УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татахаар болсноо АТГ-аас албан ёсоор мэдэгдэв.
Энэ хүрээнд удахгүй эхлэх хаврын чуулганаар эдгээр зургаан гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, холбогдох газруудаар шалгаж эхлэнэ. Улмаар тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол байдгийнхаа баруун хаяаг бараадах тийшээ хандах болов уу. Гэхдээ эдгээр гишүүний дунд яах аргагүй анхаарал татаж буй хоёр эрхэм бий. Учир нь тэд 50 гаруй мянган сонгогчийг төрд төлөөлж, нэг тойргоос буюу Говь-Алтай аймгийн төлөөлөгчид юм. Хэрвээ тэдний гэм буруутай нотлогдвол дараагийн их сунгаа ямар “эзэнтэй”, аль бүлэглэлд ашигтай вэ.
Тэгвэл Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татсан нь ирэх сонгуульд зориулж, эл тойргийг суллах улс төрийн үйл ажиллагаа гэсэн байр суурийг зарим хүн илэрхийлсэн харагдана. Үгүйсгэж болохгүй өнцөг. Зүй нь тус аймагт намчирхал талцал дээд цэгтээ хүрч, хэзээний л хэрүүл тэмцлээрээ алдартай. Тэр ч утгаараа өнгөрсөн жилүүдэд өрсөлдөх чадвараараа сүүл мушгисаар өнөөдрийг хүрсэн.
Эл хоёр эрхмийн тухайд ч өнгөрсөнд тийм ч нэр цэвэр байсангүй. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нэгэн цагт намаасаа хүртэл хөөгдөхдөө тулж, улс төрд бас л шуугиулж явсан. Тухайн үед тэрбээр өөрөө намаасаа гарах өргөдлөө хүртэл өгч байв. Энэхүү асуудал түүнийг хууль зассан асуудалтай нэр холбогдсоноос үүдэлтэй. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хувьд, 2016 оны парламентын сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдон төрд орж ирсэн ч иргэд сонгогчдосоо олигтой үнэлгээ авч чадалгүй тойргоо сэлгэсэн гэдэг. Тэр ч утгаараа даруй тойргоо сольж, төрсөн нутгаасаа нэр дэвшин энэ парламентад сонгогдсон гэх. Тэрбээр парламент дахь тэргүүн баячуудын нэг гэдгийг амтай бүхэн ярьдаг, хэлдэг. Түүний мэдэлд “Говь-Алтай Мааньт” ХХК, “Мандал Хүдэр” ХХК, “Мишээл Экспо” ХХК, “Их Монгол Алтай Групп” ХХК, “Монгол Британийн хамтарсан Алтан Уул Интернейшнл” гэх компанид бичигддэг.
Ямартай ч тэдний гэм бурууг шүүхээр эцэслэж, дараагийн алхам нь хаашаа чиглэхийг харах л үлдэв шив…
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.