднийг ард түмэн, залуус толгой дээрээ өргөн хүндэлж, фен клуб байгуулан дэмжиж, мөн үлгэр дууриалал авч байна. Наад зах нь төрийн байгууллагуудад ажил хөөцөлдөөд ороход хэн ч байсан түргэн бүтээж өгөөд хариуд нь ганц селфи зураг даруулаад хоцордог. Гэвч урлаг соёл, спортын зарим алдартан ард түмний хайр хүндэтгэл рүү өнгөрсөн сар гаруйн хугацаанд ус цацлаа. Бас доромжиллоо. Тэд улаан мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болжээ. Мөнгө авч л байвал аль нам, нэр дэвшигч нь хамаагүй үзэл бодол, ард түмнээс өгсөн итгэл, хүндэтгэлээ худалдаж байгааг харахад шившигтэй санагдав.
Магадгүй өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр тухайн нэр дэвшигчийг дэмжсэн хэмээн өөрсдийгөө өмгөөлж болох ч бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодож үзэх ёстой. Манай спортынхон хэлдэг. Хэн нэгэнтэй муудалцвал давуу талаа гаргаж болохгүй, магадгүй боксчин бол өөдөөс нь өрөөд зодолдох нь буруу, тиймээс эв зүйгээр салахыг хичээдэг хэмээн ярьдаг. Үүнтэй адил спорт, урлагийнхны давуу тал бол олон нийтэд танил байдал юм. Залуус тэднээс үлгэр дууриалал авдаг. Гэтэл тэдэнд итгэж, үлгэр дууриалал авдаг давуу боломжоо ашиглаж нэр нүүрээ худалдан бусдад нөлөөлөх нь хэр зохимжтой вэ.
Энэ удаагийн сонгууль хар бараан бүхнээр дүүрэн боллоо. Нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, гахай нохойгоороо дуудалцав. Монгол эр хүний жудаг, ард түмнээ гэх сэтгэл нэр дэвшигчдээс ханхалсангүй. Үүнийг нь тойрон хүлээсэн, спорт, урлагийнхан улам дэврээж, намайг хүндэлдэг бол манай хүнийг дэмж хэмээн оюун санааг нь “хүчирхийлэв”.
Ядаж байхад, сурталчилж байгаа нэр дэвшигчээ тэнгэрт тултал магтана. Хэрэв үнэхээр л мөнгө авалгүй сэтгэл зүтгэлээрээ дэмжиж байгаа бол захиас даалгавараа ч хэлж чаддаг байх ёстой. Харин манай спорт, урлагийнхан мөнгийг нь үмхчихсэн тул магтаад байна. Бараг л бурхан мэтээр тахиж шүтэж явдгаа хэлнэ. Тиймээс тэдэнд ямар ч нэр төр, үнэ цэнэ алга. Зарим нь элдэв нэр хоч зүүгээд эхэлсэн. Поп, бөгс долоогч, “шүдэнз” гэх зэргээр нь хүмүүс андахгүй. Үүнд нэр цохож хэлэх шаардлагагүй. Угаасаа тэд өөрсдийгөө мэдэж байгаа. Ард түмэн ч андахаа больсон.
Дээрээс нь сошиалийнхан гэж бөөн хар масс байна. Twitter-т тэнэг хүн байхгүй гэдэг шиг бүгд ухаантай царайлна. Тэр нэр дэвшигч нь сайн, энэ нь муу гэж уралцана. Цаагуураа мөнгө авчихсан, үзэл бодол итгэл үнэмшлээ хогтой шүүрдээд хаячихсан. Уг нь хүний адгууснаас ялгарах онцлог бол оюун ухаан, үзэл бодол юм шүү дээ, зайлуул. Нөгөө хэсэг нь Facebook-т лайв хийж мундаг хүн болох гэж хичээнэ. Бас л албан тушаал, алт мөнгөнд оюун тархиа тушаачихсан. Ер нь тэдний талаар нуршихаас ч ой гутаж байна.
Энэ удаагийн сонгууль хар бараан бүхнээр дүүрэн боллоо. Нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, гахай нохойгоороо дуудалцав. Монгол эр хүний жудаг, ард түмнээ гэх сэтгэл нэр дэвшигчдээс ханхалсангүй. Үүнийг нь тойрон хүлээсэн, спорт, урлагийнхан улам дэврээж, намайг хүндэлдэг бол манай хүнийг дэмж хэмээн оюун санааг нь “хүчирхийлэв”. Уг нь би түүний фен. Гэтэл мөнгөний төлөө нэг нэр дэвшигчийг улайм цайм магтаж, бусдыг нь хорон үгээр буллаа. Намайг, олон мянган дэмжигч нараа хүндлэхгүй, “таван цаас”-ыг илүүд үзэж байгаа нөхрийг бид хүндлэх ёстой юу. Хүмүүс попуудаас ийм л сэтгэгдэлтэй үлдсэн. Одоо тэд сонгуулийн дараа ичих ч үгүй телевизийн ярилцлагад орж маазран инээж, шударга ёс, хүнлэг байдал ярьж, бас болоогүй шинэ уран бүтээлээ ард түмэндээ зориуллаа хэмээн “донгосоно”. Мөн та бүхний хүчээр энэ амжилтад хүрсэн хэмээн цаасан малгай “өмсгөнө”. Даанч харамсалтай. Үнэхээр л олон түмнийг хүндэлдэг байсан юм бол мөнгөний төлөө ард түмний үзэл бодолд нөлөөлөх гэж шоу хийхгүй байх чинь яав. Ард түмэн намайг хүндлэх ёстой, би “од” гээд бодчихсон. Тэгээд тоглолт хийвэл ард түмнийг тасалбар авах кассын машин гээд ойлгочихсон. Эсвэл спортод амжилт гаргавал гар дээрээ өргөж, бэлэг сэлт барьдаг өглөгчид гээд харчихсан. Бусдаар олон түмний итгэл үнэмшил тэдэнд чухал байсангүй.
Нэр төртэй амьдрана гэдэг сайхан. Нугарахгүй, нугачаанд дунд мөн чанараа гээлгүй энэ амьдралыг туулна гэдэг бахархал. Мөнгө хүчтэй ч нэр төр, зарчим түүнээс ч үнэ цэнэтэй байдаг. Хожим та нар ойлгоно оо. Та нартай өөр юугаа ч ярих вэ дээ.
Харин сонгуулийн үеэр намуудад үйлчилж, ард түмний өгсөн итгэл, хүндлэлийг мөнгөөр худалдаагүй спорт, урлагийнханд баяр хүргэе. Олон нийтийг талцуулж, мунхруулахад үүрэг гүйцэтгэж, монголчуудын магнайд үрчлээ нэмээгүйн төлөө талархах учиртай. Сонгууль бол ердөө л нэр дэвшигчдийн үзэл бодол, байр суурь, мөрийн хөтөлбөрөөр тулалддаг талбар. Үүнд хэн нэгэн ирж жүжиг тавих, “шүдэнз асаах”, марзагнах, бусдыг уриалах шаардлагагүй. Энэ бол тоглолтын тайз, спортын дэвжээ биш ээ. Спорт, урлагийнхны ажил бол ард түмнийг гэгээрүүлэх, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх, бахархал дүүрэн амьдруулах болохоос талцан хуваах биш юм.
Нэр төртэй амьдрана гэдэг сайхан. Нугарахгүй, нугачаанд дунд мөн чанараа гээлгүй энэ амьдралыг туулна гэдэг бахархал. Мөнгө хүчтэй ч нэр төр, зарчим түүнээс ч үнэ цэнэтэй байдаг. Хожим та нар ойлгоно оо. Та нартай өөр юугаа ч ярих вэ дээ.
Л.Хуяг
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.