УИХ-д долоон удаа дараалан сонгогдож, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж ирсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын алба хаших хүсэлтээ эрх бүхий байгууллагад хүргүүлжээ.
УИХ-ын сонгууль хараахан эхлээгүй, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй үед тэрбээр дараагийн ажлын байрны хүсэлтээ дээд шатанд хүргүүлж, ирэх жилүүдэд ч өндөр дээд албан тушаалд тарвалзахыг хүсэж. Тэр “гэр”-тээ харих болоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, 1990 онд болсон Ардчилсан хувьсгалаас хойш өрнөсөн найман удаагийн сонгуулийн дийлэнхэд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газар удирдсан тэр бүх он жилүүдэд хашиж болох бүхий л албан тушаалд суусан ч хүсэл нь ханаагүй бололтой. Эцэстээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй болонгуут шууд хаана ажиллах хүсэлтэй байгаагаа ийн илэрхийлж эхэлж байна.
Уг нь хэр баргийн хүний хүрээгүй албан тушаалуудыг намынхаа хүчинд хашиж, өдий олон жил УИХ-д сонгогдон ажилласан хүний хувьд гавьяаныхаа тэтгэвэрт гараад амар жимэр сууж байвал зүгээрсэн. Харамсалтай нь, Ардын намын ахмад гишүүдийн хувьд тийм хүсэл байдаггүй бололтой.