Боомт сэргэсэн үү, Б.Тулга сайд сэргэж байна уу?!

2 цагийн өмнө Uncategorized

Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авах гэж байхад АТГ-ынхан баривчлан саатуулж байв. Тэрбээр “Миний бие иргэн Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015.11.04-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм” хэмээн ил захидлаар олон нийтэд мэдээлж байсан факт бий.

Одоо харин Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Н.Энхбаярын чихийг халууцуулж мэдэхээр байна. 2023.04.06-нд өнөөгийн албан тушаалдаа томилогдож байсан түүний гэр бүлийн орлого болоод хадгаламж дахь мөнгө бүтэн орноор өссөнийг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн бага төсөвтэй буюу 11.3 тэрбум төгрөгийн төсөвтэй гэгдэж байсан Боомтын сэргэлтийн Үндэсний хороо ч багахан мөнгөөрөө тансаглаж болдгийг аудитын дүгнэлт харуулжээ.

Дүгнэлтэд Боомтын сэргэлтийн Үндэсний хороо нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгууллагын хэрэгцээ шаардлагаас давсан автомашинуудыг 2 тэрбум орчим төгрөгөөр худалдан авсныг онцолсон байгаа юм. Тус хороо туулах чадвар сайтай нэг бүр нь 170 сая төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг автомашин, 135 сая төгрөгийн үнэтэй 2 ширхэг суудлын автомашин худалдан авахаар төсөвлөсөн байснаас худалдан авах ажиллагааны нь явцад хөрөнгө оруулалтын нэр төрөл, тоо хэмжээ, үнэ зэрэгт өөрчлөлт орж 834 сая төгрөгийн худалдан авалт хийж.

Ингэхдээ хөрөнгө оруулалтын зарцуулагдаагүй үлдсэн 966 сая төгрөгийг төсвийн дансанд төвлөрүүлээгүйгээр барахгүй төсөвт болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагаас давсан Nissan Patrol Y62 маркийн 2 ширхэг автомашин, “Nissan Leaf” гэх хоёр ширхэг автомашин, “Hyundai Elentra” нэг ширхгийг 963 сая төгрөгөөр худалдан авч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна.

Улмаар 260 сая төгрөгийн компьютер, техник хэрэгслийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар төлөвлөсөн боловч гүйцэтгэлээр худалдан авалтын төсөвт өртгийг хувааж шууд худалдан авалтаар багаж, техник, хэрэгслийн зардлаас 262.3 сая төгрөгийн хөрөнгө гаргасан. Мөн 607.3 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүйгээр “Гэрээний төлбөр” гэх агуулгаар зарцуулсан, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 8.9 тэрбум төгрөгийн 38 төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахаар төлөвлөсөн боловч 6.8 тэрбум төгрөгийн 9 арга хэмжээний гүйцэтгэлийг тайлагнаад үлдсэн 2.2 тэрбум төгрөгийн 27 ажлын гүйцэтгэлийг тайлагнаагүй бөгөөд энэ мөнгө юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа аж.

Б.Тулгын тэргүүлсэн үндэсний хороо өнгөрсөн хугацаанд хэд хэдэн тендер зарласан байдаг.

Үүнд Бичигт боомтыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хөрш орны боомтын төлөвлөлттэй уялдуулан шинэчлэх тендерийг 2025.01.16-нд зарласан байх бөгөөд 80 сая төгрөгийн өртөгтэй уг тендерт нь Идеал групп 76.670.000 төгрөгийн үнийн санал илгээж шалгарсан юм байна. 2006.05.03-нд байгуулагдсан тус хуулийн этгээдийн эзэмшигчээр гурван хүн бүртгүүлж байсан ч өдгөө Долгорын Мижидсүрэн гэх ганц нэр улсын бүртгэлд үлдсэн байгаа юм. Тэрбээр 2009.06.05-нд Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг байгуулж Удирдах зөвлөлийн даргаар нь бүртгүүлж байсан нэгэн аж. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийг томилох үеэс Н.Энхбаярын оролцоо өндөр байсан бөгөөд түүний хүн гэгддэг Ч.Чимидсүрэнг томилж байсан талаар хэвлэлүүд хангалттай мэдээлж байв.

Уг нь чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дэд бүтцийн ажилд 2006-2015 онуулал нийт 26.1 тэрбум төгрөг зарцуулсан ч харамсалтай нь сумын төвийн хэдэн мухлаг шиг үйл ажиллагаанаас хэтрээгүй байгаа нь хайран.

БНХАУ-тай хил дамнасан цахим чөлөөт худалдааны бүс байгуулах боломж, болзошгүй эрсдлийг үнэлэх судалгааны ажил гүйцэтгэх тендерийг 2025.02.03-нд зарлаж, уг тендерт Мэргэжлийн социологичдын холбоо 39 сая төгрөгийн саналаар шалгарсан ч үр дүн нь мөн л чамлалттай үзүүлэлттэй гарч.

Мэргэжлийн социологичдын холбоо 2015.04.20-нд байгуулагдаж Удирдах зөвлөлийн даргаар нь Ганболдын Золжаргал бүртгэлтэй байсан ч сүүлд Нэргүйбаатарын Батзориг гэх хүн томилогдон ажиллаж буй аж. Тэд хамтран Пи Эс Ай Эм гэх хуулийн этгээдийг мөн эзэмшдэг юм байна.

Г.Золжаргалын нэрээр олон хуулийн этгээд улсын бүртгэлд байгаагийн дотор Коачинг ХХК гэж бий. 2010.12.01-нд байгуулагдсан уг хуулийн этгээдийг Ганболдын Ганжаргалын хамт эзэмшиж байсан бөгөөд Г.Ганжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2020 онд ажиллаж байгаад 2022.04.13-наас Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-д газрын даргын алба хаших болж.

Нийтийн орон сууцаа арилжиж орлогоо нэмэгдүүлсэн хэмээн Хөрөнгө орлогодоо мэдүүлсэн энэ эр Аримун монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Эл компанийг нь удирддаг Ганболдын Гантулга Соёлын сайд асан Ч.Номинтой хамтран Скинни гэх хуулийн этгээдийг хамтран эзэмшиж байсныг нь Улсын Бүртгэл дэх нээлттэй мэдээллээс харж болж байна. Тэрчлэн эл компанийг Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах үед Тамгын газарт нь референтээр ажиллаж байсан Гантулгын Түвшинзаяа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан нь сонирхолтой.

Б.Тулга сайдын гэр бүл Н.Энхбаяртай ойр гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй. Төрсөн дүү Б.Бүжинлхам нь УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн туслахаар ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын Тамгын газарт шинжээч, 2021 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт хийх болсон. МАН МАХН-ын нэгдлийн дараах “ажил” хуваарилалтад багтаж УИХ-ын Тамгын газарт шинжээчээр ажиллахдаа жилийн 14673.70 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан түүний хөрөнгө орлого жил ирэх тусам өсөн тэлж буйг жич судлахад гэмгүй л байх.

Үүнээс гадна Б.Тулга сайдын тэргүүлсэн Үндэсний хорооноос БНХАУ-ын хил дамнасан чөлөөт бүсийн дүрэм журам, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд үзүүлэх хөнгөлөлттэй холбоотой судалгааны ажил гүйцэтгэх тендерийг 2025.02.26-нд зарлаж Энх алтай хөгжил капитал ХХК шалгарсан асуудлыг аудитынхан онцолсон байгаа юм. Учир нь 2020.04.03-нд байгуулагдсан уг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Бодьгэрэлийн Мядагмаа гэгчийн өмнөх захирал Нямын Наранбаатар Эрүүл мэндийн төвийн даргаар 2024.10.22-нд томилогдон ажиллах болж. Энэ сэжмийг хөөвөл нийтлэлийн эхэнд дурьдсан Г.Шийлэгдамбын яриан зүгт хөтөлж мэдэхээр байгаа нь сонин. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх тул энд түр орхиё.

Үргэлжлэл бий…

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.