ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна

1 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникт ажиллалаа.

Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн 6 давхар өргөтгөлийн шинэ байр нь энэ оны 09 дүгээр сарын 01-нд ашиглалтад орсон бөгөөд 0-18 насны хүүхдэд бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн амбулатори, оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байгаагийн дийлэнх хувийг хүүхдэд зонхилон тохиолддог эмгэгүүд болох мэдрэл, зүрх судас, чих хамар хоолойн тусламж үйлчилгээ эзэлж байна. Мөн томуугийн улиралд амьсгалын болон хоол боловсруулах эрхтний кабинетын ачаалал нэмэгддэг бол сурагчдын амралт эхлэх үеэр бусад бүх үзлэгийн ачаалал хоёр дахин нэмэгддэг аж. Ачаалалтай үед хүний нөөцөө нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжээ өргөтгөх ажлын бэлтгэлээ хангасан талаар Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал танилцуулав.

Хүүхдийн Зөвлөх Поликлиник нь нийтдээ амбулаторийн 14 төрлийн үзлэг болон 12 төрлийн оношилгоог хийж байгаа бөгөөд ирэх онд өдрийн мэс заслын тусламж үйлчилгээний хэсгийг ашиглалтад оруулахаар засварын ажил хийгдэж байна.

Амбулаторийн үзлэгийн цагийг 7611-2180, 1800-0119 гэсэн утсаар урьдчилан захиалж үйлчлүүлдэг учраас эмнэлэгт олноор ирж оочерлохгүй, халдварын эрсдэлээс хүүхэд, гэр бүлээ хамгаалах боломжтойг иргэдэд зөвлөв. Мөн цаг авсан иргэдийн 20 хувь нь авсан цагтаа ирдэггүй тул энэ тал дээр хариуцлагатай хандахыг хүслээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.