“Хар улс төр”-дөө гарамгай Ч.Ундрам соёлын салбарт “жулдаж” байна

4 цагийн өмнө Uncategorized

Соёлын сайд Ч.Ундрам хоёр парламент дамнан хууль тогтоолцож буй ч УИХ-ын гишүүний хувьд өөрөөрөө авторласан олигтой хуульгүй, бүр тодруулж хэлбэл хууль тогтоогчоороо хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгэн. Хувийн элдэв шуугианаараа л олны анхааралд орсон улстөрч. Тэр цагаас хойш монголчууд бултаараа Ч.Ундрам гэж гишүүн байдгийг  мэдэж авч байв.

Соёлын сайд болсноосоо хойш ч түүнд барьж авсан бодлого шийдэл огт алга. Өмнөх сайдынхаа хийсэн ажлыг бүх төрлөөр гарамгай харлуулахад хамаг анхаарлаа хандуулсаар  өнөөг хүрснийг учир мэдэх улс толгой сэгсрэн харж сууна. Уул уурхайн бизнесээр тэрбумтан болсон  аавынхаа нөлөө, хөрөнгө чинээгээр Соёлын сайдын суудалд тухалсан гэгддэг Ч.Ундрам хоёр өдрийн өмнө “Монгол Улсыг дэлхийд сурталчлахад их мөнгө зарцуулсан байна, BBC, CNN, Английн премьер лигийн Фүлхэм клуб гээд дандаа сая доллараас дээш гэрээ хийгдсэн байна шүү дээ ” гэж өмнөх сайд Ч.Номинг шүүмжилж, матсан өнгөтэй үгс унагаатхав.

Гэтэл Ч.Ундрам сайдын шүүмжилж, илүү үзээд буй эдгээр гэрээ 2023 оноос эхэлсэн  “Go Mongolia” төслийн хүрээнд хэрэгжиж, үр дүнгээ нэгэнт өгчихөж. Харамсалтай нь Соёлын сайд хэдэн жил дамнан хэрэгжсэн “Gо Mongolia” төсөл Монголд хэчнээн долларын өгөөж өгснийг огт ярьдаггүй. Ярихыг ч хүсдэггүй.

Түүний үр дүн, өгөөжийг нь ярих дургүй “Go Mongolia” төсөл 2023 оноос хойш хэрэгжиж байгаа юм. CNN, BBC, “Фүлхэм” клубээр Монголоо сурталчилсны үр дүнд 2022 онд 200 мянган жуулчин хүлээж авсан Азийн Монголд 2024 онд түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин ирж байв. Нэг жуулчин 2000 ам.доллар зарцуулдаг гэсэн дундаж тооцоогоор бодоход  800 мянган жуулчин Монгол Улсад нийтдээ 6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгочихож.  Энэ нь одоо хэлэлцэж буй улсын төсвийн 20 хувь гэхээр асар том мөнгө болж таарч байна. Ингээд харахаар Монголын улсын Засгийн газар, Соёлын яам Монголоо гадаадад сурталчлуулсан  зардлаа 800 нугалаад олчихсон байх юм.

Ч.Ундрам сайд аа, өмнөх сайд чинь энэ зэргийн  дэлхийн хэмжээний ажлыг хурууныхаа үзүүрээр хийчихсэн байна. Үргэлжлүүлдэггүй юм гэхэд, цоо шинээр сэтгэдэггүй юм гэхэд харлуулахгүй байвал ирээдүйн карьерт  тань хэрэгтэй. Яг үнэндээ Ч.Ундрам сайд  соёлын салбарт бодлого хэрэгжүүлэхэд  жулдаж, гологдож байна.

Сайд гэж дуудуулах хугацаандаа харизмаа харуулж, соёлын салбарт  мөр үлдээх  ажил барьж авахгүй бол тэр өнөө л хувийн элдэв шуугианаараа олонд танигдсан Ч.Ундрам хэвээрээ үлдэх нь байна. Тэгэхээр яг одооноос Монголыг дэлхийд таниулсан цор ганц төслөө өөлж, улстөржүүлэхээ зогсоохгүй бол карьераа шавартай хутгаж мэдэхээр байна шүү, Соёлын сайд аа. “MongolZ”-г гүтгэсэн шигээ эвгүй байдалд орохгүй гэвэл  улс төрийн энэ мэт бохир тоглоомноос нэрээ, биеэ татаж, соёлын салбарт Ч.Ундрамын гэх гоё өнцөг барьж ав. Тэгээд судалгаа, үндэслэлтэй төсөл хэрэгжүүл. Үр дүнг нь харуул. Ингэж байж л та  Г.Занданшатарын дохиураар Д.Амарбаясгалан чигийн улстөрчдийг харлуулах пи ар ажиллагааны гүйцэтгэгч биш гэдгээ, соёлын салбарт жулдах нэгэн биш гэдгээ батална.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.