C.Баяр: Сонсгол хийх нь зөв, гэхдээ цагаа, сэдвээ олоогүй байна

5 цагийн өмнө slider

Оюутолгойн бүлэг ордын сонсгол гурав дахь өдрөө буюу зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Ерөнхий сайд асан С.Баяр ирж, өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өмнөх сонсголуудад “Оролцохгүй” гэдгээ мэдэгдэж байсан ч өнөөдөр ирсэн байна.

Тэрбээр “Өгөөж гэдэг гол асуудал л даа. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тэр үед бэлэн болох боломжгүй байсан. Хэлцэн тохирсон асуудлаас хамаарч ТЭЗҮ -ийн үзүүлэлтүүд нааш цааш болох байсан. Энэ гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан боловч тодорхой нөхцөл болзлыг хангасны дараа энэ гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байсан. Тийм учраас дараа оны буюу 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон. Манай Засгийн газарт олон ажлын хэсгүүд байдаг.

Санхүүгийн модель схемийн дагуу 34 хувьтай байх юм бол бидний өгөөж тэр үеийн үнэлгээгээр 53-58 хувь, хэрэв 34 хувь авалгүй явах юм бол 77 хувьтай байх тооцоо гарсан.

Яагаад 34 хувьтай бөгөөд 34 хувьгүй гэж тооцсон бэ гэхээр, УИХ-аас 57 дугаар тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд тун сэтгэл хангалуун бус байсан. Яагаад гэвэл энэ тогтоол нь хуульдаа нийцээгүй гарсан шүү гэдгийг би шууд УИХ-ын удирдлага, баталсан гишүүдэд тавьж байсан. Хуулиндаа юу гэж байгаа вэ гэвэл улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн ордод 34 хувь хүртэл гэж заасан. Гэтэл 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй гэсэн тоотой. Цаашаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь хүртэл төр эзэмшлийн хувийг гадны хөрөнгө оруулагч компани лиценз эзэмшигчийн 50 хүртэл гэж хуулиас давсан шаардлагыг 57 дугаар тогтоолд тавьсан байсан.

Түр хорооны хурал үр дүн өгөөсэй гэж би хүсэж байсан. Гэтэл гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавар яриад байх юм.

Асуудал гэдэг бол өр зээлийн өндөр хүү, энийг л тойроод яриад байгаа. Үндсэн учир шалтгааныг ярихгүй, үр дагавар ярих нь үр дүнд хүргэхгүй болов уу. Монголчуудын үг бий. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ гэж… Овоо нь 34 хувь, 34 хувийг авах болсноос хамаараад бид нар уг нь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн, явсаар байгаад зээлийн гэрээ болсон. Тэр үүд хаалга бол 34 хувийг заавал ав гэсэн, хуулиндаа болно гэсэн, тогтоол нь ав гэсэн байдлаар Засгийн газарт үүрэг болгосон байсан. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргах эхний алхам нь байсан. Цаашаа энэ процесс үргэлжилсэн. Дубайн төлөвлөгөө гэж ярьдаг, энэний дагуу “Рио Тинто”-той Монголын Засгийн газрын ярьдаг гол асуудал бол төслийн үр өгөөж байх ёстой байсан. Ажиглаад байхад зээл, зээлийн хүү өндөр байна уу гэдгийг сүүлийн 10 жил ярилаа. Одоо ч Засгийн газар хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа.

Гол асуудал бол 34 хувьд байгаа. 34 хувьтай байгаа нөхцөлд өр зээлээ ярина. Буулгалаа буулгалаа гээд зээлийн хүүг 0 болгож чадахгүй.

Буулгалаа буулгалаа гээд 6, 7 хувь дээр л …

Энд нэг зүйл тодруулахад, 2012-2015 онд бүтээн байгуулалт зогссон. Оюутолгой ХК-ийн ил уурхайн нөөц ердөө 20 хувь бөгөөд хамгийн чухал нь 1-2 км-ийн гүнд байрлах газар доорх уурхай. 2015 оны Дубайн төлөвлөгөө батлагдсанаар хөрөнгө оруулалтын гэрээ зээлийн гэрээний шинжтэй болж хувирсан. Одоо яригдаж буй зээл, зээлийн хүү өндөр байгаа гэх шүүмжлэл ч үүнтэй холбоотой.

Энэ бүхэн 34 хувийн шийдвэрийн хор уршгийг өнөөдөр ил гаргаж байна. Нээлттэй сонсгол хийх нь зөв ч цаг хугацааны хувьд тохиромжгүй. Учир нь Засгийн газар зээлийн хүү, Онтретэй холбоотой хувь эзэмшил, лицензийн асуудлаар ид хэлэлцээр хийж байгаа үед нээлттэй сонсгол зарим мэдээллийг санаатай, санаандгүйгээр ил болгож, хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй.” гэлээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.