
Хүүе ээ, Оюутолгойн нээлттэй сонсгол чинь бие биенээ яллах гэсэн зориудын жүжиг юм уу, эсвэл монголчууд нэг талдаа гарч ойлголцож байгаад айлын талтай хийсэн гэрээгээ сайжруулаад, зээлийн хүүгээ буулгаад авах боломж юм уу? Дотроо хэмхэлдсээр байгаад сонсгол хийсэн нэртэй хэдэн тийшээ хараал хэлээд салдаг, ард нь ямар ч үр дүн гардаггүй.
Тэгэхээр одоо арай өөрөөр хандмаар байна аа.
1.Оюутолгойн нээлттэй сонсгол Сангийн сайд Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгой ХХК-ийнхантай зээлийн хүүгээ буулгахаар хэлэлцээр эхлүүлсэн үед тохиосон нь сайн хэрэг боллоо. Тэгэхээр бид энэ хэлэлцээрийг амжилттай болгох талаас нь ард талд нь нэг зүгт хараад ахиухан ажиллаад өгмөөр байна.
2. С.Баярцогт маш ойлгомжтой хэллээ. Анхны гэрээг хийх үед Монголын эдийн засгийн үзүүлэлт 1.6 хувьтай байсан, гэрээ хийснээр эдийн засаг тав дахин өсч, улсын төсөв найм дахин, өрхийн орлого 92.0 хувь өссөн тоон дүн яригдаж байна. Тэр үед улсын маань төсөв 1.8 их наяд байсан, одоо 33.0 их наяд. Уул уурхайн гэрээ гэж юу байдаг талаар ямар ч ойлголтгүй байх үед геополитик, гуравдагч хөрш талаас нь харсан тал ч бий. Гэрээг үзэглэмэгцээ шууд зээлийн хүүг буулгах хэлэлцээрийг эхлүүлсэн гэж Баярцогт бас дуугарлаа. 1.8 их наядын төсөвтэй улсад нэг ч болсон гэрээнээс шүүрэх л чухал байсан биз. Алдаагаа олж харсан учраас шууд засахаар ноцолдож эхэлсэн юм болов уу даа. Энэ зээлийн хүүтэй одоо ч бид ноцолдсоор байгаа нь Жавхлангийн ахалсан ажлын хэсэг шүү дээ.
3. С.Баярцогт бас нэг үнэнийг шууд хэллээ. Дубайн буюу Ч.Сайханбилэгийн хийсэн гэрээ Оюутолгойн гэрээний нөхцлийг монголчуудад ашиггүй болгосон, харин Оюун-Эрдэнийн үед нөхцөл байдал сайжирч, Сайханбилэгийн алдааг засч, өргүй болгосон…ясны улстөрч тулдаа хүний, өөрийн намынх гэлгүй үнэнийг зөвхөн тоон үзүүлэлт харьцуулан дэлгэнэ гэдэг чинь энэ. Өөрийнхөө алдааг ч бас яриад л байна. Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Н.Алтанхуягийг шахсаар байгаад түлхэн унагааж, Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосон, Дубайн гэрээг бөөн дуулиантай үзэглээд Сайханбилэг гуай албанаасаа буусан даа. Улс төрийн тухайн үеийн он тоолол ч үүнийг гэрчилдэг.
4. Батнайрамдал руу олон хүн дайрч байна. Энэ чинь поп ч гэсэн залуу хүн, алдана, ононо, суралцана. Сонсгол удирдаж байгаагийн хувьд Батнайрамдал нэг зүйлийг ойлгомоор байна. Монголчуудад одоо Оюутолгойн гэрээ ярьсан популистууд, нийгмийн анхаарлыг татах гэсэн сайн дурынхан хэрэггүй, энэ чинь чамбай эдийн засагч, стратегчийн ажил.Чи өөрөө ч муухан ойлгож, хэнийг дэмжих, хэнийг буруутгахаа мэдэхгүй дунд нь гацсан, ямартай ч эхний өдрийнхөөс илүү асуудалд нээлттэй хандаж байгаа чинь бас ч гэж найдлага төрүүллээ. Наад инфлүзэр нэртнүүд, женкоистууд, бие биеэ харцаараа шөвгөдсөн, үгээрээ жадалсан Зика тэргүүтний хэрүүлд хэт автах хэрэггүй. Тэртэй тэргүй чи өөрөө дэд сайд байхдаа Оюутолгойн гэрээний зээлийн хүүг буулгах тал дээр юу ч хийгээгүй, одоо харин тал хараад байлгүй, нэг зүг рүү зүтгэх тактикаар наад сонсголоо удирдаад, Сангийн сайд Жавхлангийн ахалсан ажлын хэсгийн ард хүч нэмэрлэхээ л хичэээ дээ. Зээлийн хүүгээ буулгаад авбал нэг алхам урагшилна.
5. Онтрэгийн хувьд Баярцогтыг сайн сонс, бид 34 хувиа авна, дээр нь ашгаа авна гээд хэлээд байгаа биз. Аль эрт баталсан хууль, гэрээнд тусгасан зүйл заалтыг ч дурдаж байна. Монголын талын мэдэхгүйдээ алдаж болзошгүй давуу талыг ч дурдлаа, эс үйлдэхүй байдлаар хүлээсэн хохирлыг ч хэллээ. Оюутолгойн ТУЗ-ын экс гишүүн Баясгалан гэж чухам чамбай бүсгүй байна. Түүний хэлж, ярьж байгаа тоо баримт болгон маш удаан хугацааны судалгаанд тулгуурласан, аль нэг улстөржсөн талд ороогүй хүний үгс байсан шүү. Нээрэн та нар зээлийн хүү бууруулах гэж ямарррр удаан, ямаррр олон жил судалдаг юм бэээ?
6.Энэ гэрээг хуудас, мөр болгоноор нь уншиж, дүн шинжилгээ хийсэн хүн энэ дотор бараг алга. Ял хүлээж, цагаадаж явсан юм болохоороо Баярцогт, ТУЗ-д нь монголчуудыг төлөөлж ажиллаж байснаараа Баясгалан нар л мөр тоолон, цэг таслалаар нь уншжээ, харагдаж байна. Тэр miu miu эмэгтэй, лайвчид энэ тэр бол самарна, хагална, болж өгвөл зодоон цохионд турхирна, өөр ид шид хүлээх ч хэрэггүй.
7. Гэрээг одоо буцаана гэвэл олон улсын арбитрын шүүхээр орж, хэдэн арван жил сунжирч, маш их өр төлбөр, алданги төлнө. Энэ хооронд ухаад дуусна. Маргаан Монголын хилээс гараад явчихвал монголчуудыг нэмээд яаж хохироохыг таашгүй. Энэ утгаараа сонсголоос үндсэндээ бодит үр дүн хүлээх хэцүү. Харин сонсголыг Батнайрамдал удирдахдаа, Жавхлангийн ахалсан Оюутолгойн зээлийн хүүг буулгах ажлын хэсэгт шууд хүч өгөх, хэлэлцээрээс томхон үр дүн гаргах зорилгод чиглүүлмээр байна. Хамтарч зүтгэнэ, нэг зүг рүү харна гэсэн үг. Хамтарч байж л айлын талтай хэлэлцдэг юм байгаа биз дээ, хагаралдаад байвал бүүр олз л болно шүү. Шүүх хурал биш, сонсгол удирдаж байгаагаа санаарай даа, хэрэв үнэхээр ялтан олж шүүх гэж байгаа бол нэг мөр шүүх хуралдаа дуудаад асуудлаа шийдье.
Сэтгүүлч Р.Эмүжин
2 цагийн өмнө
2025-12-5
2025-12-5
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.