“Дан дээлтэй” хүний нэр дараагийн Ерөнхий сайдад түлхүү яригдаж байна

2025-06-3 slider

 

 

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлчийн мөч хүртлээ парламентаас ганц удаагийн өршөөл гуйж, түмэн булчирхайгаа тоочсон боловч өнгөрөгч шөнө зөөлөн сэнтийгээсээ газардлаа.

Тодруулбал, нууцаар явуулсан уг санал хураалтад нийт 82 гишүүн оролцсоноос 44 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх ёстой гэж үзсэн бол 38 нь дэмжээгүй санал өгчээ. Ийн нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнгүй.

Ингээд дүрмийн дагуу дараагийн Ерөнхий сайдыг томилох хуулийн заалтын хугацаа тоологдож, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Ерөнхний сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой боллоо.

Хэрэв 30 хоногийн дотор буюу 2025 оны долдугаар сарын 3-ны дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах заалттай. Харин дараагийн Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг нь ажилд томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа хийнэ. Энэ хугацаанд Ерөнхий сайдыг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр орлож, төрийн ажлыг цалгардуулахгүй явуулах үүрэгтэй билээ.

Ийн энэ сарын дундаас эхлэн эрх баригч намын Удирдах зөвлөлөөс дараагийн засгийн тэргүүний нэрийг намын Бага хурлын гишүүдэд танилцуулна. Мөн Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшигч өөрийн хүслээр болон гишүүдийн саналаар тодрох бүрэн эрхтэй.

Ямартай ч өнөөдрийн байдлаар төрийн ордон эл хуль. Үүр цайтал итгэл алдрахгүй хүлээгсэд гунигаа тайлж, хаа нэгтээ бүгсэн биз ээ. Харин итгэл хүлээлгэхийг хүсээгүйчүүдийн хүсэл нь биелэж амарч буй бололтой.

Одоогоор Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай нөхдийн тоонд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс түлхүү дуулдаж буй юм.

Тэдний дундаас хамгийн өндөр магадлалтайгаар нь ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг онцлож байна. Түүний хувьд, 1998 онд МАН-д элссэнээр улс төрд эргэж буцалтгүйгээр орсон байдаг. Түүний улс төрийн анхны карьер намын дэргэдэх залуучуудын байгууллагаас эхэлж, улмаар 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалт байгуулж, түмэнд өөрийгөө таниулсан гэхэд болно. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн гурав дахь удаагийн ялалт нь болсон байна. Тэрбээр сүүлд 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойргоос нэр дэвшсэн боловч иргэдийн итгэлийг хүлээж, сонгогдож чадаагүй. Тэрбээр өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Мөн өмнөх Засгийн газрын үед У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Ийм нэгэн улс төрийн замналтай, одоогоор “дан дээлтэй” нөхөр дараагийн Ерөнхий сайдын албан тушаалд түлхүү яригдаж эхэллээ.

Сэтгүүлч Г.Дэлгэрсайхан

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.