2024 оны УИХ-ын сонгууль: Намуудын сонирхол, сонгогч олны горьдлого…

2024-06-11 Нийтлэл

126 гишүүн, ард нь хэдэн ч юм нам! Хүмүүс нь юу хийх бол, намууд нь ямар нүүрээ харуулах бол? 76-гуулаа байхдаа л хэцүүхэн, хэтэрсэн, хэрэггүй шахуу нь л олон байсан даа. Одоо бүр 126 болох нь, тэд юу юу сонсгодог бол, бас яаж яаж гонсойлгодог бол оо? Үйл ажлаараа хэн хэн болж тодрох бол оо? Арай ч бүгд авилгачид, шахаачид, чавчигчид, тендерчид, элдэв зүсмийн луйварчид, урд өмнөх луйварчдын хамсаатнууд, тавиулууд, тэднийхээ шийрийг хатаасан дараа үеийнхэн нь болчихгүй байгаа? Иймэрхүү талын холбоо, сүлбээ, шинж байнаа гээд л шуугиад эхэлж байна шүү дээ! Худал л байгаасай, хардлага л байгаасай! Засрах, сайжрах тал нь л дийлээсэй! Овоо доо! гэх үнэлгээг олонхи нь аваасай! Их Хуралд суудалтай байсан гурван намын нэр хүнд ичмээр, гутармаар уруудчихлаа. Шинэ намууд хэн гэдгээ хэн нь ч харуулсангүй, юугаар ч нотолсонгүй, одоохондоо цаасан дээр л байна шүү дээ.

Сонгогчид аль ч намыг дэмжиж санал өгөхгүй бол жагсаалтаар орж ирэх 48 гишүүн сох дутах болно. Амьдрал баян шүү дээ. Ийм хувилбар байж болохыг ер нь тооцсон юм болов уу? Үгүй л байхаа даа!УИХ-д уул нь улстөрчийнхөө хувьд бэлэн, шалгарсан, итгэл даахуйц, бэлтгэгдсэн, хэн болохоо ядаж л (3+) баллын хэмжээнд харуулчихсан хүн орж ирэх ёстой баймаарсан. Энэ болзол энэ удаад бараг л сахигдсангүй. 126 гишүүний бараг л хагасаас илүү нь суралцагч, дадлагажигч, учрыг нь ухаарахгүйгээр кноп дарсан хүмүүс байх бололтой. Хүн амын нийт тоотой харьцуулах юм бол 126 өчүүхэн тоо шүү дээ! 126 шилдэг, тэргүүний, бэлтгэгдсэн, хэн болохоо амьдрал, практик дээр нотолчихсон гишүүнгүй улстөрийн нам гэж байх уу?… Аль эсвээс нам намд зөвхөн кнопчин, дуулгавартай утсан хүүхэлдэй хэрэгтэй 4 жил (2024-2028 он) ирчихээд байгаа юм уу? Ямар ямар “бэрх хүнд асуудлыг” утсан хүүхэлдэйнүүдийг ашиглан шийдчих гээд байна вэ? Гэж ч бодогдох юм…

Хийсвэр жишээ татъя. АН-ын жагсаалтын эхэнд байгаа хүмүүсийг сонгохгүйн тулд энэ намд санал өгөхгүй бол тэр эхэнд байгаа хүмүүсийн муу нэр хүнд намаа мөн ч хорлоно доо. МАН намын хувьд ч ийм нөлөө, үр дагавар гарч болно. Сонгогчид дэмжих ч эрхтэй, татгалзах ч эрхтэй.Сонгогчдын дэмжих саналын тоо болзлыг хангахгүй бол нөгөө 48 чинь яах билээ? 76 гишүүнтэй 32 жил ажиллаад болж байсан юм чинь 78 гишүүнтэй 4 жил ажиллаг л даа гэцгээх үү? Бодох, тооцох л хувилбар, байж болох л тохиолдол шүү дээ. Монголын өнөөдрийн бодит байдалд, сонгогчдын ухамсрын өнөөгийн түвшинд, нийгэм дэх зөрчил, тэмцлийн давалгаан дунд сонгуулийн шинэ хууль хэр сайн нийцэх, хэрхэн хэрэгжиж болох талаас нь сулхан бодолцжээ. Энэний хор, нөлөө мөдхөн л илрэх болно. Өмнөх УИХ-ын бүрэлдэхүүний хэр чадал нь энэнээс илүү сайныг бодож олох бололцоогүй л байсан байх. Тэд хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийсэн нь энэ бизээ… Шинэ бүрэлдэхүүн нь ирэх 4 жилд хэрхэн ажиллах нь мөн ч олон зүйлээс хамаарна даа! Нөхцөл, байдал хүндэрсээр, цөхрөл гутрал хуримтлагдсаар, итгэл найдвар унтарсаар л байна. Хариуцах эзэд нь ч энэнийг сайн ойлгож байгаа. Юу үнэн, энэ үнэн. Том жижгээрээ, нэр нөлөөгөөрөө, хүчин чадлаараа дэлхийн дунджаас доогуур, ер нь л сүүл хавьд эрэмбэлэгддэг улс орны иргэд, сонгогчид парламентын сонгуульд намыг биш, хүнээ л харж, үнэлж, сэтгэл ба зүтгэлийг нь гол үзүүлэлт болгож саналаа өгдөг нэгэн тогтсон жишиг буй. Энэ удаад ийм л байр, суурь, зөвдөө орох болов уу. Хэрэв буруудах аваас та аль нэгэн намтай биш, ганцхүү сонгогдсон хүнтэйгээ хариуцлага тооцно шүү дээ. Намтай нь хариуцлага тооцдог жишээ, уламжлал, баримт Монголд маань ер нь байгаагүй, буй болох ч үгүй байх… Тэгээд ч манай өрөвдөлтэй улстөрчид (нэр нүүрээ барчихсан) намын нэрийг ашиглаад л гишүүн болчих гэсэн овжин санаархал газар авчихлаа шүү дээ! Энэ байдлыг бид ойлгох, тооцох учиртай. Та нарын олонхи чинь 9 дэх удаагаа санал өгөх гэж байна. Эрхбиш бага ч болов толгойгоо ажиллуулж сураа биз дээ!

Намын нэр, хөтөлбөрөөр санал аваад хамгийн том луйварчдаа парламентад оруулж зоргоороо загнаснаар улс орноо дампууруулсан тохиолдол тив болгонд бэлхнээ бий шүү. Чухам тийм болохоор сонгох, сонгогдох энэ аргад хүмүүс (учир мэдэх хүмүүс) ихэд болгоомжтой ханддаг, туршиж үзээд бүрмөсөн хаясан жишээ ч буй.Та бүхэн манай өнөөдрийн нөхцөлд хэр тохирохыг нь мөдхөн харна, бүр арьс махан дээрээ ч мэдэрнэ, сонгуулийн шинэ хууль ч зохих үнэлгээгээ авна. УИХ-д суудалтай гурван нам, бусад зарим нам сонгуулийн шинэ хуулийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй олон сарын турш магтлаа. Гэхдээ гол гол өөрчлөлт нь чухам яаж, ямар ямар эерэг үр дагавар авч ирэхийг ягштал нотолж чадсангүй.

Тойрог томруулсны үр дагавар, гишүүдийн тоог бараг хоёр дахин олшруулсны үр дагавар, намын нэрээр авсан саналын тоо хэмжээнд харьцуулж гишүүн болох 48-ын үр нөлөө, үүрэг, усалсан тойргоо ашиглах, жагсаалтын эхэнд нэрээ бичүүлэх аргаар дахин сонгогдохыг эрмэлзэх “хашир бурхинуудын” далд санаа хэрхэн биелэх… гэхчилэн механизмууд нь хэрхэн ажиллах бол оо? Эерэг болон сөрөг ямар ямар нөлөө хот ба хөдөөд гарч ирэх бол оо? Нэг зуу гаруй жилийн түүх, нэр төр, нөлөө нь 48 суудлыг сонгууль бүхэнд баталгаатай авч ирэх болно гэж МАН-ынхан битүүхэндээ тун маадгар байгаа. АН-ынхан ч бүх тойрогт бүтэлгүйтлээ гэхэд суудалгүй үлдэнэ гэж үгүй шүү гэцгээж байна. Гурав дахь намын дарга нь жолоочийн хариуцлагын даатгалыг “албан татвар болгож, хэмжээг нь гурав дахин нэмэгдүүлж чадсан” арга, мэхээ үргэлжлүүлэн, угсран хэрэглэж чадна гэсэн итгэлийг ч баттай олжээ. Гэвч улстөрийн амьдралын хүрээ тун ч ороо, бусгаа, урьдчилан тооцох, таних боломж нь тун бага… Ялангуяа энэ 2024 оны нөхцөл, байдлын ээдрээ, тохироо хэнд ч гэсэн “эвгүйцэл, жихүүцэл” төрүүлэхээр болчихлоо. Гэхдээ монгол хүний реализм, прагматизм нь улстөрийн амьдрал, үйл ажиллагаанд ч улиран, уламжлагдан үлдсэний нөлөө, хаялга гэж буй. Тэр л энэ удаа ч тус болох байх. Ардчилсан сонгуулийн гол утга, амин сүнс бол сонгогчдын олонхийн дэмжиж байгаа хүн ба намыг тодруулах шалгалт, санал асуулга юм. Тиймийн учир сонгуулийн байранд ирж санал өгсөн хүн нэг бүрийн санал дэмжсэн, татгалзсан гэх хоёр л утгаар бүртгэгдэх ёстой. Тухайн сонгогч бүр дэмжих, мөн татгалзах эрхтэй. Аль ч нэр дэвшигч, аль ч нам тухайн иргэнд таалагдахгүй байгаа бол тэр иргэнийг заавал дэмжсэн санал өг гэж шахаж болохгүй.

Тойрог дээр нь нэр, зард гарсан 5 найдваргүй этгээд нэр дэвшсэн бол уг иргэн яах болж байнаа? Тэр иргэн бүр хэнийг нь ч дэмжихгүйн тулд ирж санал өгөх, хэнийг ч дэмжихгүй гэдгээ илэрхийлэх эрхтэй биз дээ?Дэмжсэн, татгалзсан саналын тоо бол судалгааны чухал баримт, бодит мэдээлэл юм. Иргэд аль ч намыг дэмжихгүй байгааг мэдэх боломж бол “цагаан сонголт.” Тэгэхлээр цагаан сонголтыг нийт саналын тоонд ч оруулж бүртгэх ёстой. Мөн татгалзсан саналын тоонд ч оруулж тооцох учиртай. Дэлхий нийтийн зонхилох байр суурь ч энэ талд л байдаг. Энэ учрыг төр засаг ч тэр, мөн сонгогчид ч тэр ойлгож, сонголтоо ухамсартай, үндэслэлтэй хийж, дүнгийг нь зөв гаргаж, үзүүлэлт болгоны нь цаана оршин буй үнэлгээ, утгыг судалж, шинжилж байх нь зөв болно. Иргэдийн сонгох, татгалзах эрхийг “Шахаанд” оруулах нь ардчилсан сонгуулийн хувьд том алдаа, гажуудал юм. Татгалзсан саналыг үзэн ядаж, хүчингүйд тооцох аваас сонгууль хийх хэрэг байна уу? Ардчилал нь цааш цаашдаа ардын ардчилал, иргэний ардчилал гэхээр шинж, байдлыг олж хөгжвөл л жинхэнэ ардчилал гэгдэх болно. Гэвч одоогоор ийм процесс, ийм хувьсал, хөгжил цөөн хэдхэн оронд л сулавтархан явагдаж байна. Ихэнх оронд ардчилал нь дүр эсгэсэн, олигархиудын нүүрний баг, популистуудын амны уншлага болсон хэмжээ, түвшинд л байгаа юм.

“Ардчиллын төлөө, ардчиллыг аврахын төлөө” гэсэн уриа, лоозон бариад, “дэлхийд ноёрхохын төлөө” гэсэн санаархлаа нуугаад, хүн төрөлхтөнг хуурч чадаж байгаа “Ардчилсан гэгдэх орон, Ардчилсан нэртэй нам” ч байж байна.Аль нэг намын жагсаалтын эхний 5-д байгаа (5 хүн) нэр дэвшигчдийг сонгохоос 100 хувь татгалзаж байгаа хүн уг намыг дэмжиж санал өгөхөөс татгалзах болно. Ийм хийдэл, зөрчил сонгуулийн шинэ хуульд олон буй. Сонгогчдыг “ацан шалаа, нээнтгэнд” оруулсан хууль бол яав ч сайн хууль биш! “МАН-ыг дэмжмээр байдаг, жагсаалтыг нь хараад больчихлоо. АН-ыг дэмжмээр байдаг жагсаалтыг нь хараад больчихлоо” гэх үг, яриа хот, хөдөөгүй л дуулдах байх даа… Энэ оны сонгуулийн хууль маань ардчилсан улс, Бүгд Найрамдах улсын сонгуулийн хуулиас доогуур, согогтой гэгдэхээр байна. БНМАУ-ын 1960 оны үндсэн хуульд “Ардын депатутуудын хурлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд нийтээрээ, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж сонгоно” гэсэн заалт бий. Гэтэл өнөөдрийн хуульд төлөөлөл тэгш байх учрыг орхигдуулжээ. Зарим тойргийн сонгогч 10 гишүүн сонгож байхад заримынх нь 3 гишүүн сонгож байна. Энэний цаана тун том булхай нуугдаж байна. Олонхи сонгогч нь МАН-д саналаа өгдөг тойрогт олон мандат олгоод нэг сонгогчоор шууд 10 хүн сонгуулдаг, олонхи нь АН-д саналаа өгдөг тойрогт цөөн мандат өгч нэг сонгогч 3-5 хүн сонгодог болгочихож болохгүй шүү дээ. Төлөөлөл тэгш байх ёстой! Ардчилсан сонгуулийн нэг чухал шаардлага бол сонгох эрх, төлөөлүүлэх эрх тэгш байх учиртай. Өнөөдрийн хууль Тэгш байх зарчмыг бодлоготойгоор орхигдуулжээ. Ингэх нь өмнөх сонгуулийн үед МАН-д л ашигтай болсон. Энэ байдал нь улам томоор давтагдахнээ! Цөөн хүн амтай Монгол орны хувьд ард иргэдийн төлөөлөл тэгш зарчмаар сонгогдох ёстой. Зарим иргэн 10 гишүүн, зарим иргэн 3 гишүүн сонгодог байж болохгүй. Төлөөлүүлж байгаа иргэдийн тоо ч ижил, төлөөлж байгаа гишүүний тоо ч ижил байх нь шударга ёсонд нийцнэ. Бид урд өмнөх ололт болгоноо үгүйсгэж, гээж биш, хадгалж, өсгөж урагшлах ёстой. Хорь хүрэхгүй хоногт нь багтааж сурталчилгаа хийх боломжгүй болтол нь тойргуудыг томсгох нь хэнд ашигтай вэ? Заль мэх ер оролцоогүй ажил, үйлс гэж ховор л доо. Гэхдээ хэмжээ нь хэтэрчихлээр эргээд эзнээ л хорлодог жамтай. Ядаж л төр, засгийг сонгох, бүрдүүлэх хууль, дүрэм нь зохистой, амьдралд нийцтэй, ардчилсан, шударга талдаа баймаар байна.

Сонгуулийн хуулийг улстөрийн зэвсэг, нэг нам, нэг бүлгийн зэвсэг болгож ашиглах нь эерэг үр дагавар, сайн нөлөө дагуулж байсан түүхгүй юм шүү…МАН 48-ын жагсаалтаа шинэ хүмүүс, залуусаар эхлүүлжээ (бүрдүүлжээ). Энэ бол зөв тактик. Харин АН жагсаалтын эхэнд Гантөмөрийг байрлуулсан нь мөн ч олон саналыг цааш түлхэх бизээ. Намын нэрээр санал авах гэж байж нэр хүнд нь ихэд сэвтсэн хүнийг эхэнд нь байруулах нь зөв гэж үү?… Баруун аймгийнхан нутгархах согогтой. Нутаг нутгийнхныхаа саналыг аваад л “тэг зогсолтонд” орж мэднэ. Томруулсан тойргуудаас “тооцож чадаагүй согог” гарах нь ч тодорхой. Тухайн хуулийн дагуу сонгууль явуулаад дуусахад буй болсон тоон мэдээллүүд нь уг сонгуулийн явц, үр дүнг бодитойгоор шинжлэх боломж олгож чадаж байгаа эсэхийг судлаачид сонирхдог. Бүх талын мэдээллийг үнэн, бүрэн бүтэн өгч чадаж байгаа бол сонгуулийн хууль эрдэм шинжилгээний шаардлага хангаж байна гэж үнэлдэг. Нийт сонгогчдын хэдэн хувь нь сонгуульд оролцсон, сонгуулийн хуудсын хэдэн хувь хүчингүй байсан, нэр дэвшигчид болон намуудын алиныг нь ч дэмжээгүй санал хэд болох, 30 хүртэлх насныхны хэдэн хувь, 30-60 хүртэлх насныхны хэдэн хувь, 60-аас дээш насныхны хэдэн хувь нь сонгуульд оролцоогүй болох, оролцоогүй хүмүүсийн хот, хөдөөгийнхөөр гаргасан тоо ба хувь наад зах нь л тодорхой байх учиртай.

Манайхны нэрлэдгээр “цагаан саналын” тоо бол нэгэн чухал үзүүлэлт юм. Бүх сонгогч зөвхөн хүнд санал өгөөд аль ч намыг дэмжээгүй бол энэний цаана чухал шалтгаан байна гэсэн үг. Энэ шалтгааныг тодруулах, таних ёстой. Гэтэл энэ хууль “цагаан саналыг” хүчингүй саналд тооцож үгүйсгэжээ.Энэний цаана иргэний татгалзах эрх ч давхар үгүйсгэгдэж байна… “Гуя дагуулж хүзүү өгдөг” жишгээр 10 нэр дэвшигчтэй тойрогт та 2 хүнийг нь дэмжиж байгаа бол нэмээд хэн ч яахав 8 хүнийг мөн дэмж! гэж шаарджээ. Тэгэхгүй бол дэмжсэн 2 хүн чинь ч хүчингүй! Ийм хуультай улс орон хэд байдаг бол? Сайтар төлөвшсөн, хүн амын дунд сайн танигдсан, нэр хүндтэй, туршлагатай, олны итгэл хүлээсэн удирдлагатай цөөн намын нөхцөлд л “намд өгсөн санал” сайн үр дагавартай, зөв аргад тооцогддог. Манайд нөхцөл, байдал ямар байгаа билээ?

Судлаач, профессор Д.Чулуунжав

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.