Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэн шийдэгдэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн. Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрлээ. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт гэсэн дүн юм. Нэг үгээр төсвийн орлого давж биелсэн учир сүүлийн хоёр жил нэмээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа. Мөн төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварын сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Энэ дагуу нэг сарын өмнө Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, ҮАБЗ-д танилцуулж зөвлөмж гарсан. Монгол Улсын нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх зөвлөмж гарсан. Тиймээс үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр гаргаад байгаа юм. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрд ажиллах зэрэг уян хатан зохицуулалтыг оруулахаар болжээ.
Төсвийн тодотголд ямар асуудлууд багтав
♦ Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг 1.0 сая төгрөг болгож, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгохоор төсвийн тодотголд тусгажээ.
♦ Нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж, ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно. Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ.
♦ Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Төрийн мэргэжлийн үйлчилгээ”-ний нэгдсэн ангилал, зэрэглэлээр цалинжуулна.
♦ Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325.0 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275.0 мянган төгрөг болгохоор тооцоолжээ.
♦ Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ.
♦ Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан 194.4 төгрөг зарцуулна.
♦ Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, мөн 1-6 сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд 167.2 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.