Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонсголыг Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо хийнэ

2023-06-19 Мэдээ мэдээлэл


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нүүрсний хулгайн асуудлаар хяналтын сонсголыг товлон зарлах, зохион байгуулах талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулна. Уг сонсголыг Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо хийнэ. Хяналт шалгалтын хуулиар зөвхөн түр хороо сонсгол хийдэг. Гурван төрлийн сонсгол бий, манайхан андуураад байж магадгүй. Нүүрстэй холбоотой асуудлаар иргэдээс гарч байгаа саналыг ерөнхийд нь сонсдог сонсголыг ерөнхий сонсгол гэдэг. Уг сонсголыг өнгөрсөн 12 дугаар сард хийчихсэн.

Одоо хийх гээд байгаа сонсгол нь Түр хорооноос зохион байгуулдаг нотлох баримтын сонсгол юм. Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо нэлээн хэдэн хянан шалгагч нарыг гаргаад нэг жил гаруй ажилласан. Тодорхой хэмжээнд нотлох баримтын сонсгол хийх нөхцөл бүрдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагаас “Түр хорооны явуулах гэж буй нотлох баримтын сонсголоор мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон асуудал яригдах учир хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

Тухайлбал, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан хүнийг сонсголд оролцуулахгүй гэж байгаа. Хуулийн байгууллагын хүсэлтийн дагуу Түр хорооны сонсголыг хойшлуулаад байна.

Дашрамд мэдээлэхэд, нүүрсний хулгайн асуудлаар хяналтын сонсголыг товлон зарлах, зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 16-нд байгуулагдаж, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлахаар болсон. 

Өнгөрсөн баасан гарагт Х.Нямбаатар сайдаар ахлуулан байгуулсан ажлын хэсэг нь сонсгол хийх ажлын хэсэг биш. Сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, мөрдөн байцаалтын нууцад хамарч байгаа үе нь хэзээ дуусах асуудлаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, санал бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг.

Тийм учраас Түр хороо сонсголоо зохион байгуулна, харин ажлын хэсэг нь сонсгол хийх бэлтгэлийг хангах ялгаатай гэдгийг хэлье” гэв.

2022, 2023 онд байгуулагдсан ажлын хэсгүүд:

Г.Ганболд /УИХ-ын гишүүн/
Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/
Б.Энхбаяр /УИХ-ын гишүүн/
С.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
Т.Доржханд /УИХ-ын гишүүн/ нарыг
Нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын Газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнг оруулсан байна. Эдгээр гишүүн нүүрсний хулгайн асуудлыг хуулийн дагуу үр дүнтэй шалгах, олон нийтийг бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, зөвшөөрөл, хяналтын асуудлаар сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт гаргах үүрэг хүлээжээ.

Хяналтын сонсголд 114 орчим хүнийг гэрчээр дуудах юм байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.