Тавантолгойг “бялуу” болгосон тогтолцооны гажиг

2023-12-8 Uncategorized

Б.ДАМДИН-ОЧИР

“Эрдэнэт”-ийг “саалийн үнээ” гэдэг. Улстөрчид сүүг нь хөхдөг. Тавантолгой ч ялгаагүй. Улстөрчдийн угж нь болчихсон. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөдрийг хүртэл 12 жил явж байгаа засаглалын хэлбэр өөрөө нүүрсний хулгайн эх үндэс болоод байгаа юм. Захирлаар нь дараа нь золиход амар гэдэг үү, хамгийн өндөр эрх мэдэлтэн нь итгэлтэй хүнээ тавьдаг. Эцэст нь золиос болоод дуусдаг. Уг нь гол шийдвэрийг ТУЗ нь гаргадаг. Тэнд нь бас л тухайн үеийн эрх баригчдын гар хөл очиж суудаг. Тэгэхээр хэн тэр компанийг удирдах нь тов тодорхой юм. Лав иргэд эзэмшдэг хувьцааныхаа хэмжээгээр дуу хоолойгоо тус компанийн үйл ажиллагаанд хэзээ ч оруулж байгаагүй юм. Хэзээ ч хүртэж байгаагүй, хүртэх эсэх нь тодорхойгүй хувьцааг нь ТУЗ-өөр нь дамжуулж, эрх баригчид ийш тийш нь болгосоор өнөөг хүрсэн түүхтэй. Яагаад ч юм, энэ тогтолцооны гажгийг засахыг, засаглалыг нь өөрчлөхийг ямар ч дарга сэддэггүй юм. Тиймээс энэ сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалын хэлбэрийг хөндөх нь нийтийн эрх ашигт бүрнээ нийцнэ.

Бас анхнаасаа Тавантолгойн ордыг төрд авахдаа жижиг “Тавантолгой”, “Энержи Ресурс” хоёрт тасалж үлдээсэн байдаг. Анхаарах ёстой. Түүнээс хойш Тавантолгойд IPO хийх гэсэн оролдлогууд бүтэлгүйтсэн. Дандаа л улстөрчдийн эрх ашиг явж байсан байдаг. 2020-2021 онд л гэхэд IPO хийх зорилготойгоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэдэг компани байгуулж, өндөр зардал гаргаж ажиллуулж байгаад татан буулгасан. Энэ бүхэн нүүрсний хулгайн салшгүй хэсэг. Тэр бүү хэл, үндэс сууриудынх нь нэг гэхэд болно. Түүнчлэн төмөр замуудын гацаа ч энэ нүүрсний хулгайтай шууд холбоотой. Автомшинаар нүүрс тээвэрлэх нь ашигтай учраас төмөр замыг гацааж ирсэн. Өнөөдөр АТГ-т бүртгэлтэй нүүрс тээврийн 398 компани байна. Тэдгээрийн дийлэнхийнх нь ард улс төрд нөлөөтэй этгээдүүд байх жишээтэй. Энэ мэдээлэл нүүрсний хоёрдугаар шатны сонсголоор яригдах л учиртай. Хэрвээ улс төр орж, эрх мэдлээр нам дарчихгүй бол шүү дээ. Нүүрс тээврийг дагаад С зөвшөөрлийн авлигын асуудал бас босож ирэх учиртай.

Ер нь бол хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “…Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “…Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “…Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “…С зөвшөөрөл”, “…Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” гэсэн таван чиглэлээр томъёолон шалгаж байгаа юм. Тэгэхээр “…Нүүрсний сонсголыг ч энэ хүрээнд хийвэл зохино” гэж олон нийт харж байна. Тэгэхээр энэ сонсгол “сонирхуулаад” л өнгөрөх үү, эсвэл нүүрсний хулгайн “нууц”-ыг дэлгэх үү. Энэ асуулт хоёрдугаар шатны сонсголоор тодорхой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.