Анхны Элчин сайд “Канадын андууд” дурсгалын тэмдгээр шагнууллаа

2017-07-4 Засгийн газар

Зураг

Монгол Улсаас Канад Улсад анхны Элчин сайдаар сууж байсан Г.Батсүхэд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Канад Улс тунхагласны 150 жилийн ойд зориулан тусгайлан бүтээсэн “Канадын андууд” дурсгалын тэмдэг гардууллаа.

Г.Батсүх нь 2001-2005 онд Канад Улсад Элчин сайдаар сууж байсан юм. Мөн хугацаанд тэрбээр Перу, Парагвай болон Бразил улсыг хавсран сууж байжээ. Мөн 2005-2009 онд БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан бөгөөд мөн Австрали, Шинэ Зеланд, Пакистан улсыг хавсран сууж байсан туршлагатай дипломатч юм. Уг тэмдгийг Хойд Америкийн Мөнх цас Хадат уулаас олборлосон Амолит хэмээн ховор, үнэт чулуугаар хийсэн байна. Дурсгалын тэмдгийг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр Байгалийн түүхийн музейн өмнө байрлах “Алтайн угалзны баримал”-ны дэргэд гардуулсан юм. Учир нь энэхүү барималыг бүтээх санаачлагыг Г.Батсүх гаргасан бөгөөд уран барималч Рик Тэйлор Канадын Альберта мужид бүтээж, 2006 онд Монгол Улсад бэлэглэжээ. Баримал нь 4 метр өндөр, 2 метр өргөн, 3 метр урт бөгөөд 800 кг жинтэй аж.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.