Мах уу, шөл үү

2023-01-26 Нийтлэл

-Мах уу, шөл үү 

С.Эрдэнэ үү, Лу.Гантөмөр үү-

Монголын улс төрд цагтаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж явсан ардчиллынхан өнөөдөр халуун тогоондоо утгаараа “сөрөг хүчин” болчихоод байна. Өнөөх улс төрийн намын бүртгэлийг албажуулах үүрэгтэй Дээд шүүх ч учир начирыг нь олж, хэн нь жинхэнэ дарга болохыг нь тогтоож чадахгүй “Өөрсдөө учраа олцгоо” гээд дунд нь хаячихав аа, хөөрхий.

Уг нь их сунгаанаас өмнө өвөр түрүүндээ багтвал хэдэн суудал зулгаах нь ойлгомжтой. Гэвч улаа үзсэн хон хэрээ шиг хэдэн талаасаа гуагачиж, зууралдаад мөд цэгцрэхгүй бололтой.

Өнөөдөр С.Эрдэнэ нь “Зарим хэсэг бүлэг нөхдүүд Ардчилсан намын нэрийг барьж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгаад намын даргын хувьд гүнээ харамсаж байна. Ардчилсан намын даргын зөвлөлөөр нийгэмд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж намын даргын сунгааг зохион байгуулах тушаал гаргасан” хэмээн мэдэгдлээ.

Тэгвэл энэ зүгт дахиад л намын даргын сунгаа болох нь. Тэгэх тэгэхдээ ялагч нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын даргын зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэдэг эл фракцынхан өөрийн хүнээ эл сунгаанаар нэгээр гаргана. Мөн тэднийг С.Баярцогтыг дэмжиж байсан том “баг”-ийнхан дэмнэх магадлалтай нь хэдхэн хоногийн өмнө болсон сунгаанаас ажиглагдана лээ. Харин эцэст нь нэг намын баруун, зүүн жигүүрээс сонгогдсон гэгдэх С.Эрдэнийн тавиул ялагч, Лу.Гантөмөр нарын намтар түүх Дээд шүүхэд дахиад л хаяглагдах нь гарцаагүй.

Лу.Гантөмөрийн тухайд гол хүч нь нутаг усныхан нь байв. Мөн үеийнхэн нь голдуу бүрдүүлдэг фракцынхныг нь дурдах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол дэмжлэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс ирсэн гэхэд болно.

Тэгэхээр эргэн саная. Хамгийн сүүлд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ хариуцлагаа үүрч огцорсон. Оронд нь Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч болсон. Дээд шүүх ч түүнийг бүртгэж авсан. Гэтэл 2021 оны нэгдүгээр сард Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Хууль дүрмээрээ бол тус нам даргагүй болсон гэсэн үг. Гэвч энэ явдлаас хойш АН-ын дарга гэж өөрсдийгөө нэрийдэх хүний тоо нэг бус нэлээдээр нэмэгдэх болов. Аан энэ зуур бас тэдэн рүү чиглэсэн улс төрийн тал талын хэрчээс ч байсан биз. Тэгж тэгж 2022 оны гуравдугаар сарын 31-нд нэг тогтоол гаргасан байдаг. Энэ нь тус намын үндсэн дүрэмд “…Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас харахад С.Эрдэнэд намын тамга байгаа гэх ч, Лу.Гантөмөрт тамга байхгүй, харин ҮБХ-ны гишүүд байна. Хамгийн гол нь намын дүрмээрээ бол ҮБХ намынхаа дотоод асуудлыг шийдэх болохоос намын даргаа сонгохгүй гэх. Тиймээс л талууд хэрэлдэж, Дээд шүүх гэдийгээд байна.

Эцэст нь хэлэхэд, нэг зуумтгай эрийн эсрэг “өмхийгөө тавьдаггүй” хоёр нөхөр үзэж дараад хэн нь ЯЛДАГ бол…

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.