ЭРРИН МАКЛАЙ (АНУ)

2017-06-20 Амрах агшин

Бодит амьдралаас сэдэвлэв

Энэхүү бяцхан бичвэрийг тэрэлж суугаа “би” АНУ-ын Детройт хотод 10 гаруй жил ажиллаж буй энгийн нэгэн монгол иргэн. Энэ хотод гэр бүлийн тогтсон харилцаа яагаад ч юм нэг л хэвийн бус үзүүлэлттэй байдаг. Тэр утгаараа ч юм уу залуус гэр бүл зохиохыг урьтал болгодоггүй. Ганц биеэрээ хөгширсөн хүмүүс энэ нийгэмд хэвийн үзэгдэл болжээ. Тиймээс өөрийн сайн найз нэгэн өрх толгойлсон хөдөлмөрч ээжийн тухай хөндөхийг зорьсон юм.

Мичиган мужийн Детройт хот нь мужийн нийслэл бөгөөд 800 мянга гаруй хүн амтай.

Өглөөний 7:00 цаг.  АНУ-ын Мичиган мужийн хамгийн том хот болох Детройтод цаг агаар цельсийн нэмэх градус зааж эхэлсэн үе байлаа. Нар дээр хөөрч, нарны илч, хүмүүсийн инээмсэглэл гээд бүх юм л урин цаг ирсэнийг санагдуулан сэтгэл гэгэлзүүлнэ. Манай гол дүрийн бүсгүй энэ үед шүршүүртээ орчихоод кофегоо тавингаа амьдралынх нь утга учир болсон сахиусан тэнгэр охиноо сэрээх гэж байлаа.

8:00 цагт охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх ёстой тул одоо сэрээхгүй бол болохгүй. Энэ жил дөрвөн нас хүрэх охин нь Америк бүсгүйн маяг сурч, хувцас хунараа голж шилэх тул энэ хоёр өглөөнийхөө цайг ууж, бүсгүй хүний ёсоор аар саар зүйл хийсээр (залуучуудын хэлдгээр бол “заваарсаар”) явах цагтай тулна. Ийм байдлаар энэ нэгэн айлын шинэ өдөр эхэлнэ.

ЭРРИН ГЭЖ ХЭН БЭ?

Эррин Маклай бол АНУ-ын Мичиган мужид төрж, төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаа 37 настай бүсгүй. Мөн дөрвөн настай охинтой өрх толгойлсон ээж. Охиныг нь Кендра Маклай гэнэ. Маклай гэдэг нь Эрриний аавын талын ургийн овог бөгөөд албан ёсоор гэр бүл болж байгаагүй тэрээр охиноо ч өөрийнхөөрөө овоглосон байна. АНУ-ын 21-ээс доош насны нийт хүүхдүүдийн 26% нь ганц бие эцэг эхийн асрамжинд байдаг ажээ. Энэ хүүхдүүдийн нэг нь Кендра юм. Гэхдээ энэ айлын санхүүгийн байдал харьцангуй тогтвортой. Эррин бол өөртөө итгэлтэй бардам бүсгүй бөгөөд Детройт хотод байрлах “Женерал Моторс” компанид ахлах мэргэжилтний албан тушаалд ажилладаг. Детройт хот нь Америктоо Мотаун буюу машин үйлдвэрлэлийн хот гэдгээрээ алдартай. “Женерал Моторс” –оос гадна “Форд Моторс” зэрэг АНУ –ын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн төв оффис нь энэ хотод байдаг учраас тэр юм. Тиймдээ ч Эррин ажил мэргэжлээрээ найз нөхөд дундаа нэр хүндтэй бөгөөд цалин мөнгөөрөө гэр орноо тэтгээд авч явах боломжтой байдагтаа бардам байдаг. Гэхдээ тэр бардам зангаасаа болж засч болохгүй том алдаа гаргасан ч удаа бий. Тэр нь гэр бүлийн асуудал юм. “Бид бүгд л үлгэрийн ханхүү мөрөөдөж өсдөг дөө. Би ч гэсэн багаасаа өөрийгөө Үнсгэлжин юм уу, Цасан гоо гүнж гэж төсөөлж, хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхүүтэй учирч амар сайхандаа жаргана гэдэгт итгэлтэй байдаг байсан. Гэхдээ амьдрал ямар санаснаар болох биш дээ,” гэж Эррин бидний хөндсөн гол сэдвийн тухай яриагаа эхлүүлсэн юм.

ЦАГААН МОРЬТОЙ ХАНХҮҮ

АНУ-ын өрх толгойлсон эцэг эхийг дотор нь задалж үзвэл 45% нь эхнэр/нөхрөөсөө салсан, 1.7% нь бэлэвсэрсэн байдаг ажээ. Харин үлдсэн 34%-ийг нь угаасаа хэзээ ч гэрлэж байгаагүй хүмүүс бүрдүүлдэг аж. Өөрөөр хэлбэл санаандгүй жирэмсэн болсон буюу хүүхдээ төрүүлэх, гэр бүл болох тал дээр ойлголцолд хүрч чадалгүй салсан хүмүүс байдаг. Эрриний хувьд “цагаан морьтой ханхүү”-тэйгээ учирсан уу гэвэл уг нь учирчээ.

“Би 30 гаран нас хүртлээ жинхэнэ залуу хүний амьдралаар амьдарсан. Би сайн сургууль төгсөж, баталгаатай газар ажилд орсон. Тиймдээ ч ажлынхаа бус цагийг залуу хүний ёсоор найзуудтайгаа зугаалж, наргиж цэнгэж амьдардаг байв даа. Залуу сайхан охин байсан болохоор залуучууд ч их хоргооно. Гэхдээ би хэзээ ч дотно харилцаанд яарч байгаагүй. Яагаад ч юм гэр бүл болох тухай бодохыг ч хүсдэггүй байсан. Нэг удаа жирэмсэн болоод авахуулж байсан удаатай” гэж тэр өмнөх амьдралаа дурссан юм.

Наргиж цэнгэж явдаг нас нь шувтарч, найз охидууд нь айлын эхнэр болж үрийн зулай үнэрлэж эхэлсэн 30 гаран настайгаа золгоход Эрринд ч гэсэн зарим нэг зүйл үгүйлэгдэх мэт санагддаг болжээ. Ажлын амжилт, цалин мөнгөний хувьд түүнд асуудал байсангүй. Найзтайгаа хамт байр хөлсөлж амьдардаг байснаа найз нь өөр тийшээ нүүхээр болоход тэр ч нүүж, тохилог нийтийн байр (апартмент) авч орсон байв. Түүний жилийн цалин 70,000 орчим доллар болсон нь Мичиган мужийн иргэдийн дундаж цалингаас (47,064) бараг 50 хувь илүү. Гэсэн ч сэтгэл нь нэг л юм дутуу, хоосон оргиод байгаа нь яг юу болохыг Эррин өөрөө гадарлаж л байлаа. Яг энэ эмзэг үедээ тэр Филипп Себастиантай учирсан юм.

Тэр хоёр танилцахад Эррин 31 настай, Филипп 27 настай байжээ. Америк ээж, Франц аавтай Филипп фитнессийн дасгалжуулагч багш хийдэг байсан бөгөөд Эррин түүний ажилладаг зааланд явдаг байхдаа танилцсан байв. Хэдэн сар түүний заавраар дасгал хийдэг байж байгаад тэр хоёр дотно үерхдэг болжээ. Тэдний үерхэл зугаатай бөгөөд жаргалтай байв. Тэд хамт кино үзэж, хоолонд орж, найз нөхөдтэйгөө хамтдаа зугаалж, наргиж цэнгэнэ. Залуу хүмүүсийн гал дүрэлзсэн дурлалдаа шатаж, амралтаараа Бразил руу хамтдаа аялсан байв. Эрриний хувьд сэтгэлд нь хоосорсон байсан орон зай нь дүүрэх шиг болж, үнэхээр аз жаргалдаа мансууран байлаа.

ЭРС БӨГӨӨД БАРДАМ ШИЙДВЭР

“Тэгтэл гэнэт миний биеийн юм ирэхгүй удсаныг анзаарсан,” гэж Эррин энэ тухайгаа дурсав. Хоёр ч удаа жирэмсний тест авч үзэхэд эерэг гарах нь тэр. “Би мэдээж ээж болно гэж боддог байсан ч тэр хүртэл арай алсын, магадгүй 5 жилийн дараа л сөхөгдөх асуудал шиг санагддаг байсан.” Энэ тухайгаа тэр Филиппт хэлэхэд тэр нилээн хэсэг дуугүй сууж бодлогоширсноо “Би өөрийгөө гэр бүл болоход арай бэлэн биш гэж бодож байна,” гэжээ. “Хүүхэд гаргана гэдэг сайн санаа биш байх. Гэхдээ чи гаргана гэвэл би чадахаар тусалж дэмжинэ ээ” гэж Филипп хэлжээ. Өөрөөр хэлбэл “Би муу залуу биш. Гэхдээ хүүхдээ гаргавал чи өөрөө л авна.” Эррин яагаад ч юм ийм хариу ирнэ гэдгийг мэдэрч байсан ч, өөрийнх нь амнаас ийм үг сонсмогцоо шууд л шийдсэн гэдэг. “Тэгэхэд миний бардам зан нөлөөлсөн биз. Гэхдээ тэр буруу шийдвэр байсан гэж би хэзээ ч гэмшээгүй,” хэмээн Эррин тэр үед өөртөө төрсөн сэтгэгдлийг хуваалцав. “Би охиноо юугаар ч дутаахгүй өсгөж чадна. Тэгэхийн тулд энэ залуугаас царай алдах ямар хэрэгтэй юм бэ гэж би бодсон.” Тэр өдрөөс хойш Филипп холбоо барихыг хичнээн оролдсон ч Эррин нэг ч холбоо барилгүйгээр холбоогоо тасалсан гэдэг.

НЭГНЭЭ ТҮШИХ ХҮНИЙ АМЬДРАЛ

АНУ-ын нийгэм судлаач Б. Вил­коксийн: “Манай улсад өрх толгойл­сон эмэгтэйчүүд сан­хүүгийн тал дээр проблем байдаггүй ч эмэгтэй хүн болсон хойно эр хүний ноён нуруу байнга үгүйлэгдэнэ” хэмээн ярьжээ. АНУ-ын өрхүүдэд өрх толгойлсон эцэг/эхтэй өрхийн эзлэх хувь 1960 онтой харьцуулахад 2010 онд хоёр дахин өссөн гэдэг. Гэхдээ нийт ганц бие эцэг эхтэй айлуудын 27 хувь нь л амжиргааны түвшнээс доогуур орлоготой байдаг байна. Ер нь эмэгтэйчүүд нь боловсрол олж чаддаггүй газар өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг. Гэтэл бас эмэгтэйчүүд нь өрсөлдөхүйц өндөр боловсролтой байдаг орнуудад ч бас эмэгтэйчүүд өрх толгойлох нь их байдаг бололтой.

Эрриний хувьд одоо амьдралынх нь утга учир нь Кендра болжээ. Тэр энэ амьдралдаа нэг их гутардаггүй. “Гуньж гутраад байх асуудал биш,” гэж тэр дүгнэдэг. Санхүүгийн хувьд ч гэр орноо асуудалгүй авч явж байгаа тэрээр охиноо жилийн 14,000 долларын төлбөртэй цэцэрлэгт явуулдаг аж. Өрх толгойлсон ээжийн хувьд Иргэний Үйлчилгээний Газраас дэмжлэг туслалцаа авах боломжтой. Гэхдээ тэрэнтэй тэрэнгүй болгоно гэдэгтээ Эррин итгэлтэй байдаг. Дэлхийн хамгийн том зах зээл гэх АНУ-ын завгүй бужигнасан олон дунд ийм нэгэн ээж охин хоёр нэг нэгнээ түшин, хэн хэнийхээ сэтгэлийн хоосон орон зайг дүүргэн амьдарч байна. Гэхдээ охин нь өсч том болохын хэрээр хааяа хааяадаа Эрриний зүрх шимшрэн өвдөх болсон гэнэ. Кендра байж байгаад л аавыгаа асуудаг болсон гэсэн. Бүсгүй хүн эр нөхрөө хэсэгхэн хүлээдэг бол, үр хүүхэд нь насан туршдаа хүлээнэ…

Б.Донж

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.