Сөрөг хүчинтэйгээ хамтарсан уу, хамтарсан. Мега төслүүдээс гурав нь урагшилсан уу, урагшилсан. Баялгийн сангийн хуультай болсон уу, болсон. Гэвч Л.Оюун-Эрдэнийн өмнөө тавьсан энэ зорилгуудад зориудын дайсан бий болгож, тэдэнтэй нь байнга үзэлцүүлж, үзүүр түрүү булаацалдуулж байдаг бас нэг тээр холоос шидсэн тэжээвэр бүлэглэл бий болчихсон. Зохиолд байдаг эерэг ба сөрөг дүрийн хуваарилалт л гэсэн үг. Баялгийн сандаа мөнгө хуримтлуулах гэсэн чинь хэдэн олигарх саад болоод байна, тэднийг хэн ч биш болгоё гээд дайраад ороод ирнэ. Үнэндээ өнөөдүүл нь төсөв бүрдүүлдэг гол компаниуд байдаг. Мега төслүүдээ хэрэгжүүлэх гэтэл барууны балайнууд саад болоод байна гээд ноцолдоод хэвтчихдэг. Үнэндээ өнөө хэд нь үзэл бодлын өөр өнцөг л байдаг. Ардчилсан нийгэмд өөр үзэл бодол, өөр өнцөг байх ёстой, гэтэл тэрнийг нь тэнгэрт тулгаад, төрийн дайсан, түмнийг турхирагч мэтээр Ерөнхий сайдынхаа чихийг угаачихна. За ингээд ахын хараанд, дахиад ах нарын өмгөөлөлд гүн шигдсэн, гүн айдсаар уягдчихсан Ерөнхий сайдтай болчихсон хэрэг. Л.Оюун-Эрдэнийн чихийг хэрхэн угаахаас их юм шалтгаална. Тэгэхдээ голдуу өөрийнх нь гол зорилго, хийхийг нэн их хүссэн мега төсөл мэтийн ажлуудынх нь өмнө зориудын дайсан, золиосны өстөн гаргаж ирнэ. Ерөнхий сайд маань ч огцорчихно гэхээс яагаад ч юм, оройныхоо үсийг бостол айна, тэр айдас дээр нь өнөөдүүл тоглолт хийнэ. Магадгүй энэ айдсыг зориуд тархинд нь суулгаж, зовлон болтол нь уяж, үр дүнд нь үүрдийн тэжээвэр бүлэглэл оршин тогтнодог ч байж болох. Хэдэн жил ингэж хийрхэж талцуулсаар Л.Оюун-Эрдэнийг үзэн ядагчид ба дэмжигчид гэсэн хоёр талд нийгмээрээ хуваагдсан . За гэтэл яав, төсөвт хэдэн зуун тэрбумыг төвлөрүүлдэг үндэсний компаниудтай нь амжилттай дайсагнуулж амжлаа. 2008 оны С.Баярын танхимын шийдвэрийг хүчингүйд тооцохоор ажлын хэсэг байгуулж буй Оюун-Эрдэнийн Засгийн газар П. Жасрай, М.Энхсайхан нарын Ерөнхий сайдуудын шийдвэрийг эргэн харж, орон сууц, мал хувьчлал руу орохгүй гэх баталгаа байхгүй. Энд дахиад л нөгөө дабль стандарт яригдана. MCS-ийг ярьж байгаа бол Петрочайна Дачин Тамсагийг яагаад сөхөхгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Ухаа худагийг ярьж байгаа бол Төмөртэйн ордыг яагаад сөхөхгүй байна вэ гэхчлэн асуултууд зүй ёсоор орж ирнэ. Ард нь албан тушаал, хөрөнгө мөнгө, орд газрын шинэ хуваарилалт л харагдахаас шударга ёс үнэртэхгүй байгаагийн шалтгаан энэ. Дээр нь үндэсний хөрөнгө оруулагчид, төсөв бүрдүүлэгчид, үйлдвэрлэгчид рүүгээ ээлж дараалан дайрч байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдыг бүүр долоон уулын цаана нүүгээд алга болтол үргээж байгаа юм. Үндэсний хөрөнгө оруулагчдаа бариад идчихдэг төрөөс гаднын хөрөнгө оруулагчид зугтана уу гэхээс зууралдаад суухгүй. Үр дүнд нь нөгөө арай гэж баталсан гурван мега төслийн чинь хөрөнгө оруулалт л элдэв арга хэлбэрээр гацаанд орно, саатна, он жил удна. Ийм л байна, тэгэхээр хэн хожоод байна? Энэ бүхнээс Монгол лав хожихгүй. Тэгээд юу гээч? Вакумжилтаасаа гарч, ядаж үндэсний үйлдвэрлэгч, томоохон татвар төлөгчидтэйгээ нүүр тулж уулзах хэрэгтэй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үг бий. Хоёрхон хүнээр өдөр болгон чихээ угаалгах, 20 хүнээс үг сонсох хоёр их өөр шүү, ирээдүйг өөрчилж чадахаар тийм их ялгаатай гэж мэд! Товчхондоо бол хэн сайн чих угаадаг вэ гэдэг уралдаан явагдаад байна, чихээ өөрөө угаагаад үз дээ, хүүхээ, ядаж өөрийн чинь батлуулсан гурван мега төсөлтэйгөө бид чинь үлдчихмээр байгаа юм.
Нийтлэлч Р.Эмүжин
2025-03-7
2025-03-7
2025-02-27
2025-02-27
2025-02-27
87587
31199
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.