Энэ удаагийнхаа “Хоби” Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Сангийн сайд, Боловсролын сайд асан П.Цагааныг урьж ярилцлаа. Тэрбээр хадны сүг зураг болон түүх бичиг соёлын өв цуглуулдаг хобитой билээ.
–Халуун яриа өрнүүлэх боломжийг олгож, хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Та хадны сүг зураг цуглуулах хобби сонирхлынхоо талаар ярихгүй юу?
-Хүмүүс хадны сүг зураг гэж яриад бүр хэвшчихжээ. Сүг гэдэг бол Түвдээр дүрс гэсэн үг байгаа юм. Сүүлийн үед эрдэмтэд хадны зураг гэж ярьж, бичих болсон. Миний хувьд хадны зургийг цуглуулах, судлах сонирхолтой.
–Хэзээнээс хадны зургийг сонирхон, цуглуулж эхэлсэн бэ?
-Өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хадны зураг, өв соёл, дурсгал, түүх, захиа, даалгавар юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Тэгээд 2004 онд Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, түүний дотор Монголд төдийгүй дэлхийд танигдсан нэрт эрдэмтэн. Хадны зураг судлаач эрдэмтэн Цэвээндорж гуайтай танилцсан маань миний сонирхлыг улам бүр өрнүүлж, бадрааж өгсөн. Бидний өвөг дээдэс 30-40 мянган жил, магадгүй түүнээс ч өмнө Монгол нутаг дээр амьдарч байжээ. Үүнийг батлах баримт нотолгоо нь өнөө үед бидэнд өвлөгдөн ирсэн эдгээр хадны зураг юм. Тухайн цаг үед бичиг, соёл, цаас үзэг гэж байсангүй. Тэр үеийн хүмүүс өөрсдийн амьдрал ахуй, ан амьтдыг хадан дээр зурж, дүрслэн тэмдэглэж байжээ. Тэр зураг нь олон мянган жилийн он цагийн урсгалыг туулан өнөө цаг үед түүхийн гэрч болон ирсэн нь гайхамшигтай юм.
–Хадны зургийн өнөөгийн нийгэмд үзүүлэх ач холбогдол юу байх вэ?
-Монгол орны маань уул, хад, чулууны дурсгал, эрдэс баялагийн нөөцөөс ч илүү үнэт түүх соёлын баялагийг бидэнд дэлгэн харуулж байна. Хадны зургууд дан ганц монголчуудын соёлын өв төдийгүй дэлхийн нийт хүн төрөлхтний түүхийг судлах судалгаанд үнэтэй хувь нэмэр болох ховор судлагдахуун юм. Тийм учраас хадны зургийн утга агуулга, дүрсийг тайлж унших нь дэлхий нийтийн асуудал болсон. Зураг, дүрслэл гэдэг утгаас гадна түүх соёл, бичиг, уран зураг, урлаг, хөгжим, ахуйн соёл, хүн судлал, амьтан, байгаль, эрдэс судлал, ертөнцийн үүсэл, гарал, хөгжил, хөдөлгөөнийг судлах салбарт ч томоохон ач холбогдолтой зүйл. Дэлхийн олон салбарын эрдэмтдийн хүч, авъяас, чадвар, мэдлэгийг сорих өгөгдөхүүн болж байгаагаараа их ач холбогдолтой зүйл юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтдээ 65 мянга гаруй ийм зураг байна. Ийм хэмжээний зурагтай уран зургийн галерей дэлхийд хаана ч байхгүй. Монголын хадны зураг тооны хувьд олноос гадна агуулгын хувьд маш баян.
-Хадны зураг нь уран зургийн нэгэн төрөл гэж ойлгож болох уу? Манай улсад хэдий хэмжээний хадны зургийн дурсгал хадгалагдан ирсэн байна вэ?
-Яахын аргагүй Уран зураг юм. Дахин давтагдашгүй 500 гаруй хадны зураг манайд байна. Зөвхөн Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн 01 баганы ойролцоо байдаг Цэнгэл сумын Хурган, Хотон нуурын ойролцоо 10 км үргэлжилсэн хөндийд баримжаагаар таван мянган гаруй хадна зураг байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтдээ 65 мянга гаруй ийм зураг байна. 65 мянган зурагтай уран зургийн галерей дэлхийд хаана ч байхгүй. Монголын хадны зураг тооны хувьд олноос гадна агуулгын хувьд маш баян. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл. Эдгээр бүтээлүүд нь хүн төрөлхтний үүсэл хөгжил, ахуйг тэр чигээр нь илэрхийлсэн байдаг. Агуйд амьдарч байсан бидний өвөг дээдэс арслан, заантай хамт байгааг, амьтдыг гэршүүлэн тэжээх болсон тухай, нум сум зэвсэгтэй болсон тухай гээд түүхийг эндээс уншиж болохоор. Мөн сүйх тэрэг хөлөглөн ан гөрөө хийж байгаа байдал зэрэг агуулгын хувьд маш баян шавхагдашгүй баялаг бүхий хадны зургийн дурсгал байна. Монголын маань уул, хад чулуу дэлхийн соёлын өвийг тээж, хадгалж яваа нь үнэхээр бахархаад барашгүй гайхамшиг юм.
-Хадны зургийг хэрхэн эдийн засаг, аялал жуулчлал, судалгааны эргэлтэд оруулж болох вэ?
-Хадны зургийн ховор, баян тансаг цуглуулаг байна гэдгийг сая би дурьдлаа. Тэгэхээр эдгээр үнэт ховор нандин зүйлсийг бид өөрсдөө нээж, дэлхий нийтэд сурталчилах, тайлж унших нь чухал байна. Монголын хадны зургууд нь дэлхийд хосгүй ховор уран зураг юм. Үүнийг түүхийн, эдийн засгийн болон судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохч боломж бий. Газрын хэвлийн эрдэс баялаг гэдэг нэг л өдөр ухаад дуусна. Гэтэл түүх, археологийн дундрашгүй их өв соёл болсон хадны зургийг хэдэн ч хүнд, хэдэн арван жил ч үзүүлж, харуулж болно. Энэ бол аялал жуулчлалын цоо шинэ бүтээгдэхүүн юм. Мөн бидний ирээдүй хүүхэд, залуустаа унасан газар, угаасан ус, монгол эх орныхоо түүх, соёлоор бахархах,эх оронч хүмүүжлийг бий болгоход онцгой ач холбогдолтой.
-Хадны зураг сонирхогчид хэр олон байдаг вэ. Та бүхэн судалгаа, сурталчилгааны ямар төслүүдийг хэрэгжүүлж байгаа вэ?
-Нэг зүйлийг судлахын тулд маш олон талаас нь харах шаардлага гарч ирдэг. Хадны зураг сонирхдог ахмадууд болон залуус бий.Кино сонирхогч Баяраа, доктор Чулуун, Цэвээндорж, элчин сайд Батсүх, Цахилгаан гуай, Булганбаяр гээд олон хүн бий. Бид хамтарч “Чулуун шашдир” гэдэг ТББ байгуулсан. Одоо дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил бид баруун дөрвөн аймгийн хадны зургийг сорчлон харуулсан альбом хийлээ. Энэ жил Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн хадны зургаар альбом гаргалаа. Удахгүй Хангай, Хэнтийн нуруу, Саяны уулсын хадны зургийг төрөлжүүлэн цогцолбор кино хийх, фото зургийн альбом гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.Бид 6-р сарын 5-нд ЮНЕСКО-той хамтарч дэлхийн таван тивийн хадны зураг судалдаг алдартай эрдэмтэд, судлаачдыг урьж авчиран ОУ-ын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан.Ер нь хадны зургийг олж илрүүлж нээдэг хүмүүс нь тухайн орон нутгийн иргэд байдаг.
-АСЕМ-ийн зочдын уулзалт болсон өргөөг хадны зургаар гоёсон нь их өвөрмөц сонирхол татахуйц харагдсан шүү?
-Харин тийм ээ. Их гоё харагдсан. Зураач Тэнгисболд Алтайн хадны зургийг өнгөнд оруулж зочид төлөөлөгчдийнөргөө гэрийн ханыг тойруулан тавьсан юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч АСЕМ-ийн уулзалтад оролцож байгаа зочдодхандаж хэлэхдээ “Та бүхний өвөг, дээдэс Монгол нутаг амьдарч байгаад Ази, Европ тивийн өнцөг булан бүр рүү нүүдэллэн шилжин суурьшсан юм шүү. Өвөг дээдсийнхээ үлдээсэн их өв соёлыг бид тайлж, ийм зураг болгосон.Таалагдаж байгаа бол нэг, нэг зураг авч болно.Миний бэлэг шүү” гэсэн. Төлөөлөгчид бараг л булаацалдах шахуу авсан. Тэд хадны зургийг маш их нандигнаж эрхэмлэн хүндэтгэж авч явж байсан.
-Он цагийн хувьд хамгийн сүүлд зурагдсан ямар хадны зураг байдаг вэ?
-Хадны зураг дотор он цагийн хувьд хамгийн сүүлийн үеийн зураг нь Хэнтийн Рашаан хадны зураг. Тус хадны зураг дээр Монголын бүх овог аймгуудын тамгыг дүрслэн үлдээсэн байдаг.Мөн таван өөр үсэг бичгийн дурсгал бий. Ер нь хадны зураг нь бичиг үсэг үүсэх анхдагч эх үндэс нь болсон байдаг. Таван мянган жилийннастай хятадын ханз дүрс үсэг үүний нэг тод жишээ юм. Олон улсын хэл шинжлэлийн эрдэмтэд болон хятадын эрдэмтэд хүртэл ханз үсгийг хадны зураг, дүрснээс үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр битгий хэл Алтайн хадны сүг зурагнаас үүссэн гэсэн эрдэм шинжилгээний өгүүлэг, судалгаа хүртэл байдаг юм билээ. Тэгэхээр хадны зураг зүгээр нэг эртний зураг биш, соёл, бичиг үсгийн анхны өв болж байгаа юм. Тиймээсч Алтайн нурууны хадны зургийг дэлхийн соёлын өвд бүртгэн авч ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Боков гуай өөрийн биеэр ирж гэрчилгээг нь бидэнд гардуулан өгч байлаа. Одоо бид өөр хоёр зургийг мөн бүртгүүлэхээр ажиллаж байна.
-Хадны сүг зураг тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал нь байсан юм болов уу. Мөрөөдөл нь байв уу. Та юу гэж боддог вэ?
-Аль аль нь байсан байх. Ямарч байсан бидний өвөг дээдэс урлаг соёлын чадамж, мэдрэмжтэй хүмүүс байжээ. Үүнийг илтгэх зураг олон бий. Эдгээр зургууд нь тухайн цаг үеийн хүмүүсийн оюуны чадамж, багтаамжийг бүрэн илтгэн харуулдаг. Ер нь ингээд бодоход бид 10 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсээс сэтгэлгээний хувьд арай доод төвшинд байгаа юм биш байгаа гэх бодол төрдөг. Ийм бодол төрөхөөр уран дүрслэл, өгүүлэмжтэй сэтгэлгээний гэж хэлж болох уран зургийн хосгүй ховор дүрслэл хүртэл байдаг. Тэр 10 мянган жилийн өмнө зурагдсан хадны зургуудыг өнгөнд оруулахад ямар гайхамшигтай урлагийн бүтээл, уран зураг тодрон гарч ирсэн гэж санана. Ингэхэд бидний ахуй хэрэглээний соёл хөгжөөд, оюун санааны хөгжил маань уруудчихсан юм биш байгаа гэж ч бодогдож байсан. Яалт ч үгүй ийм асуулт урган гарч ирж байна. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Баяраа гэдэг залуу саяхан над руу утасдаж, Баянхонгор, Говь-Алтайн хадны зургаас анаашны зураг оллоо гэж байна лээ. Тэгэхээр анааш хүртэл монгол нутагт амьдарч байжээ. Ховд аймгийн Манхан сумаас эрдэмтэд арслан, зааны ясыг олсон. Арслан зааны зураг хадан дээр байна. Үүнийг батлах яс нь олдсон гэдэг үнэтэй ховор баталгаа, нотолгоо юм шүү.
-Олон мянган жилийн настай хадны зураг бидний үед өвлөгдөн ирж чадсан нууц нь монгол орны байгаль цаг уурын онцлогтой холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. Монгол орны газар зүйн байрлал, байгаль цаг уурын онцлог нь эртний үнэт олдворыг ялзарч муутгахгүй хадгалах чухал нөхцөл болдог. АНУ-д төдийгүй дэлхий дахинд шуугиан тарьсан Батаар үлэг гүрвэлийн яс үүрэн бутарч алга бололгүй чулуужин 70 сая жилийг туулан бидний үед ирсэн гээд бодоход гайхамшигтай байгаа биз. Мөн Алтайн нурууны хаднаас олдсонэртний хүний цогцос яг тэр хэвээрээ байх жишээтэй. Мөнххайрханаас олдсон эртний олдворт“адидас”-ын пүүзтэй адилхан гутал байсан. Яг адилхан байсан шүү дээ. Сонирхолтой давхцал.Монголын цаг агаар, уул хад, хөрс шороо, мөнх цэвдэг нь экологийн тэнцвэрийг хадгалахаас гадна эртний олдворын архив сан хөмрөг болох нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм байна.
–Өвөг дээдэс маань бидэнд түүхийн гэрч баримтаас гадна байгалийн уран зургийн маш том галерей өвлүүлэн үлдээжээ?
-Тийм шүү. Хадны зургаас гадна археологийн үнэт олдворууд, хүн чулуу, буган чулуун гэрэлт хөшөөнүүдийн дурсгалыгч үлдээсэн байгаа. Энэ бүхэн нийлж нэгэн цогц Монголын соёлын өв болж байгаа юм.Архангай аймгийн Цайдамын буган хөшөө нь Хойд туйлын тундрын бүсэд байгаа буган хөшөөтэй хэлбэр хийц,дүрслэлийн хувьд ижил байдаг. Үүнээс энгийн гаргалгаа хийж үзье л дээ. Тухайн үед зурах чадвар эзэмшсэн хүмүүс энд тэнд очиж ижил бүтээл тууриваад байв уу. Эсвэл нүүдэлчид нүүж явахдаа дурсгал үлдээж явсан уу гэдэг ухагдахуун гарна. Ер нь тухайн үед зураг зурах дэг ёс, сургалт “Школ” арга барил байсан байж таарах гээд байгаа юм. Хөвсгөлд байдаг эмэгтэй хүний хөөмийлж, исгэрч шүгэлдэж байгаа мэт дүрслэлтэй чулуун хөшөө бий. Энэ хөшөөг товойлгож нааш гаргаж дүрсэлсэн байдаг. Гэтэл бусад чулуун хөшөөнүүдийг цааш ухаж суулгаж сийлсэн байдаг юм. Манайхан Луврийн музейг үзмээр байна гэдэг. Луврийн алдартай Моно Лиза, Жокондагаас дутахгүй гоёмсог дүрс өгүүлэмжтэй бүтээлүүд Монголын хээр талд, уул хаданд хадгалагдан байна. Бид чинь бурханч атаархмаар түүх соёлын үнэт баялагтай ард түмэн шүү дээ. Эх орноороо, эх түүхээрээ, эд өвийн соёлоороо бид бахархах, түүх, соёлын өв, дурсгалт зүйлсээ хайрлан хамгаалах ёстой.
-Эдгээр ховор нандин бүтээлүүдээ танин мэдэж хамгаалах нь чухал байх нь?
-Тийм ээ, мэдлэггүй мэдээлэлгүй байдлаасаа болж түүхийн үнэт соёлын зүйлтэй хайр гамгүй хандах нь байна. Зарим хүмүүсийн сүйтгэснийг харахад гол гонсойж харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгойн хажууд эвэртэй тэмээ зурсан чулуу бий. Монголчуудын “Эвэртэй тэмээ үзсэн юм шиг” гэж ярьдаг нь үнэний ортой үг байж. Эвэртэй туулай байхад, эвэртэй тэмээ байсан л байж таарна. Түүнийг үзэж харсан хүмүүс хадан дээр зурж үлдээсэн байж магадгүй. Гэтэл эвэртэй тэмээний зурагтай Ишгэн толгой дээр үүрэн телефоны станц байгуулах зөвшөөрөл өгчихсөн байгаа юм. Станц байгуулах нь буруу биш л дээ. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг сүйтгэн байж станц байгуулсан нь харамсалтай.
Түүх соёлын өв гэдэг цаг хугацаа улирахын хэрээр үнэ цэнэ нь улам бүр өсдөг гэдэг?
-Тийм ээ, олон зуун жилийг дамжин өнөөгийн бидэнд ирсэн эдгээр түүхийн үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, үнэ цэнийг нь мэдэж, түгээн таниулах хэрэгтэй байна. Зарим тохиолдолд үнэт түүхийн өв соёлоо үнэгүйдүүлэх хэмжээнд хүрчихжээ. Сургууль, соёлын байгууллага болон бүх шатны төрийн байгууллагууд үүн дээр анхаарал хандуулах ёстой. Хүүхэд, залуу үе, иргэдэд түүх өв, соёлын ач холбогдлыг таниулах, мэдлэг мэдээллийн цар хүрээг нь тэлэх, тэдэнд тайлбарлаж ойлгуулах ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Түүхийн өв соёлоо таниж мэдэж, ойлгохгүйгээсустгах аюулын ирмэгт ойртуулчихаад байгаа. Мэдэхгүйгээсээ болж хайр гамгүй хандаж байна. Тэдгээрийг олж илрүүлж тогтоох, бүртгэлжүүлэх, хамгаалах, судлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бий.
Надад зүгээр нэг сонирхогчтой биш бараг мэргэжилтэнтэй ярилцаж байх шиг санагдаж байна?
-Миний мэргэжил биш л дээ. Гэхдээ эх орон, ард түмнийхээ соёл боловсролыг танин мэдэх үйлсэд оруулж буй иргэн хүний өчүүхэн хувь нэмэр юм. Иргэдийнхээ түүх соёлын мэдлэгийг өргөжүүлэх гэж л хичээж байна. Түүх соёлын өв, дурсгалт зүйлс бидний, монголын баялаг гэдгийг мартах ёсгүй. Бид иргэдийн танин мэдэхүйг тэлэх үүднээс шинжлэх ухааны баримтат “Сар анх мандсан нутаг”, “Буурал Алтайн урлан” зэрэг кинонууд хийсэн.
Дэлхийд хадны зургийг судлах ажилд анхаарал хандуулж, санал санаачилга гаргасан улс гэвэл Испани, Монгол хоёр л байдаг. Хөшөө Цайдам дахь Билиг хааны хөшөөг МЭ 731 онд босгосон байдаг. Тэр хөшөөний захиас бичгийг уншихад л хоолой зангирч, өөрийн эрхгүй огшдог юм.
Тэгэхээр эдгээр хадны зураг дурсгалыг судлах хамгаалах ажилд гадаадын судлаач, эрдэмтэдийн анхаарлыг хандуулж, татан оролцуулах талаар та юу гэж боддог вэ?
– Тэгэлгүй яахав. Энэ зайлшгүй хийгдэх ажил. Олон улсын судлаач, эрдэмтдийн хурал болсноос хойш АНУ, Герман, Оросын эрдэмтэдтэй байнгын харилцаатай болсон. Дэлхийд хадны зургийг судлах ажилд анхаарал хандуулж, санал санаачилга гаргасан улс гэвэл Испани, Монгол хоёр л байдаг. Хөшөө Цайдам дахь Билиг хааны хөшөөг МЭ 731 онд босгосон байдаг. Тэр хөшөөний захиас бичгийг уншихад л хоолой зангирч, өөрийн эрхгүй огшдог юм. Энэ бичигт “Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж их улсыг байгууллаа. Төр улсыг байгуулахад оройлон оролцож их гавъяа байгуулсанд баярлалаа. Хүчирхэг Түрэг улсыг доройтоход гадны улсын хатгалага, Тавгач нараас торго, бүс дурдан авсан түшмэдээс болов” гэсэн байдаг. Одоо бидний яриад байгаа авилгач нар тэр үед ч байж. Ямарч төр улсын үед авилгач нар төрийг самууруулж, улсын хүчийг сулруулдаг юм байна гэдгийг энэ захиас бичгээс мэдэж болно.
Хэл, соёл, түүхээрээ монголчууд бусдаас ялгарах ёстой. Дэлхийн хүчирхэг том гүрнүүдээс өөрийн гэсэн бичиг үсэгтэй улс цөөхөн бий. Гэтэл монголчууд өөрсдийн гэсэн зохиож хэрэглэж байсан 10 гаруй бичиг үсэгтэй. Өөрсдийн гэсэн тоо тэмдэглэлтэй ард түмэн.
Хадны сүг зурагнаас эх авч монгол бичиг үсэг үүссэн байж болох уу?
-Яг ч тэгэж ойлгож болохгүй л дээ. Монголчууд түүхэндээ 10 гаруй бичиг үсгийг зохиож хэрэглэж явсан ард түмэн. Одоо бидний ярьдаг худан монгол бичиг бол 1500 гаруй жилийн өмнө үүссэн. Гэхдээ Согдоос Уйгарууд, Уйгараас Монгол авч 10 гаруй үсэг нэмж улам баяжуулан боловсронгуй болгон хөгжүүлсэн юм билээ. Босоо монгол бичгээс өмнө шаантаг бичиг, руни бичиг, дөрвөлжин бичиг гэх мэт маш олон бичиг үсгийг зохиож хэрэглэж явсан түүх бий. Бид хадны зургийг зөвхөн монголчуудын өвөг дээдсийн зураг гэж туйлширч болохгүй. Энэ олон мянган жилийн явцад маш олон нүүдэл, шилжилт, хөдөлгөөн явагдсан байдаг. Тэгэхээр дэлхий нийтийн өв соёл гэж ойлгох нь зөв байх. Нийт хүн төрөлхтний бичиг үсгийн эх ундарга нь хадны сүг зураг яах аргагүй мөн. Үүнд эргэлзэх юм байхгүй. Худан монгол бичиг үсэг гэдэг монголчуудын оюун санааны дархлаа. Бусдаас ялгагдах ялгаа. Ондооших онцлог юм.
Хэл, соёл, түүхээрээ монголчууд бусдаас ялгарах ёстой. Дэлхийн хүчирхэг том гүрнүүдээс өөрийн гэсэн бичиг үсэгтэй улс цөөхөн бий. Гэтэл монголчууд өөрсдийн гэсэн зохиож хэрэглэж байсан 10 гаруй бичиг үсэгтэй. Өөрсдийн гэсэн тоо тэмдэглэлтэй ард түмэн. Гэтэл өнөө цагт бид үндэсний бичгээ кирилл үсгээр сольчихсон л байна. Монгол тоогоо араб тоогоор орлуулчихсан явна. Хүүхдээ сайн хүн болгоё л гэж бодож байгаа бол монгол хэлээ зааж өг. Монгол бичигээ өвлүүлж заах хэрэгтэй. Үүний дараа гадаад хэлийг заах нь зөв шүү.Эх түүх, соёлын мэдлэгийг нь суулгаж өгч чадваас эх орноо хайрлах үзэл хүмүүжилтэй хүн болон төлөвшинө. Эх, эцэг, багш мөнх биш. Тэр хүүхдийн оюун ухаанд суулгаж өгсөн монгол соёл, хүмүүжил нь оюуны дархлаа болж хувь хүн болон хөгжихөд нь чухал нөлөө үзүүлнэ. Амьдралын эрч хүч нь монгол хэл, монгол бичиг, монгол соёл л болно. Би үндсэрхэг үзэлтэн бол гэж уриалж байгаа юм биш. Монгол үндэстэн мөнх орших оюуны дархлааг бэхжүүлж өгөх хэрэгтэй гэж байгаа юм. Ингэж байж бид бусад үндэстнээс ялгарч, ондоошин хөгжих ёстой.
Г.Ганцэцэг
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.