Нутаг орноо сахин суугаа иргэд, улсын байцаагчийн үг үнэнээс зөрөх учиргүй

2017-05-27 Uncategorized

Цуврал сурвалжлага: Гурав

-Нөхцөл байдалтай очиж танилцлаа-

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын хойд хэсэгт орших Тост, Тосонбумбын нурууг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас тусгай хамгаалалтад авсан боловч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй байгаа билээ. Тус нурууг яагаад хамгаалах тухай дэлгэрэнгүй бичвэл сонины хэдэн нүүр дамнана. Хамгийн гол хоёр шалтгааныг шигшин дурдвал тус нуруу нь дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь улам хумигдаж байгаа цоохор ирвэс болон аргаль, янгир, ёл зэрэг ховор амьтад, ургамлын өлгий нутаг болдог. Мөн Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газрын хоорондох амьтадын (мазаалай, хавтгай гэх мэт) нүүдэл бүхий коридор нутаг билээ.

Ихэнх хүний хувьд хууль тогтоох хамгийн дээд байгууллагаас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан тул санаа зовох зүйлгүй хэмээн бодож байгаа. Гэвч УИХ-аас Засгийн газарт хилийн зааг тогтоохыг даалгасан ч өнөөг хүртэл биелэлээ олоогүй байна. Энэ нь тус нуруунд цуцлагдаагүй үлдсэн хайгуулийн зургаан лицензтэй холбоотой. Шүүхэд нэмэмжлэл гаргасан Б.Дэжид, түүний өмгөөлөгч нар дээрх зургаан лицензийг нөхөн олговор өгөхгүйгээр хуулийн дагуу цуцлах бүрэн үндэстэй хэмээн хэлдэг. Харин АМГТГ-аас дээрх компаниудыг хуулийн дагуу хайгуулийн ажил хийж ирсэн хэмээн үздэг. Ингэснээр лицензүүдийг цуцлахын тулд заавал нөхөн олговор өгөх хэрэгтэй болж байгаа юм. Мэдээж энэ нь төрөөс их хэмжээний зардал шаардана. Хямралын хүнд үед энэ нь тийм ч хялбархан шийдэх асуудал биш.

Тэгвэл төрийн байгууллага, нэхэмжлэгч талын зүгээс ч тэр дээрх компаниуд хайгуулийн ажил хийсэн эсэхийг газар дээр нь очиж баталгаажуулах боломжтойг хэлсэн. Иймээс манай сурвалжлах баг хоёр дахь удаагаа Тост, Тосонбумбын нурууг зорихоор шийдсэн юм.

“Өрөм тавьж хайгууль хийгээгүй”

Бидний хамгийн эхэлж уулзсан хүн бол Гурван тэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар байв. Тухайн орон нутагт лиценз эзэмшигч компани өрөмдлөг, хайгууль хийхээс өмнө заавал орон нутгийн засаг захиргаагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдгийг батлуулах ёстой аж. Мөн барьцаа хөрөнгө байршуулдаг байна. Энэ нь хайгууль хийх явцад байгаль орчинд үүссэн нөлөөллийг арилгах төлөвлөгөө аж. Түүнчлэн, нөхөн сэргээлт хийлгүй явахаас сэргийлж барьцаа болгож мөнгө байршуулдаг байна. Хэрэв өрөм тавьж, хайгууль хийсэн тохиолдолд сумын байгаль орчны улсын хяналтын байцаагчид заавал танилцуулах учиртай аж. А.Атар зургаан лицензтэй холбоотой дараах тайлбарыг өгсөн юм.

-“Намуунт од” компанийн хувьд 2008, 2009 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулаад, энэ хугацаанд 1 сая 350 мянган төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулж байсан. Тухайн онд зураглал, дээж авах гэх мэт ажлууд хийгдсэн. Харин 2010-2011 онд байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй. Яагаад гэвэл 2010 онд тухайн талбайд сунгалт хийх хугацаа дууссан. Тухайн үед орон нутгаас энэ компанийг дахиж үйл ажиллагаа явуулуулмааргүй байна гэдэг байдлаар төлөвлөгөөг нь батлаагүй. Үүнээс болоод шүүхдсэн. Ингээд “Намуунт од” компани 2012 оны 4 дүгээр сарын 26-нд 151 дүгээр шүүхийн шийдвэрээр тухайн талбайн эрх дахин сэргээгдсэн. Эрх нь сэргээгдээд 2013-2015 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. Гэхдээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Өрөмдлөг, суваг шуудуу малтах ажил хийгдээгүй. 17 ширхэг дээж авсан. Тийм л мэдээлэлтэй байна.

-“Мөнхийн номхон далай” компанийн хувьд дээрхтэй адилхан. 2008 онд анх байгаль орчны төлөвлөгөө батлуулж байсан. Тухайн үедээ 150 мянган төгрөгийн барьцаа байршуулсан. 2010-2011 онд байгаль орчны төлөвлөгөө ирүүлээгүй, батлуулаагүй. Шалтгаан нь “Намуунт од”-той ижил. Хугацаа сунгалт хийлгэх үеэр орон нутгаас батлаагүй. Ингээд шүүхдээд 2012 онд талбайн эрх дахин сэргэсэн. 2012-2013 оны байгаль орчны төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. Гэхдээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй.

-“Элбэг орд” компани байгаа. Анх 2008 онд “Гранд формул” гэж компанид олгож байсан юм байна. Тэгээд 2011 онд “Элбэг орд” компани шилжүүлж авсан. 2009-2013 оны хүртэлх хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. 750 гаруй мянган төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулсан. 2013-2015 оны хугацаанд төлөвлөгөө батлуулаагүй. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.

-“Эн Си Ар Ай” гэж компани бий. 2011 оноос хойш төлөвлөгөө ирүүлээгүй. Би мэдэхгүй байна. Ямар ч ажил явуулаагүй.

-“Эф Эм Ай” гэж бий. 2013 оныг хүртэлх хугацаанд төлөвлөгөөгөө ирүүлж байсан. Тухайн үедээ дээж авах гэх мэт ажил хийж байсан. Өрөмдлөгийн ажил хийгээгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр мөн “Бид 2008, 2010 оноос хойш Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалт цаашлаад улсын тусгай хамгаалалтад оруулахаар янз бүрийн аргаар үзсэн. Орон нутгийн хамгаалалтад авсны дараа АМГ-ын кадастрын хэлтсийн бүртгэлд оруулсан. Ингээд сумын ИТХ-аас орон нутгийн хамгаалалтад авсан Тост, Тосонбумбын нуруунд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохгүй, хугацаа дуусч байгаа хайгуулийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэр гаргасан. Түүний дагуу лиценз эзэмшигч компаниуд төлөвлөгөө ирүүлсэн ч батлаж өгөөгүй зүйл байгаа” хэмээн хэлсэн.

Малчид гарын үсгээ цуглуулжээ

Хэдийгээр хариуцсан байцаагч нь компаниуд нөөц тогтоох зорилгоор өрөм тавиагүй гэдгийг батлан хэлсэн ч лицензийн талбай бүхий газраар явж үзэхийг хүссэн юм. Иймд бид сумаас хойш 45 гаруй км-т орших Тост, Тосонбумбын нурууг зорилоо. Тус нуруу жижиг толгод, гуу жалга, дов сондуул ихтэй тул замаас гарч хүссэн газраар хэрэн хэсэх боломж тааруу. Зарим лиценз уулын орой дамнан олгогдсон байдаг аж. Нөгөөтэйгүүр, асар том газар эзлэн оршиж байгаа лицензийн талбайн аль хэсэгт хайгууль хийсэн мэдээлэл байхгүй. Тиймээс нэг бүрчлэн санмаж байж хайгууль хийсэн эсэхийг баталгаажуулах шаардлагатай болж байгаа юм. Энэ нь боломжгүй тул лицензийн талбайгаар үдийн бүрий хүртэл хий дэмий хэрэн хэссэн бид нутгийн айлуудаас мэдээлэл авахаар боллоо.

Бид эхний уулзсан хүн бол Тост багийн малчин З.Алтансүх байв. Тэднийх “Элбэг орд” компанид олгосон лицензийн талбайд нутагладаг аж. Үе удмаараа нутаглаж ирсэн, нутаг орныхоо байдлыг сайн мэднэ хэмээн биднийг угтсан юм. Тэрбээр “2009, 2010 оны үед пургонтой, жийптэй хүмүүс хааяа нэг явж харагддаг байсан. Уулын бэлээ дагаад хэсээд явна. Хэмжээ авдаг юм уу яадаг юм бүү мэд. Харин техник авчирч, өрөм зоосон зүйл үзээгүй. Лицензийн талбай нь Ар шавгаас зүүн тийш Хошуу ус, Зангад хайрханаас нааш байдаг гэж сонссон. Бид энэ хавиар үе удмаараа нутаглаж ирсэн. Хэрэв ухвал нүүх газар байхгүй. Малгүй бол улс орон, ард түмний аж байдал дээшлэх нь хэцүү шүү дээ“ хэмээн ярьлаа.

Мөн Тост багийн малчин, Оюут нөхөрлөлийн ахлагч Д.Амарсайхантай уулзлаа. Тэрбээр “Тост, Тосонбумбын нурууг хамгаалахын тулд таван нөхөрлөл байгуулсан. Тус нурууг тав хуваасан гэсэн үг. Манай Оюут нөхөрлөл 54 мянга гаруй га газар хариуцдаг. “Элбэг орд” гэж компанийн лиценз манай газар дээр байгаа. Нийт 14 мянга гаруй га газар хамардаг гэсэн. Бид энэ хавиар нутаглаж байгаа хүмүүсээс гарын үсэг цуглуулсан. Нийт 29 өрх байдаг юм. Би бүх айлаар орж ямар нэг хайгуулын ажил хийгдэж, өрөм тавьсан, кэмп байгуулж том техник авчирч ажилуулсан уу хэмээн асуухад үгүй гэж айл бүрээс төлөөлөл болж 35 хүн гарын үсэг зурсан. Зарим айлын өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй хоёул зурсан байгаа. Үүнийгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай усамнд уулзалт хийх үеэр гардуулан өглөө. Миний хувьд ямар ч байсан өөрийнхөө хариуцсан хэсгийг айлуудаар орсон. Бусад дөрвөн нөхөрлөл гарын үсэг цуглуулсан гэсэн. Уулзаж амжаагүй болохоор мэдэхгүй байна. Ер нь манай нутгийнхан бүгд зургаан лицензийг цуцлуулж энэ нуруугаа хамгаалж үлдэх нь энэ төрөөс хүсэх хамгийн дээд хүсэл минь тэр байна” хэмээсэн юм.

Сонирхуулахад, Тост, Тосонбумбын нуруунд олгосон лицензийн талбай нүүрсний нөөцтэй гэдэг боловч нутгийн ардууд нүүрсээс илүү газрын тос байх боломжтой хэмээн хэлэлцдэг юм билээ. Тэд ч үүнийгээ олон хувилбараар батлана. Тухайлбал, зун бороо орсны дараа газарт тогтсон усанд тос гүйж солонгорон харагддаг байна. Мөн зарим газраас хүрзэдэхэд тослон гэмээр шороо гардаг аж. Нөгөөтэйгүүр, монголчууд эрт дээр үеэс газар орныхоо байдлыг танин мэдэж нэр оноодог байсан. Ер нь алт гэсэн нэр орсон бараг бүх газар алтны нөөц байдаг. Үүнтэй адил тост гэж нэрлэсэн нь учиртай хэмээн ярьж байсан. Хожим нийслэлд ирсний дараа Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжавтай ярилцаж суух үедээ энэ тухай сонирхуулж асуухад “Анхааралдаа авч судлах шаардлагатай юм байна” хэмээн ихэд олзуурхаж байсан юм.

Г.Батзориг

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.