УЛСЫН АСРАМЖИНД БАЙГАА АХМАД НАСТНУУДАД ҮЗЛЭГ, АСАРГАА СУВИЛГАА ХИЙЛЭЭ

2023-02-7 Мэдээ мэдээлэл


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллалаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд энэхүү үндэсний төвийн 174 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, холголт цооролтоос сэргийлэх арга хэмжээг авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ.

Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлсийг гарын бэлэг болгон хүргэсэн юм. Ийнхүү ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа, БГД-ийн ХХҮХ захиргаа санхүү албаны дарга н.Өлзийсайхан нараар ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаа.

 

Зовлонт шөнө

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.